Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан тэргүүтэй төлөөлөл БНХАУ-ын Дачин хотод ажиллав

Admin | 2025-02-18


   Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан тэргүүтэй УИХ-ын гишүүд болон Засгийн газрын холбогдох байгууллагуудын төлөөлөл 2025 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр БНХАУ-ын Дачин хотод ажиллав. Энэ үеэр төлөөлөгчид БНХАУ-ын “Дачин Ойлфийлд” компанийн ТУЗ-ын дарга Жу Гуо Вэнь, ерөнхий захирал Лю Фен Хэ, дэд захирал Фан Жүн Лин зэрэг тус компанийн удирдлагуудтай уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, санал солилцов.

Уулзалтын эхэнд талууд газрын тосны хайгуул судалгаа, ашиглалт, олборлолтын чиглэлээр амжилттай хамтран ажиллаж байгааг тэмдэглэж, хоёр талын хүчин чармайлтын үр дүнд хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хоёр улсын төр засгийн түвшинд зохион байгуулагдсан дээд хэмжээний уулзалтууд болон Засгийн газрын тэргүүн нарын түвшинд хийсэн уулзалтуудаар талууд ойлголтоо нэгтгэсэн, газрын тосны салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэхээр яриа хэлцэл идэвхтэй явагдаж байгааг онцлон тэмдэглэв. Энэ хүрээнд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ирэх онуудад олборлолтыг өсгөх хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийлэхийн хамт Монгол Улсад хэрэгжүүлж буй газрын тосны үйлдвэрийг түүхий эдээр хангах, хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлэх, нөөцийг өсгөх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахыг хүслээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг Дачин хотод хүрэлцэн ирж, компанийн үйл ажиллагаатай танилцаж буй нь Монгол Улсын засгийн газар манай салбарын хамтын ажиллагааг дэмжиж буйгийн тод илрэл гэж ТУЗ-ын дарга Жу Гуо Вэнь илэрхийлэв.

“Дачин ойл фийлд” компани 60 гаруй жилийн хөгжлийн түүхэндээ 2.5 тэрбум тонн газрын тосны олборлолт хийсэн бөгөөд үүнээс 9.8 сая тонныг Монгол Улсаас олборлоод байгаа. 2005 оноос Тамсагийн төсөлд нийт 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн төдийгүй Монгол Улсын төсөвт 1.1 сая ам.долларын орлого оруулаад буй гэдгийг онцоллоо. Түүнчлэн Дорнод аймгийн хөгжлийн сан болон орон нутгийн бүтээн байгуулалтын санд 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт оруулаад байгаа гэв.

“Дайчин ойл фийлд” компани БНХАУ-аас Монгол Улсад хийж буй хамгийн том хөрөнгө оруулагч компани бөгөөд хоёр орны найрсаг хамтын ажиллагааны томоохон илрэл юм. Иймд цаашид харилцаа хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх хүрээнд хичээл зүтгэл гарган ажиллах болно гэдгээ илэрхийлэв. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан тэргүүтэй төлөөлөгчид энэ өдөр Дачин хотын бүсд байрлаж буй газрын тосны Нэгдүгээр бүсийн дунд хэсгийн 16-р олборлолтын ил байгууламж, Дачин “Дайчин ойл фийлд” компаниийн хайгуул олборлолтын судалгааны хүрэлээнгийн дэргэдэх орд газрын 3-р шатлалын олборлолт судалгааны төв лабротори, Синхуогийн цахилгаан станц, 3-р газрын тосны үйлдвэрийн 8-р талбайн дижитал нэгдсэн үйлдвэрлэлийн удирдлагын төвөөр зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)