Т.ТУНГАЛАГ: Малчид хөл хорио тогтооно, бидний эрх хязгаарлагдана гээд шүлхийн шинж тэмдэг илэрсэн ч нууж халдварыг даамжруулж байна

Admin | 2022-01-23


Манай улсын ихэнх аймгуудад шүлхий өвчин тарж цар тахлаас дутахааргүй асуудал үүсээд байгаа билээ. Хүнд байдал үүсчихээд байхад дорвитой ажил хийж чадахгүй байна хэмээн Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Ганзоригийг ажлаас нь чөлөөлөөд байгаа. Тэгвэл тус газраас шүлхийтэй холбоотойгоор ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар Мал эмнэлгийн ерөнхий газрын  Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Т. Тунгалагаас тодрууллаа.

-Шүлхийтэй аймгуудын нөхцөл байдал ямар байна вэ. Яагаад улсын хэмжээнд энэ өвчнийг алдчихав аа?

-Одоогоор улсын хэмжээнд тайван байдалд хараахан ороогүй байна. Шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа хэдий ч халдвар гараагүй байгаа аймгууддаа үсэрхийлж гарснаар хорио цээр, хязгаарлалтын  дэглэм бүрэн хэрэгжиж чадахгүй байдалд хүрээд байна. Өнөөдрийн байдлаар 16 аймгийн 98 сум 158 голомт дээр чиг үүргийн дагуу ажиллаж, хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна. Өмнөх жилийн гурван сараас эхлэн 20 аймагт халдварын тохиолдол бүртгэгдсэн. Хорио цээрийн дэглэм хэрэгжиж байдал тогтворжиж байтал бусад аймгууд руу үсэрхийлж тарах зэрэг асуудал тулгарч байгаа хэдий ч улсын хэмжээнд нийтдээ өвчлөл улаан түвшинд хүрээгүй байна.

-Шүлхий гараагүй аймаг байна уу?

-Шүлхийн халдвар бүртгэгдээгүй нь Говьсүмбэр аймаг болоод Улаанбаатар хот. Өнгөрсөн зун хамгаалалтын босоо бүс үүсгэн ажиллахад Дорнод, Говьсүмбэр аймгууд бүтэн хамрагдсан. Говьсүмбэр аймаг болон нийслэл вакцинжуулалтад 100 хувь хамрагдсан учраас халдвар бүртгэгдээгүй болно.

-Одоогоор шүлхий өвчний улмаас хичнээн мал хорогдоод байгаа вэ?

-Намар тарга тэвээргээ бүрэн авсан мал их учраас эндэгдэл харьцангуй бага  байна. Цөөн тохиолдолд дархлаа сул, хавсарсан төрлийн өөр өвчинтэй мал цөөн тоогоор хорогдож байна.

-Манайд шүлхийгээр хорогдсон малыг газарт булах технологи явагддаг. Энэ эргээд урь орохоор өвчин эмгэг тараах ч юм уу, ямар нэг байдлаар сөрөг нөлөө үзүүлэхгүй юү?

-Жил болгон бэлчээрийн эрүүлийг хамгаалах төлөвлөгөөт ажлыг бүх аймгуудын мал эмнэлэг, орон нутгуудын засаг дарга, мал эмнэлгийн тасаг байгууллагуудтай хамтарч хийдэг. Тодорхой өвчнөөр хорогдсон малыг, тухайн өвчний тохиолдолд боловсруулсан өвчинтэй тэмцэх чиг зааварчилгааны дагуу устгалын цэгт устгалд оруулж байгаа. Устгалын цэгийг байгуулах ажлыг байгаль орчны байцаагч тавигдах шаардлагыг хянан зөвшөөрөл олгон ажилладаг. Улмаар аюулгүй ажиллагааны технологи, стандартын дор малын устгал хийгдэж байгаа. Стандарт, хяналтын дор цөөн тоогоор хорогдсон малын устгал хийгдэж байгаа учир сөрөг нөлөө төдийлөн байхгүй.

