С.Зориг агсанд хүндэтгэл үзүүллээ

Admin | 2022-01-21


Үндсэн хуулийн 30 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хууль тогтоогчиддоо хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсаар буй.

Өнөөдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн хууль тогтоогчдын төлөөлөл болгож С.Зориг агсанд хүндэтгэл үзүүлж, Зориг сангийн тэргүүн Санжаасүрэнгийн Баярыг хүлээн авч уулзан, Зориг сантай хамтран зохион байгуулах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Үндсэн хуулийг батлахад хүчтэй цөөнхийн дуу хоолой болж, парламентын ардчиллыг бэхжүүлэх, хөгжүүлэх, хүний эрхийг дээдэлсэн ардчилсан үндсэн хууль батлахад хамгийн үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бол Санжаасүрэнгийн Зориг юм. Энэ хүний гэгээн дурсгалыг хүндэтгэж, Үндсэн хууль тогтоогч Санжаасүрэнгийн Зоригийн оруулсан хувь нэмрийг онцлон дурдах нь зүйтэй гэж үзэж байна.

 

Үндсэн хуулийг хэлэлцэх үеийн проткол 59 том ном бий. Тэр үед Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгох уу? Парламентаас сонгох уу? гэдэг яриа өрнөж байсан бөгөөд Парламентын ардчиллыг бэхжүүлэх тухай, хүний эрхийг хангах тухай хамгийн жинтэй үгүүдийг хэлж байсан хүн бол Санжаасүрэнгийн Зориг байдаг.

Үндсэн хууль гацаанд орсон байх үед бүх намуудыг уриалж,“Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэдэг алдарт үгээ хэлжүндсэн хууль батлах зөвшилцлийн баримт бичиг дээр гарын үсэг зурж, үндсэн хууль батлахад үнэтэй хувь нэмэр оруулсан” гэв.

Түүнчлэн ирэх дөрөвдүгээр сарын 20-нд болох С. Зориг агсаны 60 насны ойг тохиолдуулан УИХ-ын тамгын газар болон Зориг сан хамтран өсвөрийн парламентчдын дунд Санжаасүрэнгийн Зориг ба Үндсэн хууль сэдэвт нийтлэлийн уралдаан, насанд хүрэгчдийн дунд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар төлөвлөж байгааг УИХ-ын дарга мэдэгдсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)