"Надад ямар ч урлагийн мэдрэмж байдаггүй". Ингэж хэлдэг хүмүүс цөөнгүй бий. Гэхдээ мэдрэмжгүй хүн гэж үгүй. Дурлаж хайрладаг, баярладаг, үзэн яддаг,гомдож бас урам хугардаг шиг урлагийг ойлгох мэдрэмж хүн бүхэнд бий. Учир нь энэ бол хүнийг амьтнаас ялгах гол зүйл билээ. Харин тэр мэдрэмжээ сэрээх л чухал. Францын зураач Жюль Александр Грьюн “Зөвхөн сонгогдсон хүмүүс л урлагийг бүтээж чаддаг. Харин ямар ч хүн урлагийг хайрлаж ойлгож чадна” гэж хэлсэн байдаг.Тэгвэл бид энэ удаагийн ярилцлагаараа урлагийг бүтээж яваа залуу үеийн төлөөлөл Э.Хүслэн, Ц.Золзаяа нартай урлагийн бүтээл болон сургалтынх нь талаар ярилцлаа. Тэд багаасаа нэг урланд явж, хамт "урлан нээнэ" гэж мөрөөдөж явжээ. Тэд бага насныхаа мөрөөдлийг биелүүлж "Zolo arts" урлангаа нээгээд даруй нэг жилийн хугацааг өнгөрүүлсэн байна.
-Сайн байна уу? Бидэнд өөрсдийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Э.Хүслэн гэдэг, СУИС-ДДУС Монументаль уран зураач мэргэжлээр төгссөн. Манай найзыг Ц.Золзаяа гэдэг. ШУТИС-БАС Архитектор мэргэжилтэй.
-Анх хамтдаа урлантай болох санааг хэзээ, яаж олж байв ?
-Бид анх 2012 онд нэг багшийн урланд явж танилцаж байсан. Хүүхэд байхаасаа л хоёулаа зурах дуртай, түүндээ хөтлөгдөн өдийг хүртэл хамт явж байна. Том болоод хамт урлантай болно гэж ярьдаг байсан. Хоёулаа их сургуулиа төгсөөд өөрсдөө урлантай болохын хажуугаар бусдад мөн адил зааж сургая гэж бодож сургалт явуулж эхэлсэн. Тэр мөрөөдөл маань биелээд жил гаруй болж байна. Бага байхдаа явдаг байсан урлан маань чөлөөтэй, цагт баригдмал биш, маш гоё дулаан уур амьсгалтай байдаг байсан. Яг тэр орчинг өөрсдөө бүрдүүлэхийг хичээж урлангаа тохижуулсан.
-Шинэ төгсөгч, залуу уран бүтээлчдийн хувьд анх урлангаа нээхэд санхүүгийн асуудал тулгарсан байх?
-Мэдээж санхүүгийн асуудал тулгарч байсан. Эцэг эхээсээ болон банкны зээл авсан. Одоо бол ямар ч өр төлбөргүй, бүх зээлээ төлж чадсан.
-Урлангаа нээснээс нь хойш тасралтгүй хичээллэж, ирж зураг зурдаг хүн бий юу?
-Байгаа. Г.Мөнх-эрдэнэ гээд ах бий. Хүмүүс нэг удаагийн сургалтад суугаад явахдаа маш гоё тайвшралтыг авлаа гэж хэлдэг. Тэр хүмүүс маань дахин дахин ирдэг болчихдог. 14 хоногт нэг удаа ч юм уу, зав гарах бүрдээ хэзээ ч хамаагүй ирдэг.
-Уран зураг зурахын давуу талуудаас дурдвал?
-Манайх ихэвчлэн зургаан наснаас дээш настай хүүхдийг урландаа авдаг. Бага насны хүүхдийн хувьд маш сайн сууж сурдаг. Мөн аливаа зүйлд хандах хандлага нь хүртэл өөрчлөгддөг. Манай урлангийн зургаан настай Гүнжээ гээд охин бий. Тэр бид хоёрын зурж байгааг хараад "аан энэ тэр зураг байна, би дараа нь зуръя" гээд л багаасаа сониуч, урлагийн боловсролтой болно. Энэ нь цаашлаад тэдний ирээдүйд сайн хүн болж төлөвшихөд ч эерэг нөлөөтэй. Хүүхэд өөрийнхөө зурсан зурагт их хайртай байдаг. Түүнийгээ хамгаалж хайрлаж сурах нь маш зөв үйлдэл юм.
-Танай урланд хосоороо ирж зураг зурах боломжтой байсан?
