С.МӨНГӨНЧИМЭГ: Үр дүнд суурилсан төсөв нь дунд хугацааны төсөвлөлттэй салшгүй холбоотой

Admin | 2024-03-27


  Европын холбооны санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл, Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб хамтран “Үр дүнд суурилсан төсөвлөлт ба төлөвлөлт” сэдэвт  сургалт-өдөрлөгийг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын дунд зохион байгуулсан юм. Энэ үеэр “Төсвийн тухай ярилцъя” хэлэлцүүлгийг өрнүүлэв. 

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, судлаач Н.Энхбаяр, “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн зөвлөх С.Сүхдэлгэр, Eagle телевизийн тоймч Г.Байгал нар оролцсон юм. 

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг “Төсөв бол улс орны нийгэм, эдийн засгийн зорилгыг хэрэгжүүлэх хэрэгсэл нь болдог учраас  хөгжлийн бодлоготойгоо нягт уялдаатай байх шаардлагатай. Гэхдээ төсөв өөрөө улс орны эдийн засгийн чадавхын илэрхийлэл учраас  тодорхой хугацаанд бодлогын зорилгыг хэрэгжүүлэх арга хэмжээнд хэдий хэмжээний эх үүсвэр нэмэлтээр хуваарилах чадамжтай вэ гэдгээр хэмжигддэг. Энэ хугацаа нь өөр хоорондоо харилцан адилгүй, нэг жилд, гурван жилд, таван жилд эсхүл түүнээс дээш урт хугацаа буюу 10-аас дээш жил гэх мэт. Монгол Улсын хөгжлийн бодлогын цар хүрээ, агуулга, эрэмбэ эрх зүйн хүрээнд баталгаажсан. Эндээс харахад хөгжлийн бодлого логик хүрээний хувьд системтэй ойлгомжтой харагддаг.  Харин төсвийн бодлого нь хөгжлийн бодлогоо дэмжиж чадаж байна уу гэдэг дээр бид нэлээд ач холбогдол өгч анхаарах шаардлагатай болж байгаа нь өнөөдрийн бидний хэлэлцэж байгаа “Үр дүнд чиглэсэн төсөвлөлт” гэдэг сэдэв дээр төвлөрөх учиртай. Өнөөдрийг хүртэл бид уламжлалт төсөвлөлт буюу зардлын зүйл заалтаар нэг жилийн төсөв төлөвлөн санхүүжүүлж байна. Энэ нь төсвийн сахилга бат, хяналтыг сайжруулдаг сайн талтай боловч “үр дүн” гэдэг зүйлийг сул анхаарах муу талтай байдаг. Тиймээс бид уламжлалт хандлагаа өөрчилж хөгжлийн бодлогоо дэмжих чиглэлд явах нь зүйтэй гэж үзэн төсвийн шинэчлэлийг алхам алхмаар эхлүүлээд явж байна.  Шинэчлэлийг улс орны хэмжээнд нэг мөр хийх үү, эсхүл үе шаттайгаар аажим хийх үү гэдэг нь  хүний нөөцийн чадавх, институцын тогтолцоо, улс төрийн манлайллаас ихээхэн шалтгаална. Аливаа “Үр дүн” буюу  тодорхой “өөрчлөлт” нь нэгээс дээш жил, доод тал нь гурван жилийн дараа харагддаг. Тиймээс үр дүнд суурилсан төсөв нь дунд хугацааны төсөвлөлттэй салшгүй холбоотой байдаг” гэв. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)