МАН-ын 30 дугаар их хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэхүү хурлын эхний өдөр МАН-ын даргын үүргийг түр гүйцэтгэгч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргаар 99.71 хувийн саналтайгаар баталгаажуулсан билээ. Харин хоёр дахь өдөр буюу өчигдөр намын дүрэмдээ өөрчлөлт оруулсан бөгөөд Бага хурлын зарим гишүүдээ хольж сольсон бололтой. Харин өнөөдөр МАН-ын хурал өндөрлөх юм. Ингээд тус хурлын үеэр болон хэвлэл мэдээллээр хэн ямар байр суурь илэрхийлсэн талаар тоймлон хүргэж байна.
МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Уурхайн эгэл тосгонд өвөөтэйгөө хамт өсч, өрх толгойлсон ээждээ дэм болох гэж явсан бяцхан хүү өнөөдөр улс төрийн ууган хүчний дарга, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах боломж тохиосон миний амьдрал бол ардаараа овоглосон Ардын намын түүхэн үнэт зүйл юм. Залуучуудаа хичнээн их дэмжиж чаддагийн илэрхийлэл юм. Зуун жил болсон ч үргэлж шинэчлэгдэж, залуу байж чаддагийн бодит нотолгоо юм.
Өнөөдөр надад улс төрийн эрх мэдэл, зоримог ажиллах боломж ирж байна. Итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө өөрт байгаа бүхий л боломжоо дайчлан ажиллах болно.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Шударга ёс, хууль засагладаг нийгмийг тогтоох, сахилга бат ёс суртахуунтай хүмүүнлэг эрүүл нийгэм, эрчимтэй хөгжлийг бүтээ хэмээн үүрэг даалгавар өгч Монгол Ардын Намд төрийн бүх эрх мэдлийг өглөө.
Асар их итгэлийг хэрхэвч хугалж болохгүй. Тэгвэл ард түмэн өршөөхгүй. Эрмэлзэл тэмүүлэл зорилгодоо хүрэх цэг ойр биш, амаргүй төвөгтэй байж болно.
Тиймээс их хурлаас цахисан хэтийн оч хөгжлийн гал болон асахын төлөө Эвээ нэгтгэж, Хүчээ нийлүүлье.
Засгийн газрын ХЭГ-ын дарга Ц.Нямдорж: Манай улс орны хувьд бас нэгэн хүнд сорилттой тулгарч байна, яаж энэ том шалгалт, сорилтыг давдаг бол, манай улсын эдийн засгийн чадавх яг ачир дээрээ ямар түвшинд хүрснийг л харна даа” гэж бодсон. Ямар ч байсан бараг хоёр жил болоход улсын эдийн засаг улайчихгүй тэсээд л байна. Тэгэхээр эдийн засгийн хувьд тусгаар тогтнол руу алсуураа ойртож байна л гэсэн үг.
Ерөнхий сайдын яриад байгаа тусгаар тогтносон гэдэг нь хэнээс ч гуйлгүйгээр эдийн засгаа аваад явчих, иргэд нь ажил хөдөлмөр хийж, авсан цалингаараа хэвийн сайхан амьдрах тийм л эдийн засгийн чадавхыг ойрын хугацаанд бий болгохын тулд 5-6 санаа дэвшүүлээд байгаа юм.
МАН-ын гишүүн Н.Энхбаяр: Энэ их хурал МАН, МАХН үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд болж байна. Энэ түүхийг бүтээлцсэн бүх үеийнхэнд гүн хүндэтгэлээ илэрхийлэх ёстой. Хоёр намын нэгдэл бол эв нэгдлийн үлгэрлэл болсон Монголдоо бид эв нэгдэлтэй байж чадахаа харуулсан тойм үйл явдал болсон гэлтэй. Бидний оноо нь тусгаар тогтнолоо олж чадсан. Алдаа нь хэлмэгдүүлэлтийг зогсоож чадаагүй.
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгэлийн тэнхээ гаргаж, ололтоо онцлон тэмдэглэхийн хажуугаар алдааныхаа төлөө өөрөө биш ч гэсэн түүхэн цаг хугацааг зогсоож чадаагүйн төлөө уучлал гуйсан нь ёс суртахууны том алхам гэж үзэж байна.
Энэ зааланд ярьсан болгоноо хойшлуулж болохгүй, нөхөд өө. Шийдсэн болгоноо маргаашаас эхлэн шууд хариуцан хийнэ шүү гэдгээ бие биедээ дахин дахин сануулъя.
