Түүхэндээ хамгийн олон эмэгтэй Элчин сайдтай болсныг "The Diplomat" онцолжээ

Admin | 2022-02-04


Монгол Улс өнгөрсөн жил үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойтой зэрэгцүүлэн орчин цагийн дипломат алба байгуулагдсаны 110 жилийн ойг тэмдэглэсэн. Энэ их ойн хүрээнд Гадаад харилцааны яам гадаад бодлого боловсруулж хэрэгжүүлдэг үндсэн чиг үүргийнхээ хажуугаар дотоод ажилдаа ихээхэн анхаарал хандуулж боловсон хүчний бодлогоо цэгцэлж сайжруулах оролдлого хийж, хилийн чанадад зөвхөн мэргэжлийн томилгоо хийнэ гэсэн хатуу байр суурь баримталж, олон ч сайн томилгоо хийж чадсан билээ. ГХЯ-ны өнөөгийн удирдлагын үед Монгол Улс орчин цагийн түүхэндээ хамгийн олон эмэгтэй Элчин сайдтай болоод байна. Монголын төрт ёсны уламжлал гэвэл төрийн болон гадаад хэргийг голдуу эрэгтэйчүүд эрхлэн явуулдаг байжээ. Тэртээ 13 дугаар зуунд Чингис Хааны төрд зүтгэж явсан эрэгтэй удирдагч, лидерүүдийн тухай өгүүлсэн, түүхч эрдэмтэд, олон улсын харилцаа судалдаг оюутнуудын сэтгэлийг баясгах ном бүтээл арвин байдаг. Монголын нууц товчоонд улс төрийн шалтгаанаар болон хувийн итгэл үнэмшлээр эрэгтэй удирдагчдыг үеийн үед шүтэн биширдэг байсныг тов тодорхой өгүүлдэг билээ. 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үр дүнд бүрэлдэн тогтсон орчин цагийн Монгол Улсад ч ялгаагүй Богд Хаан, Хорлоогийн Чойбалсан, Юмжаагийн Цэдэнбал зэрэг өмнөх үеийн удирдагчид, ардчилсан сонгуулиар тэдний халааг авсан 6 ерөнхийлөгчийн тухай ном бүтээл олон байдаг мөртөө эдгээр төрийн зүтгэлтнүүдийн эхнэр, охид улс үндэстний үзэл санааг хөтөлж, улс төрийн мэтгэлцээнд оролцсон тухай хааяа нэг явган шог, домог яриа дурдахаас хэтэрдэггүй. Эдгээр ном бүтээл ихэнхдээ монгол хэлээр, зарим нь бүр монгол бичгээр хэвлэгдсэн болохоор хилийн чанадад уншигчдын хүрээ нь хязгаарлагдмал. Уул нь Чингис Хааны ээж Өлүн Хатан, гэргий Бөрт Үжин зэрэг түүхэнд алдар нэрээ мөнхөлсөн монгол эмэгтэйчүүд байдаг. Билиг оюун төгс, баатар зоригтой, холч ухаалаг Мандухай Цэцэн Хатан нэг үе Хятадын Мин Улсын талаар баримтлах бодлогыг тодорхойлж, хоорондоо дайсагнасан монгол овог аймгуудыг нэгэн тугийн дор нэгтгэж байжээ. Гэсэн хэдий ч эдгээр хатад түүхэн томоохон үйл явдлын гол төвд биш, тойрог хүрээний гадуурх зах хязгаарт л хааяа үзэгдэнэ. Саяхныг болтол эмэгтэй хүн түүхэн үйл явцад дангаараа оролцсон тухай огт дурддаггүй байж. Жэк Вэтерфордын бичсэн “Монголын их хатдын нууц товчоо: Чингис Хааны Эзэнт Гүрнийг охид нь аварч хамгаалсан түүх” ном энэхүү шударга бус хандлагын талаар тодорхой өгүүлж асуудал хөндсөн орчин цагийн хамгийн шүүмжлэлтэй бүтээл юм. Түүний тэмдэглэснээр монгол эмэгтэйчүүдийн нэрийг түүхийн хуудаснаас арилган зэрэг бууруулах гэсэн оролдлого бүр эртний улбаатай аж. Тэрээр “13-р зууны сүүлчээр, бидний мэдэхгүй нэг өдөр, үл таних нэг хүн Монголын нууц товчоонд гар дүрж, улс төрийн хамгийн эмзэг сэдвийг хөндсөн хэсгийг нь зэрлэг бүдүүлгээр урж тасалж авчээ. Тэр этгээд хайнга назгай хандаж эндэл осол гаргасан уу, эсвэл хорт санаа өвөрлөж албаар тэгсэн үү, зэрэмдэглэж сэглэсэн бичвэрт ‘охин үрсдээ шан харамж хайрлацгаая’ гэсэн ганцхан өгүүлбэр үлдсэн нь урж таслаж авсан хэсэгт юуны тухай өгүүлсэн болохыг битүү хатуугаар сануулж байгаа хэрэг юм” хэмээн өгүүлжээ. Түүхийн нугачаан дунд ийм бурангуй явдал тохиолдсон ч орчин үеийн Монгол Улс огт өөр дүр төрхийг бүтээж байна. Жендерийн тэгш харилцааг төрийн бодлого болгосноор эмэгтэйчүүд улс төр, гадаад харилцааны салбарт оролцох орон зай, нөхцөл боломжоо дахин олж авчээ.

