ДАЙНЫГ ЭХЛҮҮЛСЭН ОРОСТ ЯМАР ХОРИГ ТАВИВ

Admin | 2022-02-28


Орос Украины дайн дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Тус хоёр улстай холбоотой бусад орны шийдвэр, байр суурийг ч улс орнууд сонирхож буй. Орос Украин руу гал нээснээс хойш тус улсад ирсэн сөрөг нөлөөллийг тоймлон хүргэж байна.

-Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF) хүндэт ерөнхийлөгч В.Путинг түтгэлзүүлэх шийдвэр гаргав. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин цөмийн зэвсэгт хүчнээ бэлэн байдалд шилжүүлсэн хэмээн мэдээлэл цацагдсан билээ. Үүнтэй холбоотойгоор түрэмгийллийг эсэргүүцэн IJF Хүндэт ерөнхийлөгч, элчин сайдаасаа В.Путинг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ. ОХУ-ын Ерөнхийлөгч  В.Путин 2008 онд жүдо бөхийн хар бүстэй болсон бөгөөд түүнээс хойш хүндэт ерөнхийлөгчөөр ажиллаж иржээ.

-ОХУ-ыг олон улсын төлбөр тооцооны SWIFT сүлжээнээс хасав. Европын холбоо, АНУ ОХУ-ын банкуудыг SWIFT системээс гаргах шийдвэрт санал нэгдэв. Ингэснээр ОХУ-ын үйл ажиллагааг олон улсын хэмжээнд тодорхой хүрээнд хязгаарлаж чадна гэж үзжээ. Учир нь ОХУ байгалийн хий, шатахууны экспортоор дамжуулан SWIFT системтэй холбогддог. SWIFT нь мөнгийг хил харгалзахгүйгээр, нэг газраас нөгөөд шилжүүлдэг, олон улсын санхүүгийн дэд бүтэц гэж хэлж болох систем юм байна. Англиар "Society for Worldwide Interbank Financial Telecommunication" буюу олон улсын банк хоорондын санхүүгийн харилцааны нэгдэл гэсэн утгаттай. ОХУ-ыг энэ системээс гаргаснаар тус улсын компаниуд гадаад төлбөр тооцоогоо хурдан хийх боломжгүй болж цаг хугацаа алдахаас гадна яваандаа орлого буурна гэж үзжээ. Гэхдээ ОХУ-тай хамтран ажилладаг, барууны компаниудад сөргөөр нөлөөлж болзошгүй тул уг шийдвэрийг Францын Сангийн сайд хамгийн сүүлд хэрэгжүүлэх хориг байсан талаар ярьжээ.

-Канад, Австрали улс, Европын холбоо, АНУ болон Их Британи улстай нэгдэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, тус улсын Гадаад харилцааны сайд Сергей Лавров нарын эсрэг хориг арга хэмжээ авахаа мэдэгдэв. Тодруулбал, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо "Бид ерөнхийлөгч Путин болон харгис дайныг өдөөгчид болох Зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга, Гадаад хэргийн сайд Сергей Лавров нарын эсрэг хориг арга хэмжээ авна. Эдгээр хүмүүс Украин дахь сүйрэл, амиа алдагсдын гол хариуцлагыг хүлээх болно" хэмээн мэдээлсэн билээ. Түүнчлэн Канад улс Оросыг олон улсын мөнгөн гуйвуулгын SWIFT системээс хасах санаачилгыг дэмжихээ илэрхийлсэн. Мөн "Эрх чөлөөтэй, тусгаар тогтносон улс руу довтлоход тусалсан" хэмээн Беларусийн эсрэг хориг арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Мөн Австралийн Гадаад харилцааны сайд Мариз Пейн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Гадаад хэргийн сайд С.Лавров нарын эсрэг хоригийг дэмжихээ илэрхийлсэн.

-Европын холбоо Путин, Лавровыг хоригийн жагсаалтад оруулна. Европын холбооноос ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Гадаад хэргийн сайд Сергей Лавров нарыг хоригийн жагсаалтад оруулах болсон талаар Германы Гадаад хэргийн сайд Анналена Баербок мэдэгдэв.

-Сергей Шойгу тэргүүтэй 555 хүнийг хар жагсаалтад оруулав. Европын холбооноос Оросын төрийн албан хаагчид, хууль тогтоогчдыг хар жагсаалтад оруулав. ОХУ-ын Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улсыг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Европын холбооноос Оросын улс төр, батлан хамгаалах, эдийн засгийн байгууллагын 400 шахам төлөөлөгч, сэтгүүлчид, олон нийтийн зүтгэлтнүүдийн эсрэг хувийн хориг арга хэмжээ авчээ. Хориг арга хэмжээний жагсаалтад ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Марат Хуснуллин, Дмитрий Григоренко, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Орешников, ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Антон Вайно, ОХУ-ын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова болон тус улсын Засгийн газрын гишүүд багтжээ. Хар жагсаалтад орсон, шийтгэл авсан хүмүүсийн бүрэн жагсаалтад одоо 555 хүн, 52 байгууллага багтаж байна. Тэд бүгд Европын холбоонд нэвтрэх болон банкны системд нэвтэрч чадахгүй, хориг тавиуллаа.

-АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Оросын “Хойд урсгал 2” хийн хоолойн ажлыг хариуцаж буй компанид хориг арга хэмжээ авав. Ингэснээр Орос эрчим хүчтэй холбоотой мөнгөний том урсгалыг алдах аюултай гэж судлаачид үзжээ. Тэрээр “Оросын Украинд явуулж буй үйлдлийн хариуд авч буй хориг арга хэмжээний нэг нь. Хэрэв байдал хүндэрвэл дараагийн арга хэмжээнүүдийг авах болно” гэж мэдэгдэв.

-АНУ-ын зүгээс Оросын элитүүдийн эсрэг хориг тавьж, АНУ дахь хөрөнгийг битүүмжлэв. Жо Байден “Бид Оросын ВЭБ /Төрийн хөгжлийн корпораци/ болон, Цэргийн банкийн эсрэг хориг тавьж, ОХУ-ыг барууны санхүүгийн системээс тусгаарлаж, элитүүдийнх нь эсрэг хориг тавьж байна" хэмээн цахим хуудсандаа бичсэн байна. АНУ-аас тавьсан хоригт төрийн өмчит хоёр банк, Путинтэй ойр дотно гурван албан тушаалтан багтжээ. Ингэхдээ Путинтэй ойр ажилладаг хоёр албан тушаалтны хүүхдүүд болох Денис Бортников, Владимир Кириенко нарт хориг тавьсан гэв. Тэд нөлөө бүхий бизнесийн төлөөлөл бөгөөд эцэг нь Путины дотоод тагнуулын албаны дарга, зөвлөхөөр ажилладаг байна.  Тиймээс АНУ-ын эзэмшилд байсан бүх хөрөнгийг нь битүүмжилсэн байна. Цаашдаа ч нөлөө бүхий хүмүүст тавих хориг үргэлжилнэ хэмээн хэвлэлийнхэн онцолжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)