ӨНӨӨДРИЙН ӨНГӨ: Сургуулийн эмч Т.БАЯРТУУЛ: Сурагчид өглөөний цайгаа уугаагүйгээс болж хичээлийн үеэр толгой өвдөх, дотор муухайрах явдал их гардаг

Admin | 2022-01-18


Өөрийн ажлаа өдөр тутамдаа хариуцлагатай хийж, нийгэмд бидний үл анзаарам гэрэл гэгээг түгээж буй эгэл жирийн хүмүүсийн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байгаа билээ. Энэ удаа Нийслэлийн Ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн залуу эмч Т.Баяртуултай ярилцлаа.

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Ажил үүргийнхээ талаар танилцуулбал?

-Сайн, сайн байна уу. Миний бие 2020 онд Анагаах ухааны чиглэлээр сургуулиа төгссөн. Өнгөрөгч оны наймдугаар сараас Нийслэлийн ерөнхий боловсролын 33 дугаар  сургуульд сургуулийн  эмчээр ажиллаж эхэлсэн. Түлхүү  сурагч хүүхдүүдтэй тулж ажилладаг.

-Мэргэжлийн тань хамгийн сайхан зүйл юу вэ?

-Миний мэргэжлийн хамгийн сайхан нь хүн анагаан эдгээх явдал. Сурсан мэдсэн зүйлээ хэрэгжүүлж, зөвлөгөө тусламж шаардлагатай бусдад чадахаараа туслах нь  мэргэжлийн маань үүрэг. Мөн миний баримталдаг зарчим. 

-Эмч хүн бусдад туслаж эрүүл саруул болгож буй үед хүчтэй мэдрэмж авдаг болов уу?

-Бусдад туслъя гэсэн сэтгэлээ ажилтайгаа хослуулахыг ихэд эрхэмлэдэг. Тийм ч учраас надад хандах хүмүүсийн өвчний асуудлийг хэрхэн шийдэх талаар туслалцаа, зөвлөгөө чадах чинээгээрээ өгөхийг эрмэлздэг. Эргээд тэр хүмүүсийн “Баярлалаа” гэх үгнээс хамгийн сайхан мэдрэмжийг авдаг. Мөн цааш ажиллах эрч хүч, урам  зоригтой болдог юм. Улам их  хичээж зогсолтгүй суралцан, туслалцаа хүссэн бүх хүмүүст зөвлөгөө өгч чадах хэмжээний мэдлэгтэй болохыг л их хүсэж байна даа.

-Таны бага насны  мөрөөдөл юу байв, эмч мэргэжлийг эртнээс сонгосон байв уу?

-Багаасаа эмч болно гэж бодож мөрөөдөж байлаа. Анх зүрх судасны эмч болно гэж төлөвлөж байсан боловч уламжлалт анагаах ухааны хүний их эмч болох шийдвэрийг гаргасан.

-Та нийгэмд өөрийгөө хувь нэмэр оруулж чадаж байгаа гэж боддог уу?

-Монголын ирээдүй болсон хүүхдүүдтэй ойр ажилладаг учир чадах чинээгээрээ тусламж, дэмжлэг үзүүлж буй маань нийгэмд тустай зүйл болов уу гэж хамгийн түрүүнд санаанд орлоо. Одоогийн байдлаар сургуулийнхаа багш ажилчдаас  ковид вирусын  тестийн шинжилгээ авч, хариуг тухай бүрт өрхийн эмнэлгийн мэдээллийн системд бүртгэж байгаа энэ мэт ажлууд маань нийгэмд бага ч болтугай хувь нэмрээ оруулж буй хэрэг болов уу. 

-Сурагчид ихэвчлэн ямар шалтгаанаар эмчид хандаж байна?

-Сургуулийн орчинд хүүхдүүд ихэвчлэн толгой өвдөх, дотор муухайрах, сурагч охидын сарын тэмдэгийн өвдөлт зэрэг асуудлаар ирж зөвлөгөө авдаг. Хүнд асуудалтай хүүхдүүд маань бол зохих эмнэлгийн байгууллагад, эсвэл чөлөө авч гэрээр эмчлүүлээд ирдэг.

-Энэ асуудлууд ямар шалтгаанаас үүсдэг вэ? Эцэг эхчүүдэд мөн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгвөл?

-Эцэг эхчүүд хүүхдүүддээ өглөөний цайг нь уулгаж хэвшүүлэх маш чухал. Өглөөний цайгаа уугаагүй хүүхдийн тархины хүлээж авах чадвар маш сул байдаг. Дасгал хөдөлгөөн, гэр бүлийн таатай уур амьсгал зэрэг зүйлс ч мөн  хүүхдэд шууд нөлөөлдөг учир үүн дээр их анхаарах хэрэгтэй шүү  гэж зөвлөх байна.

-Эрүүл мэндээс гадна өөр шалтгаанаар хүүхдүүд танд  хандаж байв уу?

-Гэр бүлд нь тохиолдсон асуудлаас үүдэж стресстсэн хүүхдүүд цөөнгүй ирдэг. Асуудлаа ярин,  уйлж сэтгэлээ онгойлгон тайвшраад гарах хүүхдүүд ч бий. Мэргэжлийн сэтгэл зүйч  биш ч гэлээ аль болох тэдгээр хүүхдүүдийн асуудлыг нууцлан сонсож, зөвлөгөө өгөн тайтгаруулж, сэтгэл санааг нь  хэрхэн дээрдүүлэх вэ гэж хэрэндээ хичээдэг шүү.

-Хүүхдүүдтэй ажиллаж байх үед хөгжилтэй явдлууд их тохиолддог байх даа?

-Тийм шүү. Ажлын минь бас нэгэн сайхан зүйл хүүхдүүд. Өөрт минь ямарваа нэгэн сэтгэл санааны асуудал байсан ч сургуулийн үүдээр ороход бүх асуудлууд хаалганы гадна үлдэх шиг л болдог. Хүүхдүүдийн хайр хүрэм инээд, үйлдэл дунд ажиллаж байгаа би яаж стрессдэх билээ. Жишээ нь нэг, хоёрдугаар ангийн бяцхан хүүхдүүд маань вакцин хийлгэх үеэр уйлах тохиолдол гардаг. Тэр бүрт нь дагаад сэтгэл өвдөн уйлах, сэтгэл хөөрөх гээд олон мэдрэмжүүдийг авдаг.

-Сургуулийн орчинд сургамжлах зүйлс мөн тохиолдож байсан байх?

-Их бий. Нийтлэг гэвэл сурагч хүүхдүүд  сургууль дотроо тайван бус гүйх ,түүнээс болоод шатнаас унаж бэртэх олон тохиолдол гарч байсан учраас түүнээс сэрэмжлэхийг хүүхдүүдэд байнга захидаг.

-Сурагчдын өвлийн амралттай холбогдуулж  хүүхдүүдэд хэлэх үг бий юу?

-Дор бүрнээ дэлгэц болоод, цахим орчны хэрэглээг  зөв зохистой, цагийн хязгаартай хугацаанд ашиглаж хэвшээрэй гэж захих байна. Амралт гэдэг утгаар эцэг эхчүүд маань бага зэрэг хяналтаа сулруулах гээд байдаг. Хүүхдүүддээ анхаарахын хажуугаар мөн өөрсдөө хүүхдүүдийнхээ үлгэр дуурайлал нь байгаарай.

                                                                                                                        Ц.Ганчимэг

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)