С.ЭРДЭНЭБАЯР: 13 дахь сарын цалингаараа эмээ ч авч чадахгүй байгаа айлд туслая гэхэд 400 гаруй хүн холбогдсон

Admin | 2022-02-07


Өнөөдрийн өнгө булангийн энэ удаагийн зочноор энгийн хэрнээ, эгэлгүй сэтгэлээр бусдад туслан яваа Эрдэнэт хотын оршин суугч С.Эрдэнэбаяртай ярилцлаа.

-Та 13 дахь сарынхаа цалингаар бусдад эм тан авч өгч тусласан талаар цахим хуудсандаа оруулсан байсан. Юуны өмнө бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Сандагдоржийн Эрдэнэбаяр гэдэг. Эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. 35 настай. ШУТИС-ийн харьяа Эрдэнэт хот дахь Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд оюутны зөвлөлийн зөвлөх багшаар 15 дахь жилдээ ажиллаж байна. Миний бие анх 2020 онд цар тахлаас шалтгаалсан хөл хорионы үеэр хүмүүст чадахаараа туслья гэж шийдсэн. Цахим хуудсандаа анх гэр хороололд амьдардаг, бага насны хүүхэд нь өвдсөн, эмнэлгийн тусламж авахад хүндрэлтэй буюу очиж чадахгүй байгаа айл өрх байвал холбогдоорой гэж бичиж байлаа. Тухайн жилдээ 100 гаруй хүмүүсийг эмнэлэгт хүргэж мөн гэрт нь буцаан аваачиж туслаж байсан.

-Тэгэхээр тусламжийн аянаа энэ жил бас үргэлжлүүлсэн байх нь ээ?

-Энэ жил омикрон мутац хувилбар гарч халдварын тоо эрс нэмэгдэж эхэлсэн. Манай Эрдэнэт хотын хувьд сүүлийн долоо хоногт халдварын тоо 1000 давсан. Эрүүл мэндийн яамнаас эрсдлийн зэргээрээ улаан түвшинд хүрлээ гэж мэдээлсэн. Иймд гэр бүл болон эргэн тойрны хүмүүсээ эрсдлээс хамгаалахын тулд мөн төр засгийнхаа шийдвэр уриалгыг хүндэтгэж цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байхыг уриалсан. Өмнөх жилүүдэд 13 дахь сарынхаа цалинг цагаан сарын бэлтгэл ажилд зарцуулдаг байсан бол энэ жилийнхээ цалингаар сайн үйл хийе хэмээн шийдэж, дахин цахим хуудаснаа пост оруулсан.

-Яагаад заавал гэр хорооллын айлуудыг онцолсон бэ?

-Гэр хороололд амьдардаг өрхүүд гэж онцолсон нь орон сууцанд амьдардаг хүмүүстэй харьцуулбал тодорхой хэмжээний боломжуудаас хол байдаг. Хүүхэд нь халуурч ханиалгахад намдаах эм байхгүй бол холбогдоорой, хэрэгтэй байгаа зүйлийг нь хүргэж туслъя гэж пост оруулахад 4 хоногийн хугацаанд 400 гаруй дуудлага  ирсэн. 13 дахь сарын маань цалин 2.2 сая төгрөг. Түүгээрээ 20 хүрэхгүй хувьд нь буюу 67 айлын бяцхан үрс, ээжүүдэд тусламж үзүүлсэн.

-Тухайн үед хүндрэлтэй зүйлс гарав уу?

-Миний туслаж чадаагүй, хүч хүрээгүй 300 гаруй айл үлдсэн. Надад хандсан болоод миний нийтэлсэн бичвэрийг харах ч боломжгүй туслалцаа шаардлагатай олон хүмүүс байгаа талаар, тэдэнд туслахад нэг хүний хүч мөхөсдөж байгааг орон нутгийн удирдлагууддаа хүсэлт болгон уламжилсан байгаа. Нэг хүнтэй ярьж байхад давхар дуудлагууд ирэх, надаар ярианы төлбөрөө төлүүлэх хүсэлттэй дуудлагууд их байсан нь нэгжний ч мөнгөгүй байгаа айлууд их байна даа гэж харж байлаа.

-Таны тусламж хүрсэн айлуудын сэтгэгдлээс хуваалцахгүй юу?

-Хүүхэд нь ханиаж халуурахад эмгүй тул арга ядан хүйтэн жин тавихаас өөр аргагүй надад хандсан ээжүүдэд шаардлагатай эмийг нь аваад очиход чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлж, зарим ээжүүд баярын нулимс унагаж байлаа. Тэдний баярлалаа гэх үг цааш олон айлуудад туслах урам өгсөн дөө.

-Таныг ер нь нийгмийн идэвхитэй, олон нийтийн ажилд сайн дураараа оролцдог гэсэн?

-Сургуулийнхаа нийт оюутнуудыг хариуцаж ажилладаг учир нийт оюутнуудаа уриалж нийгмийн хариуцлагын хүрээнд ялангуяа өвлийн улиралд Эрдэнэт хотынхоо мөстсөн зам талбайг цэвэрлэх, халуун уух зүйлээр дайлах зэрэг ажлуудыг жил болгон зохион байгуулдаг. Өвөө эмээ дээрээ өссөн учраас түлхүү настай хүмүүст туслахыг хичээдэг. Нэг үг байдаг даа “Би хэн нэгэнд туслалаа гээд дэлхийг өөрчилж чадахгүй ч тухайн хүний ертөнцийг өөрчилж болно”. Тийм ч учраас чадах чинээгээрээ бусдад туслах, баярлалаа гэх үгээр урам авч тэтгэгдэж явдаг.

Ц.Ганчимэг

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)