Шадар сайд Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Admin | 2025-02-17


Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзан, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр хоёр орны стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх, эдийн засаг, боловсрол, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудыг хэлэлцэв.

Элчин Сайд Фиона Блайт “Монгол компани анх удаа Лондонгийн хөрөнгийн бирж дээр бүртгэгдсэнийг онцолж, Монгол Улсын эдийн засгийн өсөлттэй уялдан манай улс худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх сонирхолтой байна" хэмээв. Тэрбээр Монголын эрчим хүчний шилжилт болон бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд хамтарч ажиллах, туршлагаа хуваалцах, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа мөн илэрхийллээ.

Түүнчлэн Монгол-Британийн дугуй ширээний 15 дугаар уулзалт тун удахгүй зохион байгуулагдана. Энэ удаагийн дугуй ширээний уулзалтын хүрээнд хэлэлцэх асуудлуудын талаар санал солилцлоо. 1963 онд дипломат харилцаа тогтоосон цагаас хойш Монгол, Их Британи хоёр улс 62 жилийн турш боловсрол, шинжлэх ухаан, соёл, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг олон салбарт үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)