Г.БАТЖАРГАЛ: Манай улс Хятад улсаас 95 хувийн хамааралтай байна

Admin | 2022-02-09


Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар санхүүч Г.Батжаргалтай ярилцлаа.

- Он гараад эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлттэй байсан. Гэвч хүлээлт талаар болоод байх шиг?

-Эдийн засгийн өсөлтийн гол найдлага бол Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт юм. Манай улсын хувьд Оюутолгойн уурхайгаас өөр дотооддоо эдийн засгаа сэргээх зүйл харагдахгүй байгаа. Оюутолгойн хувьд том уурхай, улсад оруулж буй татварын хэмжээ 5 их наяд төгрөг. Мөн борлуулалт болон экспортын орлогууд нь гурав дахин өсөх хүлээлттэй байгаа учраас эдийн засаг ямар байх нь хүлээлттэй байна гэж харж болно. Гэхдээ энэ маань өөрөө нэг уурхайгаас хамааралтай учир бодитоор эдийн засгийн хүртээмж нэмэгдэх үү гэдэг дээр хараахан сайн үзүүлэлт болж чадахгүй.

- Гэтэл манай эдийн засаг яалт ч үгүй л уул уурхайгаас хамааралтай байдаг…

-Дэлхийн түвшинд Монголын бүтээгдэхүүн гээд зарах ганц зүйл нь уул уурхайн түүхий эд л байна. Тэгэхээр бид уул уурхайгаас олж байгаа томоохон төслүүдээ урагшлуулж олсон орлогыг нь төр санхүүгийн дахин хуваарилалт хийж бусад мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбаруудад хөрөнгө оруулалт хийж тэдгээрээс дэлхийд экспортод гаргах хэрэгтэй. Ялангуяа гуравдагч хөршийн бодлогодоо тулгуурлан хөрш улсуудтайгаа хамтран компани байгуулж, орж ирсэн орлогоороо дэлхийд өрсөлдөн монгол улсруу тогтвортой долларын урсгал оруулж ирэх экспортод гаргах бүтээгдэхүүнийг хөгжүүлэх шаардлагатай. Сүүлд гарсан манай улсын экспортын бүтцийг харахад 93 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн, 3-4 хувь нь мал аж ахуй, хөдөө аж ахуй болон аж үйлдвэрийн салбар байгаа юм. Эдгээрийн хувь хэмжээг тэнцвэржүүлж бие даасан эдийн засагтай болоход анхаарах цаг нь болсон.

-Инфляцийн өсөлтөд хил хаалттай байдлаас гадна юу нөлөөлж байна вэ?

-Инфляцад нөлөөлж буй гол зүйл бол мэдээж хил гаалийн суудал мөн. Гэхдээ үүнээс гадна дотоодын хүчин зүйлүүд багагүй нөлөө үзүүлэх тохиолдол бий. Жишээ нь өнгөрсөн онд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн 10 их наядын багц хөтөлбөр байна. Уг хөтөлбөр мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх цаашлаад орон сууц болон барилгын салбарт 6 хувийн зээл гэх зүйл гарч орон сууц худалдан авах иргэдийн эрэлтийг нэмэгдүүлсэн. Мөн зээлийн батлан даалтын сангаас орон сууцны урьдчилгааны тодорхой хувийг даах шийдвэрүүдийг гаргасан байдаг. Эдгээр нь орон сууцны эрэлтийг нэмэгдүүлж байгаа учраас орон сууцтай холбоотой үнийн өсөлтийг бий болгож байгаа нэг хэлбэр юм. Дэлхийн нийтэд нефтийн ханш 90 доллараас илүү өсөж байгаа нь тээврийн зардал нэмэгдэх эрсдэл үүсэж байгаа.

-Сая тэтгэврийг нэмсэн. Энэ инфляцад хэрхэн нөлөөлөх вэ?

-Тэтгэврийн нэмэгдлийг инфляцад харьцангуй бага нөлөө үзүүлэх болов уу гэж харж байна. Яагаад гэвэл тэтгэврийн нэмэгдэж буй хэмжээ нь бага, тэтгэвэр маань өөрөө иргэдэд чиглэсэн бодлогын арга хэмжээ учир инфляцид бага нөлөө үзүүлнэ. Харин халамжийн үйлчилгээг хэт хавтгайруулахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй.

-Хил хаалттай удаан үргэлжилбэл цаашид улс орон юунд анхаарах чухал байна вэ?

-Уг асуудлыг одоо ярихад төвөгтэй. Олон улсын судалгаан дээр Монгол улсыг Хятад улсаас 95 хувийн хамааралтай гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ нөлөөллийн асуудлыг цаашид шийдэх хэрэгтэй. Гэвч ганц , хоёр жил яригдаад шийдэгдчих хялбар асуудал биш юм. Хөгжлийн дунд болон урт хугацааны томоохон стратеги, зорилтуудыг авч хэрэгжүүлсний үр дүнд хамаарлаас гарах боломж сая нэг бүрдэх нөхцөл үүсэж болно. Бээжингийн олимпын үеэр болсон засгийн газрын тэргүүний айлчлалаар төмөр замын асуудлын эцсийн цэгийг тохирсон. Энэ нь цаашид нүүрс болон бусад тээвэрлэлтийг нэмэгдүүлэх зэрэг алдагдсан боломжоо бууруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж харж байна.

-Гацаад буй томоохон төслүүдийг энэ үед урагшлуулах нь хэр оновчтой шийдэл вэ?

-Мэдээж ач холбогдолтой. Эдгээр том төслүүд маань өөрөө богино хугацааны бус дунд болон урт хугацаанд Монгол улсад хэрэгтэй төслүүд учир хөдөлгөх шаардлагатай. Төмөр замын асуудал дээр 10 гаруй жил тус төслийг гацаасан. Гацсан энэ хугацааны алдагдсан боломжийг харахад манай улсын эдийн засаг 2-3 дахин өсөх боломжтой байсныг бид алдсан байх жишээтэй. Мөн дэд бүтцийн төслүүд зайлшгүй шаардлагатай байна. Жишээлбэл тавдугаар цахилгаан станц, усан цахилгаан станцууд сүүлийн хоёр жил дээд хэмжээндээ хүртэл ажилласан учир эдийн засгийн томоохон халалт, сэргэлтэд доголдол үүсэх эрсдэл гарна. Нефт бол манай улсын инфляцад нөлөөлдөг гол хүчин зүйл. Тийм учир нефтийн үйлдвэрийг улс төржихгүйгээр мэргэжлийн улсуудыг нь ажиллуулж ашиглалтад оруулах шаардлагатай байна.

-Эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас гарах гол арга замууд юу байж болох вэ?

-Дээр хэлсэнчлэн цогц арга хэмжээнүүдээ урт болон дунд хугацаанд авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн гуравдагч хөршийн бодлогыг сайн хөрөнгө оруулалтын орчин болон хууль эрх зүйн орчноо сайжруулж дэмжихгүй бол урд хөршөөсөө хамаарал бүхий байсаар байх болно. Тиймд эрдэмтдийн судалгаагаар гаргасан монгол улсаас олон улсад гаргаж болох бүтээгдэхүүний жагсаалтад заасан бүтээгдэхүүн үйлчилгээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Нэмээд аялал жуулчлалыг жилд 5 саяас багагүй жуулчин авдаг урт хугацааны зорилт тавин тэдгээрээ жижиг жижиг зорилго болгон хувааж хэрэгжүүлэх хамгийн чухал.

А.Мөнхнаран

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)