САЛЬМА ХАЙЕК: Бяцхан охины айдас, гэнэн зангүйгээр би амжилтад хүрэхгүй байсан

Admin | 2023-09-13


Мексик гаралтай Холливудын жүжигчин Сальма Хайек энэ жил 57 нас хүрэх ч үзэсгэлэнтэй хэвээр. 1989 онд хамгийн анх “Тереза” кинонд Терезагийн дүрд тоглож байсан тэрбээр түүнээс хойш 60 гаруй дэлгэцийн бүтээлд нэрээ мөнхөлсөн. Сүүлийн үед гэхэд 2021 онд “The Hitman's Wife's Bodyguard”, “Eternals”, “House of Gucci”, 2022 онд “Puss in Boots: The Last Wish” кинонд тус тус тогложээ. Түүний ярилцлагыг хүргэж байна.  

- Сүүлийн жилүүдэд та кинонд идэвхтэй тоглож, ихэвчлэн продюсерээр ажиллаж байна. Энэ юутай холбоотой вэ?

-Надад өмнөхөөсөө илүү олон сонголт байгаа юм шиг санагддаг. Дэлхий өөрчлөгдөж, өнгөрсөн хугацаанд бууж өгөөгүй маань намайг энэ шинэ эрин үед хөл дээрээ тогтоход, эрэлттэй байхад тусалсан. Одоо би үнэхээр шаргуу ажиллаж байгаа бөгөөд энэ нь надад маш их таашаал авчирдаг. Би бүтээлч байж, ямар нэг зүйлд байнга яарч, тэмүүлнэ. Үргэлж олон санаа төрж, энэ нь намайг сэрүүн байлгана. Би энэ амьдралд чин сэтгэлээсээ хайртай, шинэ өнцөг олох дуртай.

Манай “Ventanarosa” продакшны хувьд одоо сайхан цаг ирлээ. Миний хамтрагч Хосе Тамез бид хоёр Латин Америкийн үзэгчдэд зориулсан контент бүтээсэн анхны хүмүүсийн нэг байсан. Гэхдээ бидний санаа бүтэлгүйтсэн гэж хэнээс ч сонсоогүй. Эцэст нь бидний мөрөөдөж байсан зүйл биелж, бид анхдагчид болж чадсан.   

-“Netflix” дээр гарсан “The Monarch” цувралыг продюсерийн хувьд яагаад сонирхож байсан бэ?

-Олон улсын киноны зах зээлд Латин Америкийн үзэгчдийн ач холбогдлыг ойлгож эхэлсэнд баяртай байдаг. Хэзээ нэгэн цагт бид текила үйлдвэрлэдэг Мексикийн гэр бүлийн тухай үлгэрийн продюсероор ажиллах боломжтой болсон. Үндэсний ундаа болох текилад би дуртай. Энэ нь ургамлын гаралтай бөгөөд буруу хэрэглэхгүй бол бүр ашиг тустай. Кино зохиолын ажил, жүжигчдийн сонголтод оролцсондоо маш их баяртай байсан.  

-Өөр нэг төсөлд, “House of Gucci”-д та Патрицигийн найз охин Пина Ауриеммагийн дүрд тоглосон. Энэ бол хүн амины хэрэг зохион байгуулахад тусалсан хэргээр шийтгэгдсэн зөн билэгч юм?

-Ридли Скот миний сайн найз. Харин түүний эхнэр, миний дотны найз Жианнина Маурицио Гуччигийн аллагын тухай киноны продюсер. Ридли ямар дажгүй болохыг хүн бүр мэддэг болохоор намайг ямар нэг зүйлээр гайхшруулахад хэцүү байсан ч түүнтэй ажиллах нь хэчнээн хөгжилтэй болохыг би төсөөлөөгүй. Маш их чөлөөтэй, нарийн ширийн бүх зүйлийг байнга анхаарч, мэдрэмжтэй ажилладаг.    

-Та энэ дүрд тоглохын тулд жин нэмсэн?

-Энэ нь мөрөөдлөө биелүүлэхтэй төстэй. Ром хотод зураг авалт хийж байхад бүдүүн харагдах тусам дүрдээ илүү ойр байв. “Би дахиад гоймон авна” хэмээн нүүрэндээ инээмсэглэл тодруулан ресторанд захиалга өгсөн гэж тангараглая. Би гоймонд дуртай. Ийм зүйл байх ёстой.  

-“Санта Эвита” цувралыг хэрхэн хийхээр шийдсэн тухайгаа яриач?

