Б.Шүүдэрцэцэг: Товчхондоо “Монголоороо бай” гэсэн санааг киногоор дамжуулж үзэгчдэдээ хүргэхийг хүссэн.

Admin | 2021-12-08


Хотулун гүнж” киноны нээлтийн үеэр “Шүүдэр” продакшны захирал, зохиолч Б.Шүүдэрцэцэгийн сэтгэгдлийг хуваалцлаа. 

-Юуны өмнө танд баяр хүргэе.  Цаг үетэй холбоотойгоор өнөөдрийг хүртэл уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгох хооронд багагүй бэрхшээл тулгарсан болов уу?

-Жилийн өмнө товлосон ёсоороо ийнхүү нээлтээ хийлээ. Маш их баяртай байна. Кино уран бүтээлийн багаараа хамгийн ихээр  эмээж  байсан зүйл гэвэл энэ их хөдөлмөрөөр бүтсэн кино маань нээлтээ хийх үеэр цар тахлын байдал яах бол гэх түгшүүртэй байсан. Гэсэн хэдий ч манай улсад өвчний халдвар буурч ,олон нийтийн арга хэмжээ болохуйц цагт нээлтээ хийж чадсан нь ганц миний ч биш энэ төсөлд оролцсон зуу гаруй кино багийн уран бүтээлчид болон ивээн тэтгэгч, хөрөнгө оруулагч гээд энэ олон хүмүүсийн өмнөөс баяртай байна. Кинонд ашиглагдсан дээл, туг зэргийг  үнэгүй оёоод өгөх гэх мэтээр  уншигчид маань тийм  их сэтгэл гаргасан учраас тэрхүү хүсэн хүлээсэн нээлт нь цагтаа болж байгаа байх аа.

-Үзэгчдийн хувьд түүхэн, тулаант гэдэг утгаараа нэлээд хүрч байгаа ажиглагдсан. Таны хувьд бүтээлээрээ үзэгчдэд юу хүргэхийг зорьсон бэ?

-Их Юань гүрний үеийн алтан ургийнхны хоорондын  зөрчлөөс үүдэлтэй буюу Тулуй, Өгөдэй хаадуудын үр удмын хоорондын зөрчилдөөнөөс Хотулун гүнж түүхэнд тодорч гарч ирснийг тусгахыг хүссэн. Хотулун гүнжийн түүхийг манай түүхчид бичээгүй. Гадаадын түүхчид харин бичиж үлдээсэн. Рашид ад-диний “Судрын чуулган”-д нэг хуудас бичсэн байдаг. Хайду хааны гүнж, хүч чадалтай, эцгийнхээ хамт байлддаг байсан гээд бүр тухайн үеийн хүмүүсийн дунд явсан цуу яриаг хүртэл дурдсан. Хотулун дайсны өөдөөс сум шиг шунгинаж ороод, амьд хэл сугавчлаад ирдэг тухай бичсэн байдаг. Хожим нь өөрийн албат царайлаг сайхан Абатайтай суусан гээд тодорхой өгүүлсэн. Хубилай хааны хамгийн том дайсан нь Хайду байсан. Аригбөхийг дагалдсан бүх хүн сүүлдээ бууж өгсөн. Хайду ганцаараа бууж өгөөгүй. Кинонд үйл явдал хэрэгтэй. Зарим эх сурвалжид алтан ургийнханд нэг нэг алтан судар байсан гэж дурдсан. Ийм домог бий. Түүнийгээ алдсан гэдгээр кино өрнөсөн. Уран сэтгэмжийн кино шүү дээ. Мөн бүтээлээс  цэвэр түүхийг барьсан гэхээсээ  монгол хүний  ёс жудаг, ахуй уламжлал, андын нөхөрлөл, ахас эхсээ хүндлэх ёс  ямар замыг туулж өнөөдрийг хүрсэн гэдгийг харах боломжтой. Товчхондоо “монголоороо бай” гэсэн санааг үзэгчдэдээ хүргэхийг хүссэн. Мөн бүх насны хүмүүст буюу гэр бүлээрээ ирээд үзэхэд тохиромжтой  хэрцгийлэл аллага, хашхираан, бүдүүлэг үг хэллэг, +18 зэрэг үзэгдлүүд байхгүй учраас яг өнөөдрийн үзэгчдийн хүсээд байгаа кино шиг кино хийх гэж манай баг хамт олон хичээн ажилласан.