Монгол Улс ‘90-ээд онд ардчилсан тогтолцоонд шилжсэнээр эмэгтэйчүүд төрийн гадаад бодлогод оролцох эрхтэй болсон, ингэснээр тэд дипломат алба хашиж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож, цэргийн байгууллагад ажиллаж, парламентын гишүүнээр сонгогдож, төрийн байгууллага дахь оролцоогоо өсгөх эрс шийдэмгий санаачилгыг гартаа авснаар Монголын дипломат харилцааг бүхэлд нь бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулжээ. 2022 оны 1 дүгээр сарын 19-нд Монгол Улсын Парламент хоёр эмэгтэй дипломатыг томилох тухай Гадаад хэргийн сайдын саналыг дэмжиж олон жил дипломат алба хашсан Эрдэнэцогтын Сарантогосыг Өмнөд Солонгост суух, Даваасүрэнгийн Гэрэлмааг Швейцарт суух Элчин сайдаар томилов. Үүнээс өмнөхөн буюу 2021 оны 12-р сарын сүүлчээр Уламбаярын Нямхүүг Францад суух Элчин сайдаар томилсон нь тус улсад Монголын ЭСЯ-ыг тэргүүлсэн анхны эмэгтэй дипломат болсон юм. Тэрээр Францаас гадна Испани, Португал, Монако, Андоррад хавсран сууж харилцаагаа бэхжүүлэх эрхэм зорилготой Элчин сайд. Эдгээр томилгоог хийснээр Монгол Улс нэгэн цаг үед алба хашиж байгаа эмэгтэй Элчин сайдын тоогоор өөрийнхөө дээд амжилтыг албан ёсоор тогтоов. Өөрөө бас эмэгтэй дипломатуудын нэг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг твиттер хуудсандаа “Монгол Улсын 31 Элчин сайдын  дотор 6 эмэгтэй сайд томилогдож дипломат харилцааны түүхэндээ одоо хамгийн олон эмэгтэй Элчин сайдтай болов” хэмээн бахархалтайгаар мэдэгджээ. Парламентын хуралдааны үеэр Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд “ажилдаа мэргэшсэн хоёр дипломатыг томилсон нь цаг үеэ олсон, чадварлаг шийдвэр болсон гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ хамгийн чухал нь улс орнууд ковид-19 цар тахлын улмаас үүдсэн эдийн засгийн уналттай тэмцэж байгаа өнөөгийн нөхцөлд шинээр томилогдсон дипломатууд улс орнуудын хооронд эдийн засгийн хоёр талын харилцааг бэхжүүлэх бодит арга замуудыг олж санаачилна гэдэг найдаж байна” хэмээн өгүүлжээ. Монголын дипломат алба энх тайвнаар зэрэгцэн оршиж, тэгш боломж, хүний эрхийг хангаж, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, ялангуяа эмэгтэй элчин сайд нарыг томилохын төлөө цуцалтгүй хичээн зүтгэж байгаа нь үнэхээр түүхэн чухал үйл явц юм. Жендерийн тэгш харилцаа бол Гадаад харилцааны яам, цэрэг болон тэргүүлэх бусад салбарын байнга анхаарч, тасралтгүй хүч чармайлт гаргах шаардлагатай асуудал билээ.

Эх сурвалж: ГХЯ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)