
Олон зуун жилийн түүхтэй уламжлалт мөсний шагайн харвааг сэргээн хөгжүүлэх, харваачдын залгамж үеийг бэлтгэх, олон нийтэд сурталчлан цаашид төгөлдөржин хөгжих үндэс, нөхцөлийг бий болгох зорилгоор анх удаа нийслэлийн мөсний шагай сонирхогчдын аварга шалгаруулах харваа тэмцээнийг НИТХ, НЗДТГ болон Монголын Үндэсний Мөсний шагайн холбоо хамтран зохион байгуулж байна. Тус тэмцээнд төвийн зургаан дүүргийн иргэд оролцох бөгөөд өнөөдөр Хан-Уул дүүргийн иргэд мэргэнээ сорилоо. Уг тэмцээн энэ сарын 22-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Тэмцээний зохион байгуулалтын талаар Монголын Үндэсний Мөсний шагайн холбооны дэд тэргүүн Б.Угтахбаяр “Тэмцээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 189 хорооны иргэд оролцож байгаа бөгөөд Туул, Дунд, Сэлбэ, Улиастайн гол дээр болно. Тодруулбал, баг тус бүр хоёр хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд 189 багийн 378 сонирхогч оролцож байгаа юм. Дүүрэг бүрээс оролцсон хамгийн өндөр оноотой таван баг энэ сарын 22-ны өдрийн 11:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох нийслэлийн мөсний шагай сонирхогчдын аварга шалгаруулах харваа тэмцээнд оролцон, аваргаа шалгаруулна” гэв.
Мөсний шагайн харвааны хөгжлийн талаар Монгол Улсын Үлэмж Дархан мэргэн Д.Ууганбаяр “Нууц товчоонд дурдсанчлан анх Чингис, Жамуха хоёр Онон голын мөсөн дээр шагай тоглож эхэлж байсан гэж ярьдаг. Түүнээс хойш 300 гаруй жилийн өмнө Архангай аймгийн Зая гэгээн энэ төрлийн наадгайг дэг журамд оруулж байсан түүхтэй. Ийнхүү өдгөө үндэсний үнэт өв, өвлийн спортын төрөл болтлоо хөгжиж чадсан. Мөсний шагай харвааны талбайг дэвжээ гэж нэрлэх бөгөөд дэвжээний өргөн 3-5 метр, урт 60-90 метр зайтай байдаг бөгөөд багт хуваагдан уламжлалын дагуу усны урсгал дагуу сум харвадаг. Уг спортоор хичээллэснээр цэвэр агаарт байхаас гадна дунджаар 20 шагайн сум тавихад 5-6 км алхсантай дүйцдэг. Мөн нүдний хараанд сайн зэрэг давуу талтай” гэлээ.
Тэмцээний оролцогч, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн Б.Батсайхан “Манай Архангай аймагт мөсөн шагайг эрт дээр үеэс тоглож эхэлсэн түүхтэй. Тэр ч утгаараа сонирхогчийн түвшинд өмнө нь нэг удаа шагай харваж байсан. Харин өнөөдөр анхны тэмцээнд өөрийгөө сорьж байна. Эл спортын төрөл нь идэр есийн хүйтэнд гол хөлдөхөөр болдог учир монгол эр хүний тэсвэр тэвчээрийг сорьдог онцлогтой” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэж дуус...
tentsver.mn | 12 минутын өмнө


УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчи...
tentsver.mn | 14 цагийн өмнө



Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 14,210....
tentsver.mn | 18 цагийн өмнө























Бөөрөлжүүтийн ЦС-ын II блокийг энэ оны 11 дүгээр сард ашигла...
tentsver.mn | 2025-02-10

