Дэлхийн утга зохиолын сонгодог төлөөлөгчдийн нэг Оросын алдарт зохиолч Лев Николаевич Толстойн “Анна Каренина” сонгодог жүжиг энэ сарын 1-нээс дахин тоглогдож эхэлсэн билээ. Анна Каренинагийн дүрийг УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа бүтээсэн бол түүний төрсөн ах буюу Стива Облонскийгийн дүрд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан О.Гэрэлсүх тоглосон юм. Түүний хувьд 1996 онд “Ромео, Жульетта” жүжгийн Ромеогийн дүрийг бүтээсэн анхны жүжигчин гэдгээр нь бид сайн мэдэх билээ. Түүнийг энэ удаагийн “Уран бүтээлч” буландаа урьж, ярилцлаа.
-“Анна Каренина” жүжиг хэсэг хугацаанд завсардаад дахин тоглогдож эхэллээ. Үзэгчдийн уур амьсгал хэр байна. Хүлээлт их байсан байх?
-Энэ удаагийн манай тоглолт удаан хугацааны ковидын цар тахлын дараа эхэлж байгаа учир маш их хүлээлттэй байна. Бид уг жүжгээ тоглолгүй жил гаруй болсон. 2021 оны арван нэгдүгээр сараас эхлэн тоглосон. Одоо тасалбарын тоглолтоо хийж байна. Энэ удаагийн тоглолтод шинэ дүрд тоглосон. Миний хувьд Стива Облонскийн дүрд шинээр гарч тоглож байна. Үзэгчдийн хувьд тайзны урлаг энэ тоглолтоо үнэхээр санасан нь мэдэгдэж байна. Тоглолт бүр дүүрэн үзэгчидтэй байна. Үзэгчдийнхээ халуун алга ташилтыг эргээд сонсоход сайхан байна.
-Таны хувьд Стивагийн дүрээрээ үзэгчдээ юуг илэрхийлэхийг зорьж байна. Дүрийнхээ онцлогийн талаар бидэнд ярьж өгөхгүй юу?
-Би Стива Облонский буюу Анна Каренинагийн төрсөн ахын дүрд тоглож байгаа. Стивагийн эхнэр бол Долли. Доллигийн дүрд манай театрын МУГЖ Г.Урнаа эгч маань тоглож байгаа. Миний дүрийн хувьд төрийн түшмэл, гүн хүн. Түүнийхээ хажуугаар хувийн амьдрал нь адармаатай, хөнгөн шингэн явдалтай түүнээсээ болж гэр бүлийн асуудалд орооцолдсон байдаг. Тэр байдлаасаа гарах гэж дүүгээсээ тусламж гуйсан ийм хүн байдаг. Ер нь амьдралдаа үргэлж зальжин, овжин, хөнгөмсөг, аливаад ашиг хонжоо үргэлж харж явдаг ийм дүр. Энэ бол аль ч цаг үе, аль ч нийгэмд байдаг зальтай, овжин, долигонуур ийм хүний дүрийг бүтээж байна даа.
-Ер нь сонгодог жүжиг тэр дундаа “Анна Каренина” жүжгийг яагаад үзэх ёстой вэ?
-“Анна Каренина” жүжгийг үзэх гол шалтгаан гэвэл дэлхийд хамгийн алдартай эмэгтэй хүний тухай гардаг жүжиг гэж үздэг. Тэгэхээр эмэгтэйчүүдэд маш их сонирхолтой байх ёстой. Яагаад гэвэл гэр бүлийн амьдрал тэр дундаа эмэгтэй хүний хувь заяаны сонголтын талаар өгүүлдэг. Мэдээж эмэгтэй хүний амьдралыг харуулна гэдэг чинь түүний эргэн тойрон дахь хань, найз нөхдийн тухай гарна. Зохиолд гурван өөр гэр бүлийн тухай гардаг Каренинийн гэр бүл, Стива Облонский буюу миний гэр бүл мөн Анна Каренина буюу Влонский гэсэн ийм гурван хүний хайр дурлалын түүхийг янз бүрийн байдлаар үзүүлснээрээ сонирхолтой. Тийм учраас үзэгчид маань дэлхийн сонгодог зохиолыг зайлшгүй үзэж, сонирхох хэрэгтэй. Ном нь дэлхий даяар алдартай. Уншихад нэг өөр, үзэхэд нэг өөр шүү дээ.
-Сонгодог жүжгийг залуу үеийнхэн үзэх нь багассан гэдэг. Энэ тухайд та ямар бодолтой байдаг вэ?
