Ж.ЭРХЭМБААТАР: Хөгжлийн банкнаас зээл авсан зарим баримт устсан байна

Admin | 2022-02-24


Хөгжлийн банкны удирдлагууд чанаргүй зээлтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ. Хөгжлийн банкны дэд захирал Ж.Эрхэмбаатар “Би ажлаа аваад 14 хоног боллоо. Үүссэн нөхцөл байдлыг тодорхойлох, засах чиглэлд ажиллаж байна. Ерөнхий сайдын зүгээс цаашид алдаа дутагдал гаргахгүй байх үүрэг өгсөн. Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй хэргүүд шүүхийн шатан дээр ямар явцтай байгааг танилцуулах нь зүйтэй. Анхан шатны шүүхэд 16 хэрэг гацсан. Нийт 750 орчим тэрбум төгрөгийн хэрэг. Хамгийн удаан хүлээгдэж буй нь "Монгол Драй Милк" ХХК, 886 хоног анхан шатны шүүх дээр хугацаа алдаад явж байна. "Эрэл" ХХК 497 хоног удаа дараа хойшилж байна. "Монгема" компани 365 хоног хойшилсон. Сүхбаатар дүүргийн шүүх дээр зориуд гацааж байсан нь тогтоогдсон н.Уранчимэг шүүгчид хариуцлага тооцсон байгаа. Давж заалдах шатны шүүхэд нэг, хяналтын шатны шүүх дээр зургаан хэрэг хүлээгдэж байна. Нэгдсэн дүнгээр 1.2 их наяд  төгрөгийн маргаан зөвхөн шүүх дээр явж байна.  Үүний зэрэгцээ боловсон хүчний асуудал байна. Улс төрийн нөлөө бүхий хүмүүс ажилд томилогдож байж. Шүүх дээр Хөгжлийн банкны эрх ашгийг өмгөөлөх ёстой хоёр хуульчийн нэг нь хэлтсийн даргын чиглэлээр очоогүй, оролцсон нэг нь чимээгүй шахуу суусан байна. Иймд эхнээс нь зарим албан тушаалтнуудыг чөлөөлөөд явж байна. Мөн зээл олгосон баримт бичгүүдийн 66 хувь нь зөрчилтэй, нотлох баримт дутуу, ямар нэгэн байдлаар устсан байна" гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)