-Тийм. Болзооны шинэ санаа гэхэд болно. Нэг хүн 30х40 гэсэн хэмжээтэйгээр зурдаг бол хосууд 40х60 гэсэн илүү том хэмжээтэйг хамт зурж болно. Хосууд маань хамт ирээд гоё дурсамж бүтээгээд явах боломжтой байгаа. Мөн гэр бүлээрээ ч ирээд цуврал зургуудыг зурдаг.
-Бусад урлангаас танай урлан юугаараа давуу талтай вэ?
-Хоёр багштай. Хүн бүртэй тулж харьцдаг. Зураг бүрд нь зөвлөгөө өгч зааж сургахыг хичээдэг. Түүнээс гадна үнийн хувьд маш боломжийн. Сурагчдаа заавал үүнийг зур гэж шаарддаггүй, өөрсдийнх нь хүссэн зүйлийг гаргаж ирэхийг хичээдэг. Манай урлан удахгүй хүүхдүүдийнхээ зургаар үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй байгаа. Энэ нь цаашлаад хүүхдүүдийн маань сурах хүсэл тэмүүлэлд ч эерэгээр нөлөөлнө гэж бодож байна.
-Хүүхдийн сэтгэл санаа тухайн мөчид ямар байна, түүнийгээ зургаар илэрхийлдэг гэж үнэн үү?
-Тэгэлгүй яахав. Зургаар хүний дотоод сэтгэлийг таньж болдог. "Зураг бол хүний сэтгэлийн толь юм" Хүүхдүүдийн зургийн өнгөнөөс хүртэл сэтгэл санааны байдлыг нь харж болдог. Хүүхэд тайван байх үедээ илүү гэгээлэг, нягт нямбай зурдаг. Харин эсрэгээрээ сэтгэл санааны хувьд тогтворгүй үедээ зургаа сааралтуулж ойлгомжгүй болгодог тал бий.
-Уран зургаас гадна өөр ямар төрлийн бүтээл туурвидаг вэ?
-Чанартай бүтээл гаргахын тулд цөөн тооны захиалга авдаг. Зургаас гадна модоор шинэ жилийн чимэглэл хийх, ханын зураг, интерьер зурах гэх мэт. Өмнө нь хүмүүс манайд ямар харагдах нь хамаагүй, нэг сайхан уул ус л зуруулчихъя гэдэг байсан. Харин одоо гэрийнхээ интерьерт их мэдрэмжтэй ханддаг болсон. Гэрийнхээ хөшиг ч юм уу тавилгадаа тохируулж захиалга өгдөг.
-Танай урланд анх зурж сурч байгаа хүмүүс ирдэг үү?
-Манай урланд ирж байгаа хүмүүсийн 80-90 хувь нь анхлан суралцагчид байдаг. Зурах гэж байгаа зургаа хараад "үүнийг би зурж чадах болов уу" гэж ихэнх нь эргэлздэг ч зурж дууссаныхаа дараа "үнэхээр би үүнийг зурчихлаа гэж үү" гэж гайхдаг. Хүмүүст зурах арга барил, өнгөний кодыг нь заагаад сургачихвал хүн бүр зурж чадна.
-Бага насны хүүхдүүд зурах дуртай байдаг, эцэг эхчүүд хүүхдийнхээ зурах тал дээр хэрхэн анхаарвал зүйтэй вэ?
-Эцэг эхчүүд хүүхдийнхээ зурсан зургийг хараад дан ганц "гоё байна" гэж хэлэх нь хангалтгүй. Зургийг нь анзаарч байгаа гэдгээ маш сайн илэрхийлэх ёстой. Чи энэ өнгийг яаж гаргаж авсан юм бэ гэдэг ч юм уу зургийнх нь талаар илүү их ярилцах хэрэгтэй. Деталь бүр дээр нь анхаарч урам өгвөл хүүхэд маш их урамшдаг.Хүүхдийн сэтгэл санааны байдал эцэг эхчүүдийн үйлдлээс маш их шалтгаалдаг. Жишээ нь хоёр зургаан настан зураг зураад сууж байхад нэгийнх нь эцэг эх орж ирээд "хөөх миний охин ямар гоё зурсан юм бэ алив зургийг нь дараад өгье" гэж байхад харин нөгөө охины эцэг эх нь тэгдэггүй, орж ирчхээд шууд "за болсон уу явъя" гэх жишээтэй. Энэ нь хүүхдэд асар их дутагдлын мэдрэмж өгч, гомдох мэдрэмжийг төрүүлдэг.
А.Мөнхнаран
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13