Аялал жуулчлалыг сэргээх САЙД нарын ТӨЛӨВЛӨГӨӨ

Admin | 2022-02-14


Манай улс цар тахлын зэргээ бууруулж бүх хязгаарлалтыг өчигдөр цуцалж буйгаа зарласан. Тэгвэл хоёрын жилийн хугацаанд зогссон аялал жуулчлалын салбараа хэрхэн сэргээх талаар томоохон хэлэлцүүлэг өрнүүллээ. Тодруулбал, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд аялал жуулчлалын салбарыг сэргээх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах талаар “Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал” хэлэлцүүлэг болсон юм. Энэ үеэр Монгол Улсын засгийн газраас төрийн болон хувийн компаниуд аялал жуулчлалын салбарт эдийн засгийг тогтворжуулах бүхий л үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхийг албан ёсоор мэдэгдлээ. Ялангуяа Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яам, Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам аялал жуулчлалын салбарыг сэргээхэд оройлон оролцох юм байна. Ингээд тухайн салбарын сайдууд танилцуулсан аялал жуулчлалыг сэргээхэд чиглэсэн бодлого, төлөвлөгөөг тоймлон хүргэж байна.

Б.БАТ-ЭРДЭНЭ: Аялал жуулчлалын компаниудыг цаашид ажиллах нөхцөлөөр хангана

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ: Монгол Улсын засгийн газар хоёр жилийн хугацаанд эдийн засгаа үе шаттайгаар нээх, энгийн амьдралд шилжих үе шатыг алхам алхмаар хийж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд аялал жуулчлалын салбар хамгийн их хохирол амсч, үйл ажиллагаа нь хязгаарлагдсан. Тус салбарыг бид уул уурхайн салбартай дүйцэхүйц хэмжээний ашиг орлого, эдийн засгийг тэлэх том боломж гэж үзэж байна. Энэ хүрээнд Монгол Улсын засгийн газар аялал жуулчлалын салбарыг бүрэн дүүрэн дэмжиж ажиллана. Урьдчилсан байдлаар зөвхөн жуулчин хүлээж авдаг тур опературуудын орлого 80 хувиар, зочид буудлуудын орлого 63 хувиар, жуулчны баазуудын орлого 84 хувиар, ресторануудын орлого 50 хувиар, тэдгээрт ажиллаж буй ажиллах хүчний нөөцийн алдагдал 25-75 хувиар тус тус хумигдсан тооцоо байна. Иймд уг хэлэлцүүлгийг салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, салбар хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх, нийгмийн шинж чанартай түгжээ гацааг мултлах зэрэг бодит үр дүн гарахуйц түвшинд талуудын оролцоог хангасан байдлаар зохион байгуулж байна. Аялал жуулчлалын компаниудаа цаашид ажиллах нөхцөлөөр хангана. Ирж буй цаг хугацаанд аялал жуулчлалын компаниудад засгийн газар хөл хорионы ямар ч нөхцөл тогтоохгүй.  Жуулчид вакцины хоёр тунтай бол Монгол Улсын хилээр нэвтрэх боломжтой. Вакцины тунгүй бол зохих журмын дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт вакцинд хамрагдах бүрэн боломжтой. Одоо эдийн засгийг босгох, эдийн засгийн тэлэлтийг хийх цаг хугацаа юм. Монгол Улсын засгийн газраас эдийн засгийг тогтворжуулах бүхий л үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ. Монгол Улс цар тахлын түвшинг бууруулж, тогтвортой бодлогоор жуулчдыг бүрэн дүүрэн хүлээж авна.

