САЙД Б.БАТЦЭЦЭГ:Украинд 27 оюутан байгаа. Эхний ээлжинд хүсэлт гаргасан 21 оюутныг татах авахаар ажиллаж байна

Admin | 2022-02-24


Засгийн газар ОХУ Украины асуудалтай холбоотойгоор ээлжит бус хуралдаан зарласан билээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл хийлээ. Тэрбээр “Украинд нийтдээ 68 оюутан сурч байгаа, 22 иргэн амьдардаг. Ихэнх нь Украин улсын иргэнтэй гэр бүл болсон олон улсын байгууллагад ажилладаг иргэд. Эдгээр иргэд бол Монголд ирэх хүсэлт гаргаагүй. Дээрх 68 оюутантай сарын өмнөөс ГХЯ-наас холбогдож ажиллаж байгаа. Украинд Монгол Улсын Элчин сайдын яам байхгүй. Өргөмжит консул иргэн бий. Польш улсаас манай Элчин сайд хамаарч ажилладаг. Сарын өмнөөс бид нөхцөл байдал хүндэрч магадгүй гээд оюутнуудад зөвлөмж өгсөн. Өнөөдрийн байдлаар 41 оюутан ирсэн. 27 оюутан одоо Украинд байна. Өчигдөр цахимаар уулзалт хийсэн. Эдгээр оюутнууд хэлний бэлтгэл, төгсөх курсын оюутан учраас ирэх боломжгүй зэрэг шалтгаанууд байна.  Өнөөдөр ОХУ Украин руу 12:00 цагийн үед довтолж эхэлсэн. Иргэд айдас түгшүүрт автсан  байна. Эх орондоо ирье гэсэн хүсэлтийг бас гаргаж байна. Бид оюутнуудаа яаж татан авах талаар ярилцаж байна. Одоо нисэх буудлууд ажиллахгүй. Нислэгүүд цуцлагдсан байдалтай байна. Одоогоор бид энэ сарын 26, 27-ны нислэгүүдэд 21 суудал захиалчихсан байгаа. Зардал мөнгийг зохицуулах талаар ярьлаа. Мөн дараагийн ээлжинд үлдсэн 6 оюутанг авахаар ажиллана. Хэрвээ нислэгээр авах боломжгүй бол газраар буюу Польшоор дамжуулж эх оронд нь авчрах талаар ажиллана. Нийт дөрвөн хотод оюутнууд бий. Европод сууж байгаа Элчин сайдуудтай байнга мэдээлэл солилцож байгаа. Бусад бүх л орнууд оюутнуудаа татан авахаар ажиллаж байгаа. Цэргийн обьект руу довтолгоо хийгдэж байгаа гэсэн мэдээлэл байна. Дотооддоо метроны буудал, зориулалтын хорогдох байранд иргэдээ орохыг уриалж байгаа. Нийтийн тээврийн хэрэгсэл, галт тэргээр зорчихгүй байхыг анхааруулж байна. Бид оюутнуудад шаардлагатай эд зүйлсээ биедээ авч явахыг анхааруулж байгаа. Бүх нислэг зогсчихвол Польш руу дор хаяж 1000 км машинаар явна. Польшийн хил дээр ирээд визээ авна. Бид эндээс хүсэлт тавиад ирэх гэж байгаа оюутнуудын мэдээллийг өгөөд хил дээр визийг нь олгох талаар харилцан ярилцаж байна. Түүнчлэн хот бүрт оюутнуудаа зөөх машин бэлтгэж ажиллаж байна. Мөн нислэг үйлдэх боломжтой бол МИАТ-ээс тусгай үүргийн онгоц нисгэж авах талаар ч давхар ярьж байна. Довтолгоон энгийн иргэдэд чиглээгүй гэж байгаа учраас сургуулийнхаа зааврын дагуу гарахгүй байгаа” гэсэн мэдээллийг өглөө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)