Иргэний зориг ногоон нам Тайванын тусгаар тогтнолыг дэмждэг Азийн либерал, ардчиллын зөвлөлийн гишүүнээсээ татгалзжээ

Admin | 5 цагийн өмнө


    Иргэний зориг ногоон нам (ИЗНН) Азийн либерал, ардчиллын зөвлөлийн гишүүнчлэлээс татгалзаж буйгаа мэдэгдсэн мэдэгдлийг гаргасан байна. Тус мэдэгдэлд “ИЗНН нь Азийн либерал, ардчиллын зөвлөл (Council Of Asian Liberias and Democrats, цаашид CALD гэх)-ийн гишүүнчлэлээс татгалзах шийдвэр гаргаж буйгаа үүгээр мэдэгдэж байна. Энэхүү шийдвэрийг ИЗНН-ын Улс төрийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталсан болно. Бид бүс нутаг даяар ардчилал, либерал үнэт зүйлсийг сурталчлах CALD-ийн санаачилгад идэвхтэй оролцож ирсэн ч тус зөвлөлийн тэргүүлэх чиглэл болон ИЗНН-ын суурь үнэт зүйлсийн хооронд зөрүүтэй тал үүсэж байна.

Ногоон хөгжлийн үзэл баримтлалд тулгуурласан манай намын хувьд бид байгаль орчны тогтвортой байдал, экологийг хамгаалах, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих чиглэлээр тууштай ажиллаж байна. Эдгээр зарчмууд нь нийгмийн тогтвортой байдал, эрх тэгш ирээдүйн талаарх манай намын алсын хараанд гол байр суурь эзэлдэг. Тиймээс тус байгууллагаас гарах болсон шийдвэр нь бидний нөөц, хүчин чармайлтыг байгаль орчны эрхэм зорилгод нийцсэн санаачилга, түншлэлд илүү үр дүнтэй хамтран ажиллахаар зорьж буй чармайлтын илэрхийлэл юм. Бид илүү ногоон, тогтвортой ирээдүйн төлөөх үзэл баримтлалыг хуваалцдаг олон улсын байгууллага, эвслүүдтэй түншлэл байгуулснаар энэхүү зорилгодоо хүрнэ хэмээн үзэж байна. Мөн бид цаашид ардчиллын үнэт зүйл, зарчмуудыг дэмжсээр байх бөгөөд олон жилийн турш хамтран ажиллах боломж олгосон тус зөвлөлд болон түүний талархаж буйгаа илэрхийлье” гэжээ. Энэхүү мэдэгдэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Иргэний зориг ногоон намын дарга Б.Батбаатараас татгалзах болсон шалтгааныг нь тодрууллаа. Тэрбээр “Азийн либерал ардчилсан намуудын холбооны гишүүнчлэлээс ИЗНН өөрийн саналаар татгалзаж гарсан.

Энэ холбоо нь 6 улсын 9 намын бүрэлдэхүүнтэй. Энэ холбооны баримталж буй байр суурь, үйл ажиллагаа, явуулж буй бодлого нь манай улсын төрөөс баримталж буй гадаад бодлоготой нийцэхгүй байгаа. Бид Монгол Улсын улс төрийн нам юм. Энэ утгаараа улсынхаа төрөөс баримталж буй гадаад бодлоготой харшилдаж байгаа холбоонд гишүүнчлэлтэй байх нь зохисгүй бөгөөд муу үр дагавар авчирна гэж үзсэний үндсэн дээр гишүүнчлэлээс татгалзсан болно. Харин бид Дэлхийн либераль ардчилсан намуудын холбоонд гишүүнээр элссэн бөгөөд миний бие тус холбооны 64 дэх уулзалтад оролцож, орон тооны бус дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон” гэсэн мэдээлэл өглөө. Азийн либерал ардчилсан намуудын холбоо нь Тайваны улс төрийн нөхцөл байдлыг дэмжигч холбоо бөгөөд тус улстай холбоотой мэдэгдэл гарах бүрд ИЗНН-ын нэр давхар явдаг байсан учир тус холбооноос татгалзах үндэслэл болсон байна. Нөгөөтэйгүүр, Монгол Улс хөрш орнуудын талаар баримтлах гадаад бодлоготой бөгөөд аль нэг улсын тусгаар тогтнол, улс төрийн нөхцөл байдалд ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)