ХЗБХ: "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв

Admin | 2022-01-17


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.01.18) хуралдаан 09 цаг 35 минутад ирц бүрдсэнээр эхэлж, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлс, нэмэгдлийн тухай/-ийг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Тус байнгын хороо 2022.12.28-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авах үеэр гишүүдээс Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн  93 дугаар зүйлийн 93.1-д Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хууль тогтоомжид заасан болон хууль хэрэгжүүлэхтэй холбоотой аливаа зохион байгуулалтын шинжтэй асуудлын талаар хариуцсан байгууллага, эрх бүхий албан тушаалтан саналаа ирүүлсэн бол  холбогдох байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж, санал, дүгнэлтээ шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулахаар заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн саналыг авсны дараа хэлэлцэх горимын санал гаргаж, хэлэлцэхийг хойшлуулаад байсан юм. Хууль зүйн байнгын хорооноос Төрийн албаны зөвлөл рүү албан бичиг явуулж, хариу нь 2022.01.03-нд иржээ.

Байнгын хорооны хуралдаанд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Мягмарцэрэн нар оролцов.

Гишүүд өнөөдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн тогтоолын төслүүдтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Сүхбаатар, Л.Мөнхбаатар, Ц.Сандаг-Очир, Ш.Адьшаа, Б.Энхбаяр, С.Бямбацогт нар үг хэлэв. Тухайлбал, Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны ажиллах боломж бололцоог хуулийн хүрээнд бүрдүүлэхэд Улсын Их Хурал, Хууль зүйн байнгын хороо хийх ёстой ажлаа хийлээ. Та бүхнийг Шүүхийн багц хуулийг зөв хэрэгжүүлж, ард түмний хүсэн хүлээж буй шударга ёсыг нийгэмд тогтооход хариуцлагатай, санаачилгатай ажиллахыг хүсье гэв.

Ингээд “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулах нь зүйтэй гэсэн саналын томъёолоор санал хураалт явуулахад гишүүдийн 97.1 хувийн саналаар дэмжигдлээ. Мөн “Цалин, нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 75 хувийн саналаар дэмжигдлээ. Санал хураалт явуулж дууссанаар тогтоолын төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)