Сангийн сайд Б.Жавхлан: Ирэх зуун жил эдийн засгийн тусгаар тогтнолын зуун байх болно. Үүний бодлогын эхлэлийг МАН-ын 30 дугаар их хурлаар тунхаглаж байна. Эдийн засгийн тусгаар тогтнолыг улс орон бүр өөр өөрөөр тодорхойлж байгаа.
Хамгийн гол нь, нийгмийн бүтэц тэр дундаа хүчирхэг нийгмийн дундаж давхаргад суурилсан төлбөрийн тэнцэл, гадаад худалдаа, хөрш орнуудын гадаад бодлого тогтвортой, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг шингээсэн бүтэцтэй улс болъё.
Энэ нь эдийн засгийн тусгаар тогтнолын гол агуулга. Алтай нутагт маань зам ирсэн, ус ирсэн. Удахгүй санаачилж, эхлүүлж, хийж хэрэгжүүлэхээр зорьж байгаа Нутгийн хөгжлийн төлөөх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн төлөө намын бодлогыг дэмжиж ажиллах болно.
УИХ-ын гишүүн Х.Баделхан: Анх гишүүнээр сонгогдоход Баян-Өлгий аймгийн төсөв гурван тэрбум төгрөг байсан. Өнөөдөр манай аймгийн төсөв зуун тэрбум байна. Одоо Оюутолгойн гүний орд ашиглалтад орвол эдийн засаг өргөжиж сайжрах боломж бүрдэнэ. Ерөнхий сайд цагаа олсон зорилт дэвшүүлсэн. Манай улс дээрх зорилтоо биелүүлж чадвал хөгжлийн шатанд гаргаж байна.
Намын дүрэмдээ өөрчлөлт оруулж байна. Сахилга ёсыг бид өөрсдөөсөө эхлэх ёстой.
Энэ удаагийн хурлаар чухал шийдвэр гаргаж, түүнийгээ хэрэгжүүлнэ гэж найдаж байна. Сая зарим хүмүүс МАН, МАХН гэсэн хоёр нэр хэлж байна. Өнөөдрөөс эхлээд энэ танхимаас гараад МАН гэсэн нэг л нэрээр явна.
УИХ-ын гишүүн Н.Учрал: Монгол Ардын Нам 100 жилийн түүхтэй ууган нам хэдий ч цэл залуухан, орчин үеийн нам болж чаджээ. Аливаа шинэ соргог зүйлд мэдрэг хандах чадвартай байна гэдэг бол цэл залуухан, идэр насан дээрээ явааг илтгэнэ. Өнөөдөр Монгол Ардын Намын их хурал төлөөлөгчдөө "царай таних технологи" ашиглан бүртгэж, гар утасны аппликейшнээр нь дамжуулан мэдээлэл хүргэж байна. "Цахим нам" болгож чадсан бид бүхэн эх орноо "Цахим Монгол" болгож чадна гэдэгт бүрэн итгэл төрлөө.
Бидний зэргэлдээ шинээр үүсэн бий болсон "виртуал" ертөнцөд өнөөдөр газар, байшин худалдан авч бид бүхэн цоо шинэ ертөнцөд хөл тавих үүд хаалга ойрхон ирсэн байна.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Эдийн засгийн тусгаар тогтнолгүйгээр улс төрийн тусгаар тогтнол байна гэдэг хэцүү. Бие даасан шийдвэр гаргах боломжгүй, бүх зүйл дээр хүний гар харсан байдалтай байж болохгүй. Тиймээс дараагийн 100 жилийн эдийн засгийн тусгаар тогтнолын асуудлыг ярина гэдэг нь үндсэндээ эрчим хүчний хараат бус байдал, зам тээвэр, логистик боомтын асуудлыг шийднэ гэсэн үг.
Мөн дотооддоо хүнсээ зуун хувь хангадаг болно гэсэн үг. Ямар нэгэн байдлаар дахин цар тахал шиг нөхцөл үүсэхэд дотооддоо асуудлаа шийддэг болох боломжийг бүрдүүлнэ.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Их хурлаас эдийн засгийг эрчимжүүлэх, сэргээх шинэ сэргэлтийн бодлогыг танилцууллаа. Үүнээс эдийн засагтай холбоотой гурваас дөрвөн реформын асуудал байна. Намаас дэвшүүлж буй бодлого намын их хурлаар дэмжигдээд бодлого болон гарвал цаашдаа Монголын төр засаг УИХ, Засгийн газрын түвшинд хэрэгжих бодлогын суурь болно гэж харж байна. Түүнчлэн сонгодог парламентын тогтолцоог бэхжүүлэх талаар бодлого танилцуулахаар орж ирж байна.
