Бодибилдингийн Азийн аварга Г. УУГАНЧИМЭГ: Бикини ангилал тайзны, дэгжин, өв тэгш биеийн хөгжилтэй байхыг шаарддаг

Admin | 2022-09-13


Бодибилдингийн Азийн аварга, Хар ирвэс клубын тамирчин Г. Ууганчимэгтэй ярилцлаа. Тэрбээр, энэ сарын 5-нд Киргиз улсын нийслэл Бишкек хотод болсон Азийн аварга шалгаруулах бодибилдингийн тэмцээнээс алтан медаль хүртсэн юм.

-Азийн аваргын тэмцээнээс алтан медаль авсан сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Манай улсаас хэчнээн тамирчин оролцсон бэ?

-Бодибилдингийн төрлөөр Азийн аварга болж эх орныхоо төрийн дууллыг, төрийнхөө далбааг мандуулаад зогсох сэтгэл хөдөлгөм мөч байсан. Мөн миний эцгийн нэр гарч Ганбаатарын Ууганчимэг гэж дуудуулахад маш гоё мэдрэмж төрж байлаа. Энэ жилийн Азийн аварга Киргизстан улсад болж манай улсаас 20 орчим тамирчин оролцож, өөрсдийнхөө хэмжээнд маш сайн оролцсон.

4 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

-Азийн аварга болсон мэдээг гэрийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Азийн аварга болоход гэр бүлийнхэн маш их баярласан.Ээж минь намайг хамгийн их дэмждэг. Аав минь байхгүй болсон ч намайг тайзан дээр байхад тэнгэрээс хараад дэмжээд байгаа юм шиг санагддаг. Миний гартаа байнга зүүж явдаг зэсэн бугуйвч байдаг.  Хүмүүс тэр бугуйвчийг хараад яагаад зүүгээд байдаг юм бэ гэж асуудаг. Энэ зэсэн бугуйвч миний аавынх. Том шигтгээтэй бугуйвч зүүж байгаа ч гэсэн энэ бугуйвчаа зүүхээр аав маань хамт байгаад, дэмжээд байдаг юм шиг санагддаг. Гэр бүлийнхэндээ, ээждээ, ах дүү хамаатан садандаа байнга дэмждэгт баярлалаа. Намайг хэзээ ч хорьж байгаагүй. “Өөрийнхөө хүссэн зүйлийг хийгээрэй. Чи өөрөө л хүсэж байвал чи чадна” гэж хэлдэг. Мөн Ш. Амарсайхан багшдаа маш их баярлалаа гэж хэлье.

-Бусад орны бодибилдингийн тамирчдаас туршлага хуримтлуулав уу?

-Азийн аваргын тэмцээнд маш их тамирчин оролцсон. Тайзны спорт гэдэг утгаараа зөвхөн бие биш гадна төрх байдал чухал, тайзан дээрх биеэ авч яваа байдал болон зогсолтоо яаж авч байгаа зэргийг нэг бүрчлэн анхаарах хэрэгтэйг ойлгосон. Мөн ПРО тамирчдаас үлгэр жишээ авч нүд онгойно гэдэг шиг л маш их зүйлийг сурч авсан. Бид зөвхөн Монголоороо хязгаарлагдахгүй гадаадын өшөө олон тэмцээнүүдэд алгасахгүй явж байж бидний чанар чансаа дээшлэх юм байна гэдгийг ойлгож авлаа.  Монголчууд өмнө нь бодибилдингийн Азийн аваргад олуулаа явж байгаагүй юм билээ. Энэ жилийн хувьд олноороо коллектив сайтай явсан. ПРО тамирчдаас тэдний гаднах үзэмж, бие болон сэтгэл зүй зэргийг нь харж биширч яваад ирлээ.

-Азийн аваргын тэмцээнд явахаас өмнө улсын аваргын тэмцээнд чамгүй сайн амжилт үзүүлсэн шүү дээ?

- Анх Улсын аваргын тэмцээнд ороод эхний хоёр тэмцээнээсээ мултарсан.  Үүнээсээ хичээх ёстой юм байна гэж ойлгоод оюутны аварга болон хотын аваргын тэмцээндээ түрүүлээд “Үнэмлэхүй аварга” болсон. Улсын аваргын тэмцээндээ хоёр ангилалд орж нэг алт, нэг мөнгөн медаль авсан. Энэ амжилтаараа Азийн аваргад явах боломж бүрдсэн. Улсын аваргын тэмцээнээсээ залгуулаад Азийн аваргын тэмцээний бэлтгэлдээ орж эхэлсэн. Азийн аваргад бикини жуниор, бикини G-172 хүртэл гэсэн ангилалд орсон.

-Волейболын спортоор хичээллэдэг байсан гэсэн шүү дээ. Энэ нь бодибилдингийн спортоор хичээллэхэд нөлөөлсөн үү?  

