"Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын агуулгад нийцүүлэх нь" хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Admin | 2025-05-07


   Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2023 оны 35 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд үндэсний хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулахыг УИХ-аас Засгийн газарт үүрэг болгосон.

Уг шаардлагын дагуу Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ажлын хэсгээс боловсруулж, УИХ-д өргөн барьсантай холбогдуулан "Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын агуулгад нийцүүлэх нь" хэлэлцүүлгийг Хүний эрхийн Үндэсний Комисс, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хамтран өнөөдөр /2025.05.06/ зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, ХЭҮК, шүүх эрх мэдэл, мөрдөн шалгах чиг үүрэг бүхий байгууллага, Монголын Өмгөөлөгчдийн холбоо зэрэг төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож байр суурь, саналаа илэрхийллээ.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг төсөлд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, хүний эрх, эрх чөлөөний баталгааг хангах зорилгоор хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгасан байна. Тухайлбал, тус хуулийн 21.12 болон 13.4, 13.15 зэрэг заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулах, ингэхдээ эрүүдэн шүүлтийн хор уршгаас хамаарч хүндрүүлэх нөхцөлтэй байх, "хэрцгий, хүнлэг бус, доромжлон харьцах, үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заасан гэдэг мэдээллийг хууль санаачлагчдын зүгээс өглөө.

Харин ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд дараах байр суурийг илэрхийлсэн. Тэрбээр "Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг ЭШЭК-ын 1 дүгээр зүйлд заасан агуулга, шинжид нийцүүлэх зорилгоор 2002 оноос хойш хэд хэдэн удаа холбогдох зүйл хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулсан ч өнөөг хүртэл оновчтой тодорхойлж чадаагүй.

НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын ээлжит гурав дахь тайлангийн ажиглалт, дүгнэлтийг хэлэлцээд дараах дүгнэлтийг гаргасан.

Үүнд:

-Эрүүгийн хуулийн 21.12 дугаар заалтад эрүү шүүлт тулгах гэмт хэргийн тодорхойлолт нь Конвенцын 1 дүгээр зүйлд бүрэн нийцэхгүй хэвээр байна.

-Хохирогч болон гуравдагч этгээдийг айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх зорилгоор үйлдсэн эрүү шүүлт тулгах үйлдлийг тусгайлан заагаагүй.

-Албан үүрэг гүйцэтгэж буй бусад этгээдийн өдөөн хатгалга, ил, далд зөвшөөрлөөр үйлдсэн эрүү шүүлт тулгах үйлдлүүдийг хамааруулаагүй.

-Доод шатны албан тушаалтнуудын эрүү шүүлт тулгаж, хэрцгий хүнлэг бус харьцсан үйлдлийг мэдсэн, мэдэж байх ёстой байсан ч урьдчилан сэргийлэх талаар зохих арга хэмжээ аваагүй дээд шатны албан тушаалтнуудад хүлээлгэх хариуцлагыг тусгаагүй.

-Эрүү шүүлт тулгахыг завдах, хамтран оролцох үйлдлийг гэмт хэрэгт хамааруулаагүй.

-Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан нь гэмт хэргийн ноцтой байдалд нийцэхгүй.

-Хүндрүүлэх нөхцөл байдалд хамраах бүх насаар нь хорих ял оногдуулахаас бусад тохиолдолд эрүү шүүлт тулгасан гэмт этгээдэд өршөөл үзүүлэх, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр ял шийтгэл хүлээхгүй үлдэж байгааг засах шаардлагатай гэж үзсэн.

Тиймээс зарим дүгнэлт, зөвлөмжийг нь Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах нь олон талын ач холбогдолтой. Мөн эрүү шүүлт тулгах гэмт хэргийн үйлдлийн шинж, ноцтой байдлыг харгалзан үндсэн болон хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хуульчилж, эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах, үүнд нийцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтоох боломжтой.

Нөгөөтэйгөөр, Эрүүгийн хуульд заасан эрүүдэн шүүхтэй холбоотой агуулга, томьёоллыг олон улсын гэрээ, конвенцод нийлүүлснээр ялын бодлогыг чангатгах бус харин хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох ач холбогдолтой" гэдэг байр суурь илэрхийллээ.

Хэлэлцүүлэгт:

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд

"Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн тодорхойлолт: Эрүүдэн шүүхийн эсрэг Конвенцын үзэл баримтлал, НҮБ-ын хорооны зөвлөмж"

Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн: "Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын агуулгын хүрээнд хүний зарим эрхийг хамгаалах үндэслэл"

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга Н.Жамъяанхүү: "Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Эрүү шүүлт тулгах”, “Хүнлэг бус харьцах” гэмт хэргийн шинжийг тусгасан байдал"

Доктор Э.Чулуунцэцэг “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн харьцуулсан судалгаа” сэдвийн хүрээнд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн нэр томьёоны тодорхойлолт, эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын үзэл баримтлал, НҮБ-ын хорооны зөвлөмж, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн ХБНГУ, БНФУ, ОХУ, БНХАУ, Япон Улс, БНСУ, Гүрж Улс БНТУ-ын эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа, Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын агуулгын хүрээнд хүний зарим эрхийг хамгаалах үндэслэл, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Эрүү шүүлт тулгах”, “Хүнлэг бус харьцах” гэмт хэргийн шинжийг тусгасан байдал зэрэг агуулгын хүрээнд илтгэлээ танилцуулав.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)