Б.БАТЦЭЦЭГ: Вакцины гэрчилгээг Казакстан, Унгар, Энэтхэг, Япон, Турк, Их Британи улсуудтай албан ёсоор тохиролцсон

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ: Одоогоор дэлхийн 140 гаруй улс хилийн хоригоо цуцалж,  гадаадын иргэдийг нэвтрүүлж байна. Манай улсын хувьд аялал жуучлалыг сэргээхэд яам хоорондын уялдаа холбоо маш чухал байна. Энэ утгаараа өнөөдрийн энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд талархлаа илэрхийлье. Монгол Улсад жилд дунджаар  500 мянга гаруй иргэд зорчдог. Үүний дийлэнх нь жуулчид. Өнөөдрийн байдлаар 25 улсын энгийн паспорттай иргэд, 63 улсын дипломат болон албан паспарттой иргэд манай улсад визгүй зорчих нөхцөлтэй. Цар тахлын өмнөх 2017-2019 оны дунджаар манай улсад 600 мянга гаруй гадаадын иргэн зорчсон байдаг. Сүүлийн хоёр жилд энэ тоо эрс буурч 1000 орчим болжээ. Гадаад харилцааны яамны хувьд дэлхийн улс орнуудын сайн жишгийг үндэслэж, Монгол Улсыг зорьж буй гадаадын иргэдийн зорчих чиглэлийг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалт татахад чиглэсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгож сайжруулахад түлхүү анхаарч ажиллаж байна. Монгол Улсад богино хугацаагаар ирэх гадаадын 36 улсын иргэнд гурван төрлийн визийг 20-72 цагийн дотор цахимаар олгох evisa.mn системийг өнгөрсөн оны аравдугаар сард туршилт журмаар нэвтрүүлсэн. Цаашдаа цахим виз авах боломжтой улсын тоог үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Монгол Улсаас хилийн чанадад сууж байгаа 46 дипломат төлөөлөгчийн газар байдаг. Энэ дипломат газар, консулуудаар дамжуулж Монгол Улсын хууль, Засгийн газрын үйл ажиллагааг суртчилан таниулах ажлыг тогтмол хийж байгаа. Олон улсын зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, төрөөс хэрэгжүүлж буй бодлогыг таниулах чиглэлийг бүх дипломат газруудад хүргүүлж дэлхийн улс орнуудтай эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа. Аялал жуулчлалын шинэ нөөц боломжийг ашиглах, “Нэг монгол-Нэг жуулчин” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. Мөн олон улсын аяллын эрүүл мэндийн гэрчилгээ буюу вакцины гэрчилгээг Монгол Улс албан ёсны баримт бичиг болохыг нотолж, загварыг нь гаднын улс орнуудтай дипломат шугамаар тохиролцох ажил хийгдэж байна. Вакцины гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөлцсөн Казакстан, Унгар, Энэтхэг, Япон, Турк, Их Британи улсуудтай албан ёсоор тохиролцсон. Европын холбоо, Канад, БНХАУ, ОХУ, БНСУ-уудтай яриа хэлэлцээ үргэлжилж байна. Цаашид тулгамдаж буй асуудлыг шийдэх зэрэгт анхаарч ажиллах болно.