-Би арван жилд байхдаа волейбол тоглодог байсан. Багаасаа спортлог хүүхэд байсан болохоор яагаад ч юм спорттой холбоотой байдаг. Бодибилдингийн спортоор хичээллээд нийт дөрвөн жил болж байна. Анх фитнест явж эхлэхдээ тамирчин гэдэг утгаар яваагүй. Фитнест явж эхлэх үед багш маань “хэрвээ чи энэ чиглэлээр хичээллэвэл илүү амжилт үзүүлэхэд дөхөм юм байна” гэж хэлсэн. Тэгээд бодибилдинг фитнесийн “бикини” ангиллаар хичээллэж эхэлсэн.

1 хүн, зогсож байгаа, автомашин ба гадаа нарын зураг байж магад

-Тамирчин хүнд сэтгэл зүй чухал нөлөө үзүүлдэг гэдэг. Том тэмцээнүүддээ орохын өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?

-Бэлтгэл хийхээр нойр хүрэхгүй, нүүрс усаа маш бага хэмжээтэй авдаг, нойр муутай бэлтгэл дээрээ ирнэ, ядарна. Бэлтгэлээ хийж чадахгүй өөртөө гомдоно. Хааяа бэлтгэл дээрээ ирээд нулимс дуслуулах үе байдаг. Хүмүүсийн хажууд бас багшийнхаа хажууд нулимсаа үзүүлэхгүйн тулд ариун цэврийн өрөө орж өөрийнхөө сэтгэл зүйг засаад зүгээр болчхоод бэлтгэлдээ орох тохиолдол ч цөөнгүй. Бодибилдингийн спорт маш хэцүү, бэлтгэлээ хийнэ, сэтгэл зүй тогтворгүй байдаг. Тэр бүхнийг даван туулна. Тамирчин хүн гэдэг бол бие болон сэтгэл зүйн хувьд өндөр түвшинд бэлтгэгдсэн хүнийг хэлнэ. Дан ганц биеэ гоё байлгаад хангалтгүй. Сэтгэл зүйгээр өндөр түвшинд бэлтгэгдсэн байх ёстой. Тайзан дээр гарахдаа “би аль хэдийнэ түрүүлчихсэн” гэж өөртөө итгэлтэй гарах ёстой.

- Бикини ангилал бусад спортын ангиллуудаас юугаараа онцлог вэ?

-“Бикини” ангилал хамгийн эмэгтэйлэг ангилал. Мөн их хүн оролцдог, маш их өрсөлдөөнтэй болдог. Илүү тайзны, ганган дэгжин, өв тэгш биеийн хөгжилтэй байх ёстой. Манай бодибилдингийн спорт бол илүү тайзны, өөрийгөө ялан дийлэх, удаан хугацаанд бэлтгэл хийдэг, хоолны дэглэм барьдаг төрөл. Хоолны дэглэм барих их хэцүү. Тэмцээний үеэр хатуу хоолны дэглэм барих нь бэлтгэлээсээ илүү хэцүү байдаг.

-Спортоор хичээллэхэд юу хамгийн чухал вэ?

-Спортоор хичээллэхэд ар гэрийн дэмжлэг маш чухал. Хэчнээн хичээгээд байдаг, гэр бүлийнхэн нь дэмжихгүй бол амжилт гаргахад хэцүү. Аль ч спортод хажууд нь байгаа хүмүүс нь дэмжиж байж л илүү амжилт гаргана.

-Ойрын хугацаанд ямар тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хийж байна?

-Ирэх аравдугаар сарын 17-нд “Дэлхийн эмэгтэйчүүдийн аварга” Өмнөд Солонгос улсад болно. Тийшээ явах төлөвлөгөөтэй байна. Дэлхий аварга гэдэг бол маш том зүйл. Өөрийн чадах хэмжээгээр оролцож амжилт гаргахын төлөө хичээнэ.

 -Олон улсын тэмцээнд явахад санхүүгээ яаж зохицуулсан бэ. Хүндрэлтэй зүйл байв уу?

-Манай тамирчид санхүүгээ бүгд өөрсдөөсөө гаргасан. Энэ жилийн Азийн аварга Киргиз улсын Бишкек хотод болсон учраас өртөг харьцангуй гайгүй гарлаа. Дараа дараагийн тэмцээнүүд Европ, Солонгос руу явбал өртөг өндөр гарна. Тэр бүхнийг байнгын өөрсдөөсөө гаргаад явна гэвэл хүндрэлтэй. Манай монголчууд бөх болон бусад спортын тамирчдаа сайн ивээн тэтгэдэг. Бид ч бас адилхан монголчууд, адилхан л спортоор хичээллэж эх орныхоо нэрийг олон улсад гаргаж, төрийнхөө далбааг мандуулж байгаа учир аль болох бүх тамирчдаа ижил дэмждэг байгаасай.

5 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

1 хүн, зогсож байгаа, өндөр өсгийтэй гутал, дотор ба "6.26-ны 15:00 цагт эсте-нд болно. лдинг, фитнессийн улсын арарга шалгаруулах нголын истер 022 ã ицэен хион байгуулагч: динг, фитнессийн нагдсэн холбоо ss FIT'SAVENE эрч спорт Xo галбын хучтэн JES 0 Selbe club NAADAM NAADA "од" фитн" гэсэн бичвэр нарын зураг байж магад

1 хүн ба зогсож байгаа нарын зураг байж магад

А.МӨНХНАРАН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)