- Энэ бол Томас Элой Мартинезийн уран зөгнөлт номноос сэдэвлэсэн цуврал юм. Нөхөр нь Эвитаг нас барсны дараа занданшуулсанаас хойш 15 жилийн турш биед нь юу тохиолдсон тухай өгүүлдэг. Цогцос алга болж, дараа нь өөр газарт шинээр гараад ирнэ. Эрэгтэйчүүд эмэгтэй хүний ​​биед ямар их автдаг тухай энэ номд бичсэн юм шиг санагдлаа. Энэхүү номонд хүслээ илэрхийлэх гайхалтай бөгөөд маш хачирхалтай арга зам, өөр олон сонирхол, нууц, үнэхээр итгэмээргүй баримтуудыг дүрсэлсэн болно. Энэ төсөл дээр би зөвхөн продюсерээр ажилладаг.

-“The Eternals” кинонд та зөвхөн жүжигчний дүрд оролцсон?

-Продюсерээр ажиллахыг хүсч байсан. Би олон арван “Eternals”-ын зөвхөн нэг нь. Би тэднийг тусгай даалгавараар энэ гараг руу авчирдаг удирдагчийн дүрд тоглодог. Хлой Жао гэдэг гайхалтай продюсер ажилласан. Түүний “Нүүдэлчдийн орон” кино нь надад маш их таалагдсан (уг кино 2021 онд хоёр “Оскар” хүртсэн). Нэг хүн ийм олон төрлийн кино хийж чаддаг нь гайхалтай. Хлойгийн анхны кинонууд нь бага төсөвтэй байсан ч тэрбээр “Марвел”-ийн бүх ертөнцийн хооронд хялбархан шилждэг. “The Eternals” киног үзэхэд та тэдний өвөрмөц уур амьсгалыг мэдрэх болно. Би Хлойд миний дүрийг “Марвел”-ийн кинонуудын уламжлалт удирдагч биш, мөнхийн ээжийг орлох зөвлөгч болгохыг санал болгосон. Энэ бол зүгээр л мөрөөдлийн ажил, ялангуяа энэ кинонд тоглосны ачаар би олон шинэ найз нөхөдтэй болсон.

-Холливудыг байлдан дагуулахаар зорьж ирсэн бяцхан Мексик охинд, өөрийнхөө өсвөр насандаа юуг зөвлөх вэ?  

-Хэрэв намайг 54 настайдаа “Марвел”-ийн кинонд супер баатрын дүрд тоглоно гэж хэлсэн бол би хэзээ ч итгэхгүй байсан. Би карьераа амжилттай хийнэ гэж найдаж байсан ч ийм зүйл хүлээж байгаагүй. Тийм ээ, тэр бяцхан охины айдас, гэнэн зангүйгээр би амжилтад хүрэхгүй байх байсан. Тийм болохоор санамсаргүй тааралдвал түүнд нэг их юм хэлэхгүй. Үнэхээр ч заримдаа бидний мунхаг, гэнэн зан нь харанхуй руу үсрэн орж, мөрөөдөж ч байгаагүй газраа олох боломжийг олгодог.

-Та хэдий 56 нас хүрсэн ч гайхалтай үзэсгэлэнтэй харагддаг. Ихэнх бүсгүйчүүд нас нэмэхээс айдаг?

-Нуулгүй хэлэхэд би ч гэсэн нас нэмэхээс үхтлээ айдаг. Хэдэн жилийн өмнө 55 нас хүрэхээс их айдаг байлаа.

-Та кино урлагт хүчин зүтгээд 35 жил болжээ. Энэ их хугацааг өнгөрүүлэхэд амаргүй байсан байх?

-Тиймээ би их залуугаараа энэ салбарт орсон. Өнгөрсөн хугацаанд олон сайхан дүрийг амилууллаа. Хүмүүс кино урлагийг амархан хэмээн буруу ойлгодог. Үнэнийг хэлэхэд кино урлаг гэх салбар хатуу чанга, яг л дайны талбар шиг. Уран бүтээлч болсон өдрөөсөө чи ямар ч амралтгүй цагийн хуваарьтай болно. Хэрвээ дүр авбал чи хувийн амьдралаасаа хэсэг хугацаанд сална гэсэн үг. 35 жил энэ салбар дотор амьдралаа. Тиймээ амаргүй олон өдрүүдийг ардаа үлдээлээ. Би жүжигчин болохыг их хүсдэг байсан учир зорилгоосоо буцахыг хүсээгүй.

-Таны бүтээсэн сод дүрүүдийн нэг бол Фрида. Дүрийг бүтээхэд хэцүү байсан уу?

-Энэ бүсгүй бол бодит. Мэдээж бүтээж байсан дүрүүдээс хамгийн хүнд бас сэтгэлийн тэнхээ шаардсан дүр байсан. Зөвхөн энэ бүсгүйг судлах ажилд би 2-3 сарыг зарцуулсан. Нэг хэсэг энэ бүсгүйгээр өвчилсөн гэхэд болно.

М.Хүслэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)