-Халдвар бүртгэгдсэн аймаг сумуудтай хэрхэн хамтран ажиллаж, орон нутггийн удирдлагуудад ямар чиглэл өгч ажиллаж байна вэ?

-Засгийн газрын 266 дугаар тогтоол, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 187 дугаар тушаалаар баталсан малын шүлхийтэй тэмцэх заавар, Засгийн газрын хорио цээр, хязгаарлалтыг хэрэгжүүлэх үеийн үйл ажиллагааны журмуудыг халдвар бүртгэгдсэн бүх аймаг сумдын Онцгой комисс, Засаг даргын тамгын газар, бусад мэргэжлийн байгууллагууд баримталж ажиллаж байгаа. Бүх үйл ажиллаагааны хэрхэн явагдах болон хориглох зэрэг үүрэг зааварчилгаанууд тусгагдсан. Үүнээс гадна өөр бусад журам зааварчилгааг хэрэгжүүлж, мөн шинээр ч нэвтрүүлж ажиллаж байна.

-Өмнөх жилүүдэд ч мөн шүлхий өвчний эсрэг арга хэмжээнүүд авч ажиллаж байсан. Энэ удаа шүлхийг хумиж чадахгүй байгаа шалтгаан нь юу байна?

-2021 оны гуравдугаар сараас өнөөдрийг хүртэл шүлхийн халдварыг бүрэн хяналтанд авч чадаагүй байна. Яагаад вэ гэвэл өмчийн эзэн буюу малчид малдаа байнгын хариуцлагатай буюу маллагаандаа хяналт тавин, шүлхийн шинж тэмдэг илэрвэл 12 цагийн дотор мэргэжлийн байгууллагад хандан мэдээлэх үүрэгтэй. Гэтэл малчид тодорхой заасан хугацаанд мэдэгдэхгүй, байнгын хариуцлага дутмаг, мэдэгдчихвэл хорио цээр тогтооно, бидний эрх хязгаарлагдана гэсэн бодлоор асуудлыг бүр л даамжируулж байгаа. Улмаар мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагаар эцэслэн тогтоолгоогүй байж шилжилт хөдөлгөөн хийх, дур мэдэн эм тариа малдаа өгөх зэрэг мэргэжлийн бус сошиалын зарим үндэслэлгүй худал мэдээлэлд автах тохиолдол их гарч байгаа юм. Угтаа өөрийн хувийн өмчөө эрүүл байлгаж, зах зээлд худалдан борлуулах, отор нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийх зэргээ мэргэжлийн байгууллагын заавирчилгаан дор явуулах хэрэгтэй. Ингэснээр халдварыг харьцангүй бага хэмжээнд хумих, цөөн мал өвчлүүлэх цаашлаад Монгол Улсын гадаад худалдаанд үүссэн сөрөг нөлөөг эргэн хэвийн болгох гэх мэт нөхцөлүүд үүсэх билээ. Тэгэхээр малын эзэд илүү ухамсартай байх чухал. Шүлхийн халдварын талаар олон талын контент мэдээллүүдийг мэдээллийн хэрэгслүүдээр хүргэж байгаа. Халдвар илэрвэл яах вэ? Илэрсэн тохиолдолд мал эмнэлэгт хэрхэн хандах вэ? зэрэг олон шаардлагатай мэдээллийг хүргэн ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч худал мэдээлэлд иргэд итгэн цааш дамжуулсанаар олон малчид хохирч, голомтын тоо нэмэгдэж байгаа. Баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авч, түүнийгээ хэрэгжүүлэн, орон нутгийн мэргэжлийн байгууллагатай хамтран шинж тэмдгийг 12  цагийн дотор мэдээлэх зэрэг малчдийн үүрэг хариуцлага дутагдсанаар улсын хэмжээнд хүрэх бас нэгэн шалтгаан болсон. Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль 2018 оны зургаадугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн. Үүнд малчны хүлээх үүрэг гэж бий. Үндсэн хуулиндаа мал төрийн хамгаалалтанд байна. Тэрхүү хувийн өмчийг төр хамгаалалтандаа авч мэргэжил арга зүйгээр ханган, өвчин халдвараас сэргийлэх арга хэмжээг график төлөвлөгөөний дагуу хамруулахыг зөвлөдөг. Үүнд малчид маань төдийлөн сайн хамрагдахгүй, орон нутгийн мэргэжлийн байгууллагад ач холбогдол өгч харьцахгүй байгаа зэрэг асуудлууд бий. Мөн нөгөө талаас зарим орон нутгийн малын эмч нар малчдад шаардлагатай мэдээлэл, мэдэгдэхүүн сайн өгөөгүйтэй мөн холбоотой  буюу хоёр талтай асуудал. Нэгэнт энэ явдал гарсан учир таслан зогсоохын тулд Улсын онцгой комисс, Засгийн газар бүхий л хүчээ дайчлан ажиллаж байгаа. Улсын онцгой комиссын нэгдсэн Шуурхай штаб дээр Шуурхай бүлгийг байгуулан аймгуудын онцгой комисс дээр үүрэг чиглэл өгч шаардлагатай бол хорио цээрийг хэрэгжүүлж, анхны голомтыг цааш үсэрхийлэх нөхцөлийг таслан зогсоох зэрэг заавар зөвлөмжийг их өгч голомтууд дээр ажил өрнөж байгаа.