Цаашдаа төрийн тогтолцоо, бодлогыг бэхжүүлэх реформ их хурлаас гарах байх. Үүгээрээ их хурлын үр дүн хэмжигдэнэ гэж бодож байна.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Их хурлаар нийт арван асуудал хэлэлцэх байсны есөн асуудлыг хэлэлцэж дуусаад байна. Асуудлынхаа 90 хувийг гүйцэтгээд байна. Нийт долоон тогтоолыг өчигдөр (12.06) баталсан. Шинэ сэргэлтийн бодлоготой холбоотой хоёр тогтоол гаргасан. МАН-ын дүрэм шинэчлэгдсэн. Өнөөдөр хэлэлцээд, дүрмээ баталсан. Дүрэмд орсон хоёр чухал өөрчлөлтийг хэлье. Цахим асуудалтай холбоотой асуудал, хоёрдугаарт, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох тухай хэлэлцлээ.
Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон бол намын гишүүнээс түдгэлзэнэ. Шүүхийн шийдвэрээр ял авсан бол намаас хасагдсанд тооцно.
УИХ-ын гишүүн Д.Мөнхцэцэг:Их хурлаас хүний эрхтэй холбоотой бодлогоо зарласан. Энэ бодлогын шинэчлэлийг хийнэ. Нэн тэргүүнд МАН-аас хүний эрхийн хандлага, хүний эрхийн мэдрэмжтэй, соёлтой төрийн албан хаагч бий болгохын тулд МАН-аас сонгогдож байгаа улс төрийн алба хаагчдад хүний эрхийн дадал, соёлыг хэвшүүлэх, хүний эрхийн болон ёс зүйн зөрчил гаргасан бол хариуцлага тооцох асуудлыг хөндлөө. Мөн хаврын чуулганаар баталсан
Азид анх удаа Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол Улсын төрийн алба хаагчид хүний эрхийн хамгаалагчид болж, хүний эрхийн үйлсэд нэгдэх ёстой.
Энэ үүднээс МАН-ын 270 мянган гишүүний арван хувь буюу 30 мянга орчим гишүүнээ хүний эрхийн чиглэлээр бэлдэн сургаж, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллана.
МАН-ын гишүүн М.Билэгт: Дэвшүүлж буй зургаан зорилтоо намын дүрэмдээ оруулж байгаа нь зөв. Харин үүнийгээ амьдрал дээр яг хэрэгжүүлэх ёстой. Дээрээсээ эхлээд доод шат руугаа дүрмээ, шийдвэрээ амьдралдаа хэрэгжүүлж явах ёстой. Энэ л бидний Монгол Улсаа аврах, хойч үедээ сайхан нийгэм үлдээх гарц.
Энэ парламент цар тахалтай, эдийг засаг хүнд үед ажиллаж байна. Монгол Улс үйлдвэрлэгч болох ёстой гэдгийг бодитоор олж харлаа.
УИХ-ын гишүүн Э.Батшугар: Монгол Улсын 10 жилийн хөгжлийг авчрах бодлого хэлэлцсэн. Эдийн засгийн хөгжлийг хязгаарлагчдыг олоод яаж засах вэ гэсэн бодлого боловсруулбал аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхэн өөрсдөө аваад явах бололцоотой.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Намын хүний нөөц, боловсон хүчин, улс төрийн томилгоонд шинэчлэл хийх хэрэгтэйг ярьж байна.
Улс төрийн томилгоо авсан хүн албандаа манлайлж, улс орны төлөө ажлаа хийх ёстой. Гэтэл авлига, хээл хахуульд нэр холбогдох, ажлаа муу хийх, салбараа удирдаж чадахгүй зөрчил гарч байна.
Энэ нь өөрөө маш их хор уршигтай. Тиймээс ажлаас нь өөрчлөх биш тухайн улс төрийн албан тушаалтанд үүрэг хариуцлагыг нь маш сайн ойлгуулж хариуцлага тооцдог байхаар ярьж байна. Би үүнийг дэмжиж байна. Энэ дээр ганц МАН биш улс төрийн намууд хатуу хэлцэл хийдэг байх ёстой.
УИХ-ын гишүүн С.Батболд: Цаашид нийгэм маань ил тод байдлыг шаардаж байна. МАН цахим нам болох зорилт дэвшүүлж ирсэн.
Бид бүх талаасаа цахим нам болсон. Нам дотор буй сайн зүйлс ил тод байж, ард түмний нүдэн дээр ил болно.
Буруу зүйл дээр хариуцлага тооцдог байх ёстой гэсэн зарчим барьж байна. Алдаа оноо гарсан, тэр нь тогтоогдсон бол хариуцлага хүлээх ёстой.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13