Жүжигчин Д.ХОСБАЯР: Гэр бүл бол ЧУХАЛ зүйл биш БҮХ ЗҮЙЛ

Admin | 2022-01-25


Дулаан энгийн төрхтэй, оноогдсон дүрээ үзэгчдийн сэтгэлд хоногшуулан үлдээж чаддаг, чадварлаг уран бүтээлч жүжигчин Д.Хосбаяртай ярилцлаа.

-Та саяхан Улсын драмын эрдмийн театрын жүжигчнээр ажиллах болсон. Драмын тайзнаа дахин гарахад ямар мэдрэмж төрж байна вэ?

-Догдлол маш дүүрэн байна. Театр хүнд маш дулаан мэдрэмж, амьд харилцаа, гэр бүлсэг уур амьсгалыг бүрдүүлсэн энергитэй газар гэж хэлж болохоор. Театрын тайзнаа дахин давтагдашгүй сэтгэл хөдлөл, ур чадварыг хөглөн өөрт оноогдсон дүрээ үзэгчдэд тэр л мөчид үнэлүүлж алга таших чимээн дор зогсох  мэдрэмж хамгийн сайхан. Нэг жүжиг 14 хонгийн хугацаатай тоглогдох боллоо гэхэд өдрөөс өдөрт дүрүүд улам амилан сайжирч, чанаржиж болох боломжтой байдаг. Харин дэлгэцийн уран бүтээл бол нэг цаг мөчид үүрд мөнхлөгддөг том ялгаатай. Тийм ч утгаараа театртаа эргэн ирэхэд сэтгэл дүүрэн байна.

-Дүрээ аваад бэлтгэл эхэлчихсэн үү?

-Эрдмийн театр учраас уран бүтээлчид бид байнгын формтой байх шаардлагатай. Энэ үүднээс одоогоор дуу хоолойны, тайз ярианы, дасгал хөдөлгөөны зэрэг бэлтгэл хичээлүүдтэй байгаа. Мөн удахгүй валентин, олон улсын эмэгтэйчүүдийн болон монгол цэргийн баяруудаар тоглогдох жүжгүүдийн бэлтгэл ажилд оролцож байна. 90 жилийн түүхт тус театр маань одоохондоо шинэ жүжгийн уран бүтээлд ороогүй явна. Студи ангийн буюу дан залуу жүжигчдийн оролцон тоглосон дүрүүдтэй Намдагийн “Шинэ байшин” мюзикал жүжиг тайзнаа Цагаан сарын дараагаар албан ёсоор нээлтээ хийнэ. Залуу жүжигчид их мэрийлттэй, шаргуу ажиллаж байгаа харагдсан шүү. Үзэгчид маань удахгүй залуу уран бүтээлчдийн тоглосон нэгэн сайхан уран бүтээлийг хүлээн авах болно.

-Ингэхэд өмнө та театрт байхдаа туслах дүрүүдэд нэлээд тоглосон санагдаж байна?

-СУИС төгсөөд Наранбаатар найруулагчийн Виктор Хюгогийн “Парисын дарь эхин сүм” мюзикл бүтээлд олны хэсэгт ажилласан. Олны хэсэг нь өөрөө гол дүр болж байгаа юм л дааМаш их масс болоод дуу бүжиг ихтэй. Түүнд анх оролцон тоглож байлаа. 2010 онд тус театртаа студи ангийн жүжигчнээр харьяалагдан ажиллаж эхэлсэн. Түүнээс цааш “Шар тэнгисийн тарчлаан”, Б. Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү”, Д. Намдагийн зохиол “Жаргалт эх Оролмаа” гэх мэт тайзны бүтээлүүдэд оролцсон. Төгсөөд удаагүй залуу уран бүтээлч байсан учраас олны хэсэг, туслах дүрүүд дээр нэлээн оролцон ажиллаж байлаа.

-Драмын театраасаа хөндийрөх үедээ юу хийв. Дэлгэцийн уран бүтээлд түлхүү ажиллав уу. ?