-Хотулун гүнжийн дүрийг залуу жүжигчин М.Цэрэндолгор бүтээсэн нь их нүдээ олсон санагдсан. Та гол дүрээ сонгохдоо юуг гол шалгуур болгож байв?

 -Олон жүжигчин шалгарсан боловч төслийн урт хугацааны явцад  өөрчлөлтүүд их орж эцсийн шалгаруулалтыг дахин хийсэн. Нэгдүгээр шалгуурт мэргэжлийн сургууль төгссөн байх буюу жүжиглэлт, хоёрт тулааны ур чадвар, гуравт өмссөн хувцсаа амилуулж чадах дүр төрхийн зохицол, боловсролыг мөн харгалзан  жүжигчин М.Цэрэндолгорыг кино багийнхан санал нэгтэйгээр сонгосон. Манай кинон дээр цаг 45 минутын турш энэ гүнж бараг тасралтгүй гардаг. Найман удаагийн тулааны долоод нь оролцдог. Энэ хүнээс жүжиглэх чадвар шаардана. Цэдоо маань ч дүрдээ дурлаж бас сүрдэж миний болоод хамт олныхоо итгэлийг огт алдаагүй. Зураг авалтын үеэр орлон тоглогчгүй 90 хувийн гүйцэтгэлээ Цэдоо маань өөрөө хийсэн. Хотулун гүнж домогт Памир улсаас ирсэн хунтайжтай барилдсан тухай гардаг. Кинондоо ч мөн тэрхүү хэсгийг оруулсан. Тэр үзэгдэлд  МУГТ  дэлхийн аварга П.Орхонг орлон тоглуулсан. Найруулагч маань нээлтийн өмнө “Цэдо гэх сайн жүжигчин гарч ирлээ, цаашдаа ч энэ хүнд үргэлж ийм сайхан дүр оногдож өнөөгийнхөө байр суурийг бүү алдаасай” гэж хэлж байсан нь мөн  төсөл дууссан ч жүжигчнийхээ цаашдын карьерыг бодож сэтгэлээ чилээн байсан нь бид  нэг гэр бүл болсны илрэл байх. Мөн  төдий хэмжээнд үнэхээр сайн үнэлэгдэж жүжиглэж чадсаны илрэл болов уу .

-Зохиолын агуулгаа кинондоо бүрэн илэрхийлж чадсан уу?

-Зохиолын агуулгыг маш их өөрчилсөн. Нөхөр Болдхуяг, найруулагч Баасанжаргал, 5 жилийн өмнө төсөлд маань оролцох хүсэлтэй байсан зураглаач Крис Мартин, кино шүүмж бичээч Мөнгөн болон миний бие гээд  нийт таван  хүн кино зохиол дээр ажилласан. Романыг нь би бичсэн ч гэлээ ганцаараа кино зохиол дээр ажиллах боломжгүй. Кино зохиол романаасаа  үйл явдал, харагдац, дүрийн өсөлт хөгжилт зэрэг  хүүрнэл романаас өөр байдаг болохоор тавуулаа гар нийлэн бичсэн, нэлээн өөрчлөгдсөн гэж хэлж болно.

- Та бүтээлийнхээ чанарыг үнэлвэл?

-Бид үргэлж л дөрвөн уулынхаа хонхорт, төсөвтөө баригдаад л хямдхан кино хийж болохгүй. Гэтэл үзэгчид нь дэлхийн стандартын кино хүсдэг. Тэгэхээр Монголоос гадна дэлхийд гаргаж болохуйц кино бүтээх нь чухал юм. 100 гаруй хүний бүрэлдэхүүндээ, мөн уг төслийн гол хөрөнгө оруулалтыг хийсэн Мобиком корпорацийн VOO-ын хамт олонд тал талын бололцоогоор туслан дэмжсэн уншигч, үзэгчидэдээ гүнээ талархлаа илэрхийлмээр байна.

Ц.ГАНЧИМЭГ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)