Худгийн лаг шаварт унаж, шигдсэн иргэнийг эсэн мэнд аварчээ

Admin | 2025-02-17


Цас шаварт суусан: Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Баянбулаг баг ‘‘Өвөрнамшир” гэдэг газар /аймгийн төвөөс урд  зүгт 34 км, сумын төвөөс зүүн зүгт 15 км/ аймгийн төвөөс Цагаан хайрхан сум руу зорчиж явсан иргэн Ж-гийн эзэмшлийн 4 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 10:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Land Cruiser” загварын автомашин 3 зорчигчтой, “Harrier” загварын автомашин 5 зорчигчтой, “Prado” загварын автомашин 5 зорчигчтой, “Land Cruiser” загварын автомашин 5 зорчигчтой, “Harrier”  загварын  автомашин 5 зорчигчтой, “Prado”  загварын  автомашин 4 зорчигчтой, нийт 27 иргэн, 6 суудлын автомашинтай тус тус цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.

Бусад төрлийн осол /ажиллагаа/: Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн “Хар нүдэн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км, Баяннуур сумын төвөөс зүүн хойд зүгт 17 км, Дашинчилэн сумын төвөөс зүүн хойд зүгт 47 км/ Худгийн шавар цэвэрлэхээр орсон 1 хүн лаг шаварт шигдэж хөдөлж чадахгүй болсон тухай дуудлагыг 02.15-ны өдрийн 17:15 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, Баяннуур сумын Тамгын газрын даргаар ахлуулсан иргэд, Цагдаагийн хэсэг, Эрүүл мэндийн төв, “Булган АЗЗА” ТӨХК-ийн нийт 30 гаруй хүн, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 1х1 метрийн харьцаатай /Ф1000/, 4 метрийн гүнтэй худгийн лаг шаварт биеийн бүсэлхий хэсэг хүртэл шигдсэн байсан иргэн Б/30 настай, эрэгтэй/-г 02.16-ны 15:40 цагт эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн. Эрүүл мэндийн төвөөс иргэний биеийн байдал тогтвортой, хэвийн гэж эргэн мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)