-УДЭТ-т 2009-2012 оны хооронд ажиллаж байсан. Шинийг сурах, дэлгэцийн уран бүтээлд хүчээ сорих хүслээр драмын театраасаа гарсан. Тэр хугацаандаа гэр бүлдээ болон дэлгэцийн уран бүтээлийн салбарт чамгүй их дэвшилийг бий болгосон гэж боддог. Үүнээс гадна олон зүйлд өөрийгөө сорих хүсэлтэй байсан. 2017 онд гэвэл “Зөн билгийн тулаан Монголд” буюу  Английн албан ёсны эрхтэй шоу нэвтрүүлгийг зохион байгуулсан ажил дээр хөтлөгчөөр ажилласан. Телевизийн шоу салбарт шинэ чадвараа нээх болоод жүжигчин хүний хувьд нэгэн том сорил, боломж болсон. ETV телевиийн “Өглөө” хөтөлбөрт бүтэн улирал хариуцан хөтлөгчөөр ажилласан. Цаашлаад чөлөөт уран бүтээлчээр буюу  уран сайхны кинонуудад ажилласан. Жишээлбэл, “Ус дээшээ урсдаггүй”, “Хайрын эрэлд”, “Хойморь өнжих нар” зэрэг олон ангит кинонууд дээр түлхүү төвлөрч ажилласан байна.

-Та олон ч кинонд цагдаагийн дүрийг бүтээсэн. Ер нь сэтгэлд үлдсэн дүр гээд нэрлэвэл...?

-Уран сайхны кино болон жүжиг гээд нийт 40 гаруй бүтээлүүдэд гол ба туслах дүрд ажилласан. Анхны юм хүний сэтгэлд тодхон үлддэг.  2010 онд бүтээгдсэн “Найз” гээд дөрвөн найзын нөхөрлөлийн талаар өгүүлдэг уран бүтээл дээр ажилласан тэр дүрдээ хамгийн их хайртай. Мөн 2011 онд Монгол цагдаагийн 90 жилийн ойд зориулан бүтээгдсэн “Амьдрал чиний төлөө”  гэх олон ангит кино. Хэсгийн төлөөлөгчийн дүр дээр ажилласан. Миний анхны олон ангит кинонд ажилласан үе учраас маш их хүчин чармайлт болоод сэтгэлд үлдсэн бүтээл болсон. Тайзны бүтээлээс гэвэл Өвөр монголын өөртөө засах оронд хийгдсэн түүхэн дуулалт жүжигт Ёндон зайрангийн дүрээр 2019 онд, хоёр жилд нэг зохиогддог “Гэгээн муза” наадмаас  шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг гардан авсан. Эдгээрээс гадна олон сайхан бүтээл дээр өдийг хүртэл ажилласан. Онцлоод хэлбэл эл гурван бүтээлийг нэрлэх байна. Ингээд драмын театраасаа холдсон 10 жилийн хугацаандаа их ч зүйл сурч, театрын тайзаа санан эргэн ирсэн нь энэ.

-Драмын тайзнаа ийм бүтээлийн, тэрхүү дүрд тоглох юмсан гэх бодол байдаг мэдээж байдаг болов уу?

-Хүнд мөрөөдөл, бодож санаж явах зүйл их бий. Оюутан байх үедээ “Ромео Жульетта” жүжгийн гол дүр болох Ромеод тоглох юмсан гэж боддог байлаа. Гэхдээ тэрхүү бүтээлийн ажлын үед би чөлөөт уран бүтээл дээрээ ид ажиллаж явлаа. Хэрвээ одоо надад Ромеон дүрд тоглох боломж олдлоо гэж бодоход  нас минь тохиромжгүй болсон болов уу. Харин одоо түүхэн жүжгийн дүр бүтээх юмсан гэж боддог.

-Ер нь жүжигчин болох нь таны мөрөөдлийн мэргэжил байв уу. Арай өөр сонирхолтой байв уу?

