Ж.БАТ-ЭРДЭНЭ: Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд есөн боомт ажиллаж байна

Admin | 2022-02-10


Хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах Ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд есөн боомт ажиллаж буй бөгөөд тэдгээр боомтуудаар зорчигчийн гэхээс илүү ачаа тээврийн үйл ажиллагааг түлхүү явуулж байна.

Тухайлбал, Гашуунсухайт боомтод өдөрт 100-160 орчим тээврийн хэрэгсэл орж, гарч байгаа.  Харин Замын-Үүд авто замын боомтоор өдөрт орж ирж байгаа чингэлэг тээвэр 50-65 хооронд хэлбэлзэж байгаа юм.

Замын-Үүд боомтод чингэлэг тээврээс гадна авто тээврийн хэрэгслийг импортоор оруулж ирэх ажил давхар хийгдэж байна. Гэхдээ хоёр хоногийн дараагаас энэ ажиллагааг тусгайлсан системээр зохион байгуулан ажиллах бүрэлдэхүүн очиж ажиллана.

Түүнчлэн тус боомтод хоосон чингэлгүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлт хийн өдөрт 20-35 чингэлэг буцааж байна.

Мөн Замын-Үүдэд овор ихтэй ачаа бараануудыг хэрхэн оруулж ирэх талаар ярьж буй бөгөөд нөгөө талтай уулзаж, хэлэлцээрийг зохион байгуулсан.

Ингэхдээ овор их ачаануудыг

Авто тээврээр оруулж ирэх ачаа,

Төмөр замаар оруулж ирэх ачаа,

Чингэлгийн тээврээр оруулж ирэх ачаа гэсэн гурван төрлөөр ангилан оруулж ирэх арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн.

Түүнээс гадна, иргэдийг бухимдуулж буй тээврийн үнийн өсөлттэй холбоотой асуудлыг яаж ил тод зохион байгуулах асуудал яригдаж байна.

Эрээн талд нээлттэй платформ гэх системийн хөгжүүлэлтийг хийж байгаа бөгөөд Монголын талтай тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийг бүртгэж, үйл ажиллагааг нь нээлттэй болгох ажил хийгдэж буй.

Энэ ажил Монгол Улсад ч хийгдэнэ. Өчигдөр бид тээвэр зуучийн төлөөлөлтэй уулзалт хийж хамтарч ажиллах чиглэлээ тогтоосон. Ингээд үйл ажиллагаагаа ил тод болгох тал дээр санал нэгдсэн.

Өөрөөр хэлбэл, иргэн, ААН ямар газраар дамжуулж, ямар үнээр ачаа бараагаа авчруулах вэ гэдэг нь нээлттэй болно гэсэн үг" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)