-Шүлхийний вакцин дээр нэлээд хөрөнгө төсөвлөгддөг. Гэвч энэ мөнгийг үр ашиггүй зарцууллаа, зарим албан тушаалтнууд хувьдаа завшлаа гэх шүүмжлэл гарах болсон. Энэ тухайд?

-Монгол Улсын хэмжээнд улсын төсвөөр гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг улсын төсвөөс санхүүжүүлэх хуультай. Үүнд шаардагдах хөрөнгийг гадаад, дотоод эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлж тухайлбал хаана хамгаалах бүс үүсгэн, вакцинжуулалт явуулж улсынхаа тайван байдлыг хадгалах вэ гэдэг дээр төлөвлөлт гарган түүнийхээ дагуу Сангийн яаманд урьд жил хүсэлтээ явуулан төсөв батлуулдаг. Батлагдсан төсвийн хүрээнд урьдчилсан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг. 2021 оны батлагдсан төсөвд 2 удаа тарихаар 10 сая тун вакцин төлөвлөсөн байсан. Гэвч нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас төлөвлөгөөний дагуу голомтын бүсийг аль болох тэлэхгүй бөгжилсөн байдлаар хамгаалалтын бүс үүсгэн аль болох олон малыг вакцинд хамруулан ажиллаж байсан. Тэгсэн хэдий ч шүлхийн вирус агаар дуслын болоод хавьталын замаар дамжин халдварладаг гэдгийг малчид маань ухамсарлахгүй хорио цээрийн дэглэмд орохгүйгээр шилжилт хөдөлгөөн их хийсэн. Шүлхийн халдвартай малтай харьцсан хүний хувцас, шүлхийн голомт дээр дайрч өнгөрсөн машиний дугуйнд гэх мэт олон замаар цааш маш хурдацтай дамждаг өвчин шүү дээ.

Өнгөрсөн 2 жил Ковид-19 цар тахлаас улбаалж онцгой байдлын олон албан хаагчид ачаалал ихтэй, завгүй ажилласан. Үргэлжлүүлээд малын хорио цээрийн арга хэмжээг авах давхар хариуцлага нэмэгдэж. Мөн тэнд буй шүлхийн халдвартай малын эзэд, ажиллаж байгаа малын эмч зэрэг шүлхийн голомт дээр байгаа хүмүүс ч мөн ковидын халдвар авсан гээд  давхар олон эрсдэлт асуудлууд үүссэн нь байдлыг улам хүнд болгосон. Иймд малчид маань мэргэжлийн байгууллагуудтай хамтарч цаг алдалгүй эмгэгийг мэдэгдчихвэл анхны голомтыг тогтоон хорио цээр тогтоон, халдваргүйтгэл вакцинжуулалт, ялган тусгаарлах зэрэг цогц арга хэмжээг авснаар энэ асуудал намжиж эргээд хэвэндээ орох билээ.

