Дасгалжуулагч Э.МӨНХ-ОРГИЛ: "Хараагийн харцага" багтай гэрээ байгуулж лигийн тоглолтод анхны хөгжөөн дэмжигчдийн охидын баг бүжиглэж байлаа

Admin | 2022-02-14


ҮБТДС-н Аэробик гимнастикийн багш ОУХМастер ОУХШүүгч, “Монголын спорт сонирхогчдын хөгжөөн дэмжигч холбоо”-г үүсгэн байгуулагч Э.Мөнх-Оргилтой ярилцлаа. Аэробик, хөгжөөн дэмжигчдийн бүжиг зэрэг нь манай улсад төдийлөн хөгжөөгүй спортын төрөл хэдий ч "Light cheer" баг Оюутны улсын аваргын хоёр удаагийн аварга, 2019 оны Ази тивийн Оюутны аваргын тэмцээнээс хоёр хүрэл, 2021 оны тэмцээнээс нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлээд байна.

-Монголын хөгжөөн дэмжигч тамирчдын холбоо 2011 онд ICU-н 100 дахь гишүүнээр элссэн байдаг. Танай багийн хувьд хэзээнээс элссэн бэ?

-Манай холбоо 2015 оны тавдугаар сарын 18-нд “Монголын спорт сонирхогчдын  хөгжөөн дэмжигчдийн холбоо” нэртэй анх байгуулагдаж олон улсын ICU холбоонд бүртгүүлэх тал дээр ажиллаж, судалж үзсэн. Бүртгүүлэх судалгаа хийж байх үед манай улсаас бүртгэл үүсээгүй харагдаж байсан ч ШУТИС-ийн "Шаркис" багийн хөгжөөн дэмжигчдийн "Галт шувуу" гэх нэртэй бүжгийн баг бүртгүүлснийг сүүлд мэдсэн. Бидний хувьд багаасаа спортоор хичээллэж өөрсдийн гэсэн ур чадвар туршлагатай баг байсан. Тиймдээ ч тухайн үеийн сагсан бөмбөгийн лигийн аварга баг "Харцага" багтай хамтрах гэрээ байгуулж лигийн тоглолтод анхны хөгжөөн дэмжигчдийн охидын багийг үүсгэн байгуулж оролцож байсан.

-Өнгөрсөн хугацаанд үзүүлсэн онцлох амжилтуудаасаа сонирхуулахгүй юу?

-Бид гимнастикийн спортын нэг төрөл болох аэробик гимнастикийн тамирчид. 2003 онд олон улсын аэробикийн тэмцээнээс анхны медалийг миний бие авч байсан. Үүнээс хойш ази тивийн мөнгө, хүрэл медаль хүртсэн. Мөн олон улсын тэмцээний алт, дэлхийн аваргын шилдэг 6 багийн нэгээр шалгарч байсан. Одоогоор 10 гаруй удаа улсын аварга багаар шалгарч оны шилдэг тамирчин, дасгалжуулагчаар шалгараад байна. Харин хөгжөөн дэмжигчдийн спортын хувьд оюутны улсын аваргын хоёр удаагийн аварга, 2019 оны Ази тивийн оюутны аваргын тэмцээнээс хоёр хүрэл, 2021 оны тэмцээнээс нэг мөнгө, хоёр хүрэл медаль авсан амжилттай явж байна.

-Хөгжөөн дэмжигчдийн спорт нь дотроо Performance Cheer буюу бүжгийн төрөл,Team Cheer буюу акробат хүнд үзүүлбэрийн төрөл гэсэн 2 хэсэгт хуваагддаг юм билээ. Манайд аль төрөл нь илүү хөгжиж байна вэ?

-Мэдээж "Performance Cheer" төрөл  Монголд илүү хөгжиж байна. Учир нь энэ төрөл нь бүжиг талдаа мөн хүнд акробатик хийдэггүй анхан суурь учир дөнгөж энэ төрлийг хийж сурч, судалж байна.

-Бэлтгэл сургуулилтаа хэрхэн хийдэг вэ?

-Бэлтгэлээ өдөр бүр хийхийг хичээдэг. Өдөрт 3-4 цагийн бэлтгэл хийдэг. Ихэнхдээ аэробикийн бэлтгэл хийж байна.

-Чирлидэнг 2021 оны  Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээн анх удаа цахимаар болсон санагдаж байна?

-Тиймээ бидэнд маш том туршлага болсон. Чирлидэнгээс гадна аэробикийн цахим тэмцээнд оролцож байсан. Мөн Монголдоо өөрсдөө цахимаар тэмцээн зохион байгуулж байсан болохоор илүү давуу тал болсон.

-Цагирган дээрх үзүүлбэр маш их ур чадвар шаардагддаг харагдсан. Нэг үзүүлбэрийг хэр хугацаанд бэлдэж сурдаг вэ?

-Тус үзүүлбэрийг сурахад маш их хөдөлмөр, цаг хугацаа хэрэгтэй. Сурч буй хүнээс мэдрэмж болон зориг шаарддаг. Ихэнхдээ 2-3 жилийн дараа л үсэрч, тохож сурч байна.

-Энэ төрлийн спортоор хичээллэхэд насны хязгаар бий юу?

-Ахлах ангийн хүүхдүүдээс эхэлж насны хязгаараа тогтоодог. Мөн тодорхой хэмжээний биеийн жингийн хязгаар тогтоодог. 

-Таны хувьд Монголд аэробик гимнастикийн спортыг цааш хөгжүүлэхэд тулгарах саад бэрхшээл бий юу?

-Анх хүмүүс мэдэхгүй, дэмжихгүй гэх тодорхой шалтгаанаас үүдэлтэй саад бэрхшээлүүд тулгардаг байсан. Харин одоо хүмүүс дасгал хөдөлгөөн хэрэгтэйг ойлгож гимнастикаар хичээллэж хүүхдүүдийнхээ бие бялдрын хөгжилд анхаардаг болсон байна. Монголд энэ төрлийн спортыг цааш хөгжүүлэхэд хүмүүсийн дэмжлэг их хэрэгтэй. Мөн заал танхим сургалт их байвал одоо байгаагаасаа илүү хөгжих боломжтой.

-Бүх спортын үндэс суурь нь гимнастикийн спорт гэдэг. Энэ төрлөөр хичээллэхийн давуу тал нь юу вэ?

-Гимнастик гэдэг үг нь өөрөө дасгал хөдөлгөөн хийх гэсэн үгийн утга. Тэгэхээр биеийн чадварыг өндөр зэрэгт хөгжүүлдэг учир бүхий л спортын суурь болдог юм. Хүүхдүүд цэцэрлэгээсээ эхлээд л гимнастикийн дасгал хийж баруун зүүнээ ойлгон, номхон зогсож алхах гүйхээ сурдаг. Энэ нь цаашлаад хүнд төвөгтэй дасгал хөдөлгөөн рүү шилжиж зарим нэг дасгалын төрлүүдэд дүрэм журам гарган   уралдаан тэмцээний төрөл болтлоо хөгжиж байна. Дасгал хөдөлгөөнөөр хүн өөрийгөө нээж түүгээр хүмүүжин илүү эрүүл чийрэг биетэй болдог. Эрүүл чийрэг бие сайхан амьдралын үндэс шүү дээ.

А.Мөнхнаран

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)