С.ЭРДЭНЭ: С.Бат-Үүлийн асуудлаар ОУ-ын Хүний эрхийн байгууллагад хандана

Admin | 2022-01-20


Ардчилсан намын дарга С.Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Одоогийн байдлаар С.Бат-Үүл-ийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Одоогоор С.Бат-Үүл дарга шүүхийн шийдвэрээ хүлээгээд урьдчилан хорих 409 дүгээр ангид хоригдож байгаа. Өнөөдөр хүртэл эцсийн байдлаар гэм буруутай  эсэх нь албажиж гараагүй байгаа. Анхан шатны шүүхийн тогтоол шийдвэр гарсны дараагаар  албан ёсоор  гэм буруутай эсэх талаар ярих нь зүйтэй. Шүүхийн тогтоол шийдвэр гэм буруутай юу гэдэг дээр нотлоно шүү дээ. Анхан шатны шүүхийн тогтоол шийдвэр гарсны дараагаар давж заалдах эсэх дээр ч мөн хэлэлцэнэ. Гэм буруутай нь яаж, юугаар нотлогдсон, ямар шалтгаанаар ял шийтгэл оногдуулж байгаа зэрэг нь ч шүүхийн тогтоол шийдвэр дээр тодорхой заагдан гарч ирэх учраас шийдвэрийг  бид хүлээж байна.

-С.Бат-Үүлийг үзэл санааны хоригдол болсон гээд байгаа. Өөр эрх нь зөрчигдөж байгаа асуудал байгаа юу?

-С.Бат-Үүл үзэл санааны хоригдол гэх хэмжээний асуудал байна уу гэдгийг бид дүгнэж чадахгүй л байна. Нотолгоо маш чухал. Нотлох баримт дээр туулгарлаж аливаа асуудлыг ярих нь зөв. Ялангуяа гэм буруугийн асуудлыг сайн нягтлах хэрэгтэй. Ямар гэм бурууг тохоод байна, яаж гэм буруутай гэдэг нь нотлогдоод байгааг нь анхан шатны шүүхийн тогтоолоос харах болно. Хуульд нийцэж буй  эсэх асуудлыг давхар нягталсны эцэст мэдээллийг албан ёсоор өгөх болно. Тиймээс анхан шатны шүүхийн тогтоолын хариу маш чухал байна. Хэрвээ үнэхээр гэм буруутай гэдэг нь хууль шүүхийн байгууллагаар нотлогдвол намын зүгээс хэлэх зүйл байхгүй. Гэтэл хуулийн хүрээнд гэм буруутай гэдгийг нь нотлоогүй хэрнээ, зохион байгуулалттайгаар хилсдүүлэх зорилгоор энэ хүнд ямар нэгэн гэм буруугийн ял оноох гэж оролдож байгаа бол, энэ хүн чинь өөрөө улс төрч, нийгмийн зүтгэлтэн хүнийх нь хувьд энэ бол үзэл санааны хэлмэгдүүлэлт болж байна гэсэн үг. Энэ ч утгаараа үзэл санааны хоригдол болох нөхцөл  үүссэн гэж үзэж, асуудал яригдан дүгнэлт хийгдэнэ ээ. Цаашлаад олон улсын хүний эрхийн болоод бусад холбогдох байгууллагууд руу намын зүгээс хандах болно.

-Энэ асуудлаас гадна АН-ын өөрсдийн дотоод хуваагдал түүнээс үүдсэн зөрчлүүд үүсээд байгаа. Шийдэх ямар арга замуудыг хэрэгжүүлж байна

-Одоогоор Ардчилсан нам дотор эрх зүйн хувьд ноцтой үүсчихээд байгаа дотоод зөрчил гээд байх зүйл яг үнэндээ юу ч байхгүй. Ер нь бол 2020 оны УИХ-ын сонгуулийн үр  дүнгээр Ардчилсан нам олонх болж чадаагүй. Үүн дээр үндсэн дүрмийн хүрээнд хариуцлага хүлээх ёстой хүмүүс нь хүлээгээд асуудлууд явсан. Харамсалтай нь тэр дунд хэсэг бүлэг хүмүүс Ардчилсан намын үндсэн дүрмийн заалтыг хэрэгжүүлэлгүйгээр, дүрмийн бус үйл ажиллагаа явуулснаас болж маргаантай нөхцөл байдал үүссэн. Ойрын хугацаанд хууль шүүхийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэгдэх байх аа. Хоёрдугаарт гэвэл үндсэн дүрмийн дагуу дараагийн Ардчилсан намын даргийг сонгосон. Ингээд М. Тулгат-ыг Улсын дээд шүүхэд 3 удаа өргөн мэдүүлэх тухай бүрт Улсын Дээд шүүхээс дүрмийн болоод хууль бус хариу тайлбар ирж байсан. Танай нам дотоод зөрчилтэй байна, түүнийгээ эхлээд шийд  гэдэг үндэсгүй тайлбар өгөөд байгаа юм. Угтаа улс төрийн намын тухай хуулийн 2 заалт бий. Нэг нь 13. 9 дэхь заалт. Түүн дээр тухайн улс төрийн намын дүрэм журмаар зохицуулагдах үйл ажиллагаа, зохион байгуулалттай холбоотой маргааныг шүүх хянан хэлэлцэхгүй. Үүнийг тухайн улс төрийн намын эрх бүхий байгууллага шийдвэрлэнэ гэсэн хуулийн зохицуулалт бий. Гэтэл Улсын Дээд шүүх хяналтын үйл ажиллагаа явуулж танайх дотоод зөрчлөө арилгаагүй байна гэх. Улс төрийн намын тухай хуулиар бол Улсын Дээд шүүх бүртгэлийн буюу нам, намын даргын бүртгэл зэрэг чиг үүргийг л хэрэгжүүлэх ёстой. Улсын Дээд шүүхийн гаргасан тогтоол шийдвэрийг үндэслээд  улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгэлийн үйл ажиллагааг хийдэг. Тухайн намын улсын бүртгэлийн  гэрчилгээ, намын даргын бичилтийг  хийн баталгаажуулж өгдөг ийм л хуультай юм шүү дээ. Энэ дагуу намын зүгээс удаа дараа асуудлууд хүргүүлсэн. Яг одоогоор эцсийн байдлаар шийдэгдээгүй, хүлээгдэж байна.

                                                                                                                        Ц. Ганчимэг

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)