С.ЭРДЭНЭ: АН-ын хувьд Хөгжлийн Банктай холбоотой аливаа хяналт шалгалтын ажилд гишүүдээ оролцуулахгүй

Admin | 2022-02-14


УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “АН-ын хувьд Хөгжлийн Банктай холбоотой аливаа хяналт шалгалтын ажилд гишүүдээ оролцуулахгүй гэдэг байр суурьтай байгаа. Харин бид хяналт шалгалтын үр дүнд аудит хийнэ. Үнэн зөв шалгасан эсэх дээр АН-аас ажлын хэсэг гаргаж хууль, банк санхүү талаас нь мэргэжлийн түвшинд аудит хийлгэнэ.

Жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжих санг тоносон тухай асуудал сөхөгдөж байсан. Энэ асуудалд тухайн үеийн УИХ-ын 50 гаруй гишүүн холбогдсон ч 3-4-хөн хүнд хариуцлага тооцох асуудал яригдаад өнгөрсөн. Энэ луйвартай холбогдсон хүмүүс өнөөдөр төрийн өндөр албан тушаал хашаад явж байна.

Хөгжлийн Банк яг энэ зам руу орох вий гэдэг болгоомжлол байна. Хэсэг бүлэг этгээд зохион байгуулалттайгаар төрийн мөнгийг шамшигдуулдаг. Түүгээрээ дуулиан тарьж байгаад замхруулдаг үзэгдэл хэвийн зүйл боллоо.

Эрх баригч намын удирдлагууд Хөгжлийн Банктай холбоотой мэдэгдлийг удаа дараа хийсэн. Ингэхдээ намын гишүүд нь тус банкнаас зээл авсан нь тогтоогдох юм бол намаас хасах арга хэмжээ авна гэсэн. Намаас хасах бол шийтгэл биш. Тэр этгээдүүд хууль зөрчсөн бол хуулийн дагуу арга хэмжээ авах ёстой.

Хөгжлийн Банк 2011 онд байгуулагдсан. Тэр цагаас хойш үе үеийн Засгийн газар энэ банкийг хэрхэн ажиллуулсан, хяналт тавьж байсан уу гэдэг асуудал огт яригдахгүй байгаа. Зөвхөн хэдхэн хүнийг цоллоод тэдэн төгрөгийн зээл авсан байна гэж дайраад байхаас биш Засгийн газрын хариуцлагын асуудлыг огт ярихгүй байна. 

Сүүлдээ ганц хоёрхон сэтгүүлчийн үйл хөдлөлөөр төрийн хяналт шалгалтын ажил явдаг болчхоод байна. Сэтгүүлчид “Өрийг өөрөөр нь төлүүлье” гэдэг хэлэлцүүлэг зохион байгуулсныг буруутгаж байгаа юм биш. Гэхдээ төр гэж байгаа бол төрийн хяналт шалгалтын байгууллага нь юу хийж байсан юм гэж асуумаар байна. Тэр хэлэлцүүлгийн үеэр тухайн үед Хөгжлийн Банкийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Л.Энх-Амгалан сайд сэтгүүлч Н.Өнөрцэцэгт хоёр хавтас бичиг баримт өгсөн. Энэ бол төр ямар хэмжээнд шалан дээр унаснаа харуулсан арчаагүй алхам болсон. Төрийн хяналт шалгах ёстой материал сэтгүүлчид май гээд өгч байгаа нь ямар учиртай юм.

Монгол Улсын Их хурлын гишүүн, сайд хүн төрийн шалгах ёстой материалыг сэтгүүлчид аваачиж өгч байгаа нь арчаагүй харагдаж байна” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)