Алба хаагчид ажиллангаа Нагоягийн их сургуульд алсын зайнаас суралцах боломжтой

Admin | 2025-02-21


    Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг өнөөдөр Япон Улсын Нагоягийн Их Сургуулийн профессор Таникава Хироки болон Марианнэ Перез нартай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр хурандаа Ц.Уранчимэг нийгэм, эдийн засаг, байгаль орчин, гамшгаас хамгаалах салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажилладагт Нагоягийн Их сургуулийн хамт олонд талархал илэрхийлэв.

Мөн таван жилийн хугацаанд Нагоягийн Их сургуультай хамтран Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын дэмжлэгтэйгээр Ховд аймагт хэрэгжүүлсэн “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр иргэд, орон нутгийг чадавхжуулах төсөл”, Боловсролын яам, Монгол Улсын их сургууль болон Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-геоэкологийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлэх тус төслийн II шат болох “Монгол Улс дахь гамшгийн эрсдэлийг бууруулах олон нийтийн тогтвортой үйл ажиллагаа, боловсрол төсөл”-ийн талаар санал солилцов.

Профессор Таникава Хироки Онцгой байдлын албаны алба хаагчдыг алсын зайнаас Нагоягийн их сургуулийн Азийн хиймэл дагуулуудын кампусын хүрээлэнгийн хөтөлбөрт хамрагдаж, гамшгийн эрсдэлийг бууруулах, дэлхий ба байгаль орчны шинжлэх ухаан, байгаль орчны инженеринг болон архитектур, хүн ба нийгмийн орчин сэдвүүдээр мэргэшиж судалгаа хийх, суралцах, эрдмийн зэрэг хамгаалах боломжийн талаар танилцууллаа.

Нагоягийн Их сургуулиас Монгол Улсын төрийн албан хаагчдын хүний нөөцийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлэн хууль эрхзүй, боловсрол, эрүүл мэнд болон хүрээлэн буй орчны чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдэд ажиллангаа суралцаж, судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэн докторын зэрэг хамгаалах боломж хүн бүрд нээлттэйг дуулгасан юм. Тус хөтөлбөрөөр алба хаагчид гурван жилийн хугацаанд докторын хөтөлбөрт алсын зайнаас суралцах бөгөөд гол шалгуур нь Англи/Япон хэлний ахисан түвшний мэдлэгтэй, мэргэжлээрээ ажилласан туршлагатай, байгаль орчин, хүрээлэн буй орчны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан байх юм.

Хөтөлбөрийн давуу тал нь ажиллангаа эрдмийн ажлаа хийх боломжтойгоос гадна элсэлтийн, сургалтын төлбөрийг тус их сургуулиас бүрэн даах юм. Холбогдох мэдээллийг https://www.env.nagoya-u.ac.jp/english/index.html цахим хаягаас авах боломжтой. Докторын зэрэг горилох сургалтын хүсэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ээс 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл авах юм байна.

Түүнчлэн хурандаа Ц.Уранчимэг гамшиг судлалын чиглэлээр хамтарсан эрдэм шинжилгээний судалгаа шинжилгээ хийх, ГСҮХ-ийн болон тус их сургуулийн судлаачдыг хамтран ажиллахад дэмжлэг үзүүлж, хамтарсан судалгааны баг гаргах, судалгааны үр дүн, мэдээлэл солилцох, хамтран ажиллах хүсэлтэй байгааг илэрхийлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)