-Би бага насаа бусдын адил цэцэрлэгээр хүмүүжсэн. Гэр бүлээс удам дамжсан урлагийн юм уу, нөлөөлсөн хүн үгүй. Би л багаасаа урлагийн хүн болно гэж боддог байсан. Арван жилдээ сургуулийн урлагийн наадам алгасалгүй оролцдог. Реп бүжиглэдэг, түүндээ маш их дуртай хүү байлаа. Магадгүй тэрхүү багын дурсамж, урам зориг дүүрэн хүсэл тэмүүлэл минь урлагт хөтөлсөн алхам болсон байх. Ингээд одоо бодоход ахмадуудын маань хэлсэн нэг сайхан үг бий. “Урлагийн мэргэжлийг хүн сонгодоггүй, урлагийн замаар амьдрах хувь тавилантай төрдөг” гэж. Тэгэхээр энэ бол миний хувь тавилан. Учир нь би өнгөрсөн хугацаанд урлагаас ер холдоогүй. 2005 онд “Монген” цогцолбор сургуулиа төгсөөд СУИС-д элсэж орсон. 2009 онд МУАЖ Б.Мөнхдорж багшийн удирдлага дор суралцан төгссөн. Төгссөн цагаасаа эхлэн урлагийн салбартаа зүтгэсээр өдийг хүрчээ. 2007 онд оюутан байх үедээ “Зохиомж” дээд сургуулийн захирал Б. Цогтбаяр гэх хүний найруулсан “Хубилай хааны зарлиг” гэх бүтээлд анх дүрд ажиллаж байлаа. Төрийн соёрхолт Б. Дамчаа гуайтай нэг дүрийн өтөл болон залуу насанд хамтран тоглосон. Мэргэжлийнхээ гарааг эл бүтээлд мөнхөлсөн маань их билэгшээлтэй тохиол гэж олзуурыхдаг шүү.

-Та “Улаан цэцэг” кинонд эсрэг дүрд тоглосон гэсэн. Энэхүү бүтээлийн талаар сонирхуулаач. Хэзээ үзэгчдийн хүртээл болох вэ?

-2021 онд томоохон хоёр дэлгэцийн уран бүтээлд оролцож ажиллаад дууссан. Нэг нь “U film”-ийн удаах туурвиж буй “Улаан цэцэг” гэх кино бүтээл. Булган аймагт 2021 оны ёсдүгээр сараас шинэ он гарах хүртэл зураг авалт хийгдсэн. Төр нийгмийн зүтгэлтэн, ардын их хурлын дипетат Сономын Удвал гэж Монголын анхны оюунлаг эмэгтэйн талаар өгүүлдэг. Түүхэн намтарчилсан кино. Эл бүтээл дээр киноны гол дүрийн эмэгтэй Удвалын нөхөр болох Багаажав гэх хүний дүр дээр ажилласан. Дараагийн ажилласан бүтээлийн зураг авалт өнгөрөгч оны арваннэгээс арванхоёрдугаар сарын хооронд явагдсан. Өмнө нь “Хэлгүй жим” бүтээлд хамтарч байсан “Dream entertaiment”-ийн шинэ бүтээл “Doctor” гэх тулаант, триллер жанрын кино. Тус кинонд өөрийн өмнө хэзээ ч гаргаж байгаагүй эсрэг дүрийн шинэ төрхөөр үзэгчидтэйгээ уулзахаар нээлтийн ажлаа энэ оны гурван сард төлөвлөн бэлтгэж байгаа гэдгийг дуулгахдаа таатай байна.

-Та гурван хүүтэй. Хэр үлгэр дуурайлал болдог вэ? 