-Шүлхий вирусын гадарга дээр амьдрах чадвар нэлээд сайн байх нь Мутацлагдсан шинж бий юу?

-Вирусын өвөрмөц шинж чанар нэлээд бий. Олон улс даяар вирусын амьдрах чадвар улам сайжирч, өвөрмөц шинж чанар нь өөрчлөгдөж байна. Түүнийг дагаад эрүүл мэндийн салбар ч мөн цаг алдалгүй хөгжиж байна. Өвчилж байгаа субьект өөр, ялгаатай вирусууд ч гэлээ халдварлах механизм, авч хэрэгжүүлэх арга замууд яг адил. Шүлхийн вирус коронагийн вирусыг бодвол агаар дуслын замаар асар хол тархах, хүйтний үед ид идэвхжил явагддаг зэрэг онцлогтой.

-Улсын хэмжээнд шүлхий гарчихсан. Тэгэхээр иргэд шүлхийтэй малын мах идэж байна уу гэх хардлага яалт ч үгүй  төрж байна. Энэ талын хяналт шалгалт хэр хийгдэж байна вэ?

-Хүмүүс ойлгохдоо нэг суманд халдвар бүртгэгдлээ гэхэд тэр чигээрээ халдвар тархсан юм шиг боддог. Тухайлбал нэг сум 1000 айлтай гэж бодоход түүнээс айл саахалт болох бэлчээр, усаар нийлдэг дунджаар 5-10 айл өрх л угтаа голомт болж байгаа юм. Тэрнээс биш тухайн сумын бүх малчин айл өрхөд халдвар тархсан гэсэн үг биш. Баталгаатай эх сурвалжаас мэдээлэл аваагүйгээс улс даяар шүлхийн халдвар илэрсэн гэж буруу ташаа мэдээлэл газар авч, халдвар бүртгэгдээгүй айл өрхөд сэтгэл зүйн айдас, дарамт учруулах цаашлаад шүлхийтэй малын мах хэрэглэж байгаа юм биш биз гэсэн хардалт иргэдийн дунд бий болж байгаа. Гэвч Монгол Улсын мал эмнэлгийн салбар олон улсын жишгээр босоо тогтолцоонд ороод удаж буй. Нийтийн хүнсний хэрэгцээнд малаа нийлүүлэхийн тулд заавал ч гүй мал эмнэлгийн байгууллагаас мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээ авах ёстой хяналт тогтсон. Тухайн орон нутгийг хариуцсан мал эмнэлгийн арга хэмжээнд хамрагдсан буюу заавар зөвлөмж аван вакцинд хамрагдсан, антибиотик хэрэглээгүй, голомтын бүсэд ороогүй зэрэг бүрэн эрүүл мал уу гэдэг эсэх дээр хяналт шалгалтыг малын эмч хийж баталгааг цахим хэлбэрээр авдаг. Тэрхүү баталгаа нь QR код болон нэгдсэн системд хурдан шуурхай бүртгэгддэг. Мал амьтны эрүүл мэндийг хамгаалахын тухай хуульд мал эмнэлгийн салбар, улсын мал эмнэлгийн ерөнхий газар, 21 аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар, түүний дор 331 сум 6 дүүрэгт мал эмнэлгийн тасаг, цаашлаад мал эмнэлэг төрийн ажил үйлчилгээ гэрээ захиалга батлан гүйцэтгэх 900 гаруй хувийн мал эмнэлгийн аж ахуй нэгж ажилладаг. Хувийн мал эмнэлэг нийт 1380 гаруй  эмчтэй. Харин төрд харьяалагдан ажилладаг гэвэл 1900 гаруй. Нийтдээ 3000 гаруй мэргэжлийн малын эмч нар хяналт шалгалтын ажил үүргээ чанд гүйцэтгэж байна. 

                                                                                                                       Ц. Ганчимэг

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)