Ч.НОМИН: Аялал жуулчлалыг түүхэн соёлын өв талаас таниулахад анхаарч ажиллана

СОЁЛЫН САЙД Ч.НОМИН: Судалгаанаас харахад нийт аялал жуулчлалаар ирж буй жуулчдын 70 хувь нь манай улс орны байгаль, түүх соёлд татагдсан гэсэн байна. Хэдийгээр манай улсыг сонирхож байгаа боловч санхүүгийн чадамжтай гадны жуулчдын 80 хувь нь мэдээлэл дутмаг байдаг гуравны нэг нь хятад улстай хамааруулан ойлголттой байдаг байна. Иймээс Монгол Улсын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Соёлын яамтай болсон. Соёлын яамнаас цаашдаа аялал жуулчлалын хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтыг үндэсний онцлогт суурилсан нүүдлийн соёл, түүх, хэв маягт тулгуурласан төдийгүй соёлын өвийн хосгүй шинж чанарыг агуулсан байх ёстой гэсэн үзэл баримтлалаар ажиллаж байгаа. Энэ хүрээнд Чингис хааны өв соёлын хүрээлэнг аялал жуулчлын цогцолбор газруудыг үзэл баримтлалын хүрээнд судлах, таниулах тал дээр хамтран ажиллаж байгаа. Тухайлбал, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд Хөвсгөл, Хэнтий аймгуудад өрнөж байгаа аялал жуулчлалын төвүүдийг бүс нутгийн онцлогт тулгуурлан ажлуулж байна. Хөвсгөл байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр түлхүү ажиллах бол Хэнтий аймгийг түүх, соёлын өвийг таниулах чиглэлд түлхүү ажиллах тал дээр Соёлын яам болон төрийн захиргааны байгууллагууд анхаарч эрдэм шинжилгээний ажилд дэмжиж ажиллаж байгаа. Цаашдаа үндэсний өв соёл, соёлыг хамгаалах, хамгаалах, сэргээн засварлах зорилгоор цогцолбор газруудыг түүхэн баримтад тулгуурлан хөгжүүлэх, цаашлаад үүнд тулгуурласан соёлын агууламжуудыг урьдчилан тодорхойлсон байх тал дээр анхаарч ажиллах болно.Өөр нэг зүйл нь үндэсний брэндийн судалгааг хийж байгаа. Энэхүү судалгааг гадны орнуудад хэрхэн таниулах, бид гадаадад ямар брэндээр өөрсдийгөө илэрхийлж таниулах зэргийг анхаарч ажиллаж байна. Үндэсний нэгдмэл зүйл дээр тулгуурласан ямар үндэсний брэнд бий болгох вэ гэдэгт төвлөрөн ажиллаж байна. Аялал жуулчлалын салбарыг соёлоороо дамжуулан хэрхэн хөгжүүлэх, таниулах тал дээр анхаарч ажиллах болно.

С.ЭНХБОЛД: Жуулчдыг вакцин болон ковидын эмчилгээнд үнэгүй хамруулна

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД: Дэлхий даяар ковидын халдварын тохиолдол 24 хувиар буурсан байна. Улс орны вакцинжуулалтын үр дүнтэй холбоотой. Омикроны давалгааны нас баралтын түвшин өмнөх хувилбаруудаас 10 дахин багахөнгөнхэлбэртэй байна. Үүгээр корона вирус томуу, томуу төст өвчин рүү шилжиж байгаа гэсэн дүгнэлтүүд гарч эхэлж байна. Монгол Улсын хувьд мөн эерэг мэдээллүүд гарч байна. Манай улсын хувьд вакцинжуулалт өндөр хувь хийгдсэн орон. I тун 69.8 хувь, II тун 66.8 хувь, III тун 32.8 хувь, IV тун 90 мянга гаруй хүн хамрагдсан байна. Европын орнуудад халдварын тохиолдол буурсантай холбоотойгоор хилээ нээх зэргээр дотоодын хязгаарлалтаа бууруулж байна. Манай улс ч мөн халдварын түвшин бууруул хязгаарлалтуудаа цуцалж байгаа талаар Ерөнхий сайд мэдээлэл хийлээ. Омикроны давалгааны оргил үе нэгдүгээр сарын дундуур явагдсан. Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо буурсан. Тиймээс бид түвшин бууруулах саналыг ч мөн гаргасан. Манай улс он гараад тусгаарлалтыг зогсоосон. Мөн шинжилгээ авахыг зогсоосон. Эрүүл мэндийн салбарын зүгээс аялал жуулчлалыг сэргээх тал дээр ямар байдлаар хамтран ажиллах боломжтой вэ гэхээр вакцины нөөцөө ашиглах боломж байна. Дотоодын вакцины нөөц сайн байгаа учраас гадаадаас аялал жуулчлалаар ирж иргэдийг вакцинд үнэгүй хамруулах боломжтой. Мөн аялал жуулчлалын байгууллага орон нутгийнхан эрүүл мэндийн байгууллагатай тусламжийн чиглэлээр гэрээ байгуулах боломжтой. Мөн гадаадын иргэд ковидын халдвартай тохиолдолд үнэгүй эмчлэх болно. Цаашид аялал жуулчлалын чиглэлээр ажиллахад эрүүл мэндийн салбар нээлттэй байх болно.

                                                                                                        Д.Даваасүрэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)