-Гурван сайхан тэрсхэн залуутай. Үлгэрлэдэг үг гэхээсээ илүүтэй үйлдэл их чухал санагддаг. Гол нь тэднийхээ ээж болох хүнийг нүдэн дээр маш их хайрлаж халамжлахыг л хүсдэг. Сайн аав байхын тулд өөрийн хань, тэднийхээ ээжийг ихэд хайрлах юм шүү гэсэн зарчимтай. Эмэгтэй хүн бол нандин. Тэр тусмаа эх хүнийг ингэж хайрлан, хүндлэх хэрэгтэй гэдгийг бодитоор цаг үргэлж харуулахыг хичээдэг. Тэд маань насанд хүрч гэр бүлтэй болох үедээ аавынхаа юу ойлгуулах гээд байсныг эргэн санах байх аа. Нэмээд хэлэхэд  Facebook-д “Аавуудын групп” гэж бий. “Нийгмийн сайн сайхны эхлэл нь аавууд” гэсэн уриатай. Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан сайн үйлсийн аянуудыг аавууд зохион байгуулдаг үйл ажиллагаатай. Уншигч аавууд маань мөн нэгдээсэй гэж хүсье.

-Хүнд хэцүү шантармаар үедээ та юунаас хүч авч цааш алхдаг вэ?

-Унаж босох олон үе байлаа. Тийм үед гурван хүүгээ хараад, би галгүй болчихбол энэ гурван үр минь яах билээ гэж бодон бүх зүйлээ дахин дайчилж явдаг даа. Хэцүү зүйл тохиолдсон үе байвч гэртээ ирэхэд гурван үр маань тэр бүх зүйлсийг мартуулдаг. Тэднийгээ улам өсөн том болж байх энэ цаг хугацаанд би сул дорой, буруу үлгэр дуурайлал үзүүлдэг, хорт зуршилтай байвал маш буруу бөгөөд утгагүй зүйл болно. Ээжийн минь хэлдэг үгс мөн хүчтэй нөлөөлдөг.

-Тэгвэл амьдралдаа хийж байсан хамгийн зоримог алхам тань юу байв?

-Анхны хүүхдээ хүлээж авсан үе юм уу даа. 23,24-н настай, дөнгөж сургуулиа төгссөн, юу юу ч үгүй байсан үе. Гэр бүлийн хүнтэйгээ үеэрхэж байх үед надад жирэмсэн болсноо хэлж байлаа. Улсын драмын эрдмийн театрт дагалдан жүжигчин ч болоогүй, олны хэсэгт ажилладаг байсан үе. Залуу хүмүүс учраас ярилцан сууж байхдаа хоёулаа ингээд хүүхэдтэй болчихлоо, түүнийгээ гаргах уу? Эсвэл түр азнаж,  өөрсдийн байр сууриа тогтосны дараагаар хүүхэдтэй болцгоох уу гэж удаан ярилцсаны эцэст, биднийг гээд ирсэн үрээ гаргацгаая, болно, бүтээнэ гээд анхны залуугаа өлгийдөж авсан тэр үе минь амьдралдаа хийж байсан хамгийн зоримог алхам болсон гэж бодож байна. Удалгүй амьдралд ч хөлөө олж, бүх зүйл ар араасаа цэгцрээд ирсэн дээ. Хэрвээ тэр үед өөр шийдвэр дээр тогтсон бол одоо гэр дүүрэн инээд бэлэглэх гурван хүү минь, өдий зэрэгтээ амьдрал минь байх байсан болов уу, үгүй юу мэдэхгүй байна.

-Гэр бүл гэдгийг цөөн үгээр илэрхийлбэл. Залуу гэр бүлүүдэд хандан хэлэх үг бий юу?

-Гэр бүл бол чухал зүйл биш, бүх зүйл. Ажил, орлого яахав хүнд дахин олддог зүйл. Залуу ч гэлтгүй бүх хосууддаа миний зүгээс хандаж хэлэх үг минь амьдралд тохиолдон учрах хатуу бэрхийг чамтай цуг туулах ганц зүйл, тэр бол гэр бүл чинь юм шүү.

                                                                                                                        Ц. Ганчимэг

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)