-Ер нь сүүлийн үед залуучууд театрын урлагийг харин ч бүр эсрэгээрээ их ирж үзэж байгаа. Залуучууд маань өнөөгийн виртуал, дижитал ертөнцөд кино, контентыг үзэх гэхээсээ илүүтэйгээр бодит тайзны амьд урлагийг театр дээрээ ирж үзэх сонирхолтой болжээ. Өнөөдөр бид үзэгчдийнхээ дүүргэлтийг харж байхад эрс залуужсан, ихэвчлэн залуус байгаа нь харагдсан. Үүнд их баяртай байна. Үргэлж бидний хийж буй шинэ уран бүтээл болгон дээр үзэгчид дүүрэн байгаа нь уран бүтээлч хүний хувьд сэтгэл саайхан байна.
-Таны хувьд 1996 онд анхны Ромеогийн дүрийг бүтээж байсан шүү дээ. Сонгодог жүжигт дүр авахын тулд хатуу шалгаруулалтыг давдаг байхад та бүр урилгаар тоглосон байдаг шүү дээ?
-1996 онд “Ромео Жулльета” жүжгийн Ромеогийн дүрд тоглосон. Тус жүжгийн УДЭТ-ын найруулагч МУСГЗ Ч.Найдандож найруулсан. Уг жүжигт их азтай тохиолдлоор гол дүрд өөрөө уригдсан. Дөнгөж СУИС-ийг төгсөөд МҮОНРТ-д ассистент найруулагчаар ажиллаж байхад намайг театрт орж жүжигчний ажил хийгээч ээ, тэр тусмаа Ромеогийн дүрийг бүтээх боломжийг олгосон. Тэр бол надад үнэхээр сайхан санагдсан. 30 гаруй жилийн өмнө Ромеогийн дүрд тоглож байсан байна. Тэр үеэ бодоход надад их сайхан байна. Тэр үеийн үзэгчид өнөөгийн үеийн үзэгчид тэс өөр л дөө. Гэхдээ нэг адилхан зүйл нь хүмүүсийн сонгодог жүжгийн мөнхийн өгүүлэмж, утга санаа бол хэзээд ямар ч цаг үед ямар ч нийгмийн үед үнэн, сонирхолтой, утга төгөлдөр байдлаа хадгалдаг.
-Эргээд дурсаад Ромеод анх тоглоход эмээж байсан зүйл байв уу?
-Миний хувьд дөнгөж оюутныхаа ширээнээс гарч байсан үе. Анх Ромеогийн дүрд гарахад их сүрдмээр, түгшиж байсан л даа. Анх удаа тийм том жүжгийн дүрд гарах ямар ч жүжгийн арга барил, туршлага байхгүй учир хэцүү байсан. Гэхдээ тухайн үед УДЭТ-т ажиллаж байсан хүмүүс, ахмад уран бүтээлчид надтай хамт гол дүрүүдэд тоглосон жүжигчид маань маш их тус болсон. Ардын жүжигчин Л.Жамсранжав, ардын жүжигчин С.Сарантуяа болон надтай цуг жүжигт тоглосон жүжигчин И.Одончимэг, Г.Урнаа нар маань маш их түшиг, нөмөр болж байсан. Би ч гэлтгүй миний үеийн залуучууд бүгдээрээ өөр өөр дүрд тайзан дээр хамт гарч байлаа. Одоо ч гэсэн энэ том сонгодог жүжгүүдийнхээ нас тогтсон дүрд тоглоод явж байна.
-Театрын тайзнаас жүжигчин яг юу мэдэрдэг вэ. Үзэгчидтэй амьд харилцаатай тоглоно гэдэг бас өөр зүйл болов уу?
-Жүжигчин хүнд хамгийн сайхан ажлын талбар бол театрын уран бүтээл байдаг. Театрын дүр бол тайзан дээр жүжигчидтэйгээ болон үзэгчидтэйгээ шууд бодит , амьд харилцаа үүсгэдэг. Шууд харилцаанаас үзэгчдийн уур амьсгал мэдэрнэ гэдэг уран бүтээлч хүнд сэтгэл ханамжийг дээд зэргээр өгдөг. Тэр бүхэн бодит учраас сайхан. Нөгөө талаараа телевизийн уран бүтээлийн хувьд тухайн мөчид нь хэн, ямар үзэгч үзэж байгааг мэдэхгүй шүү дээ. Гэтэл өнөөдөр үзэгчдийнхээ өмнө яг байгаагаараа байна гэж бодохоор тайзан дээр тоглож байгаа жүжигчид 100 хувь өөрийнхөө бие сэтгэл, оюун ухаан үйлдлээ тухайн дүрд зохицуулж гаргаад энэ дүр маань хүнд хүрч байна уу, үгүй юу гэдгийг харчихаж болж бнйа гэдэг л хамгийн сайхан.
-Таны хувьд маш олон дүрийг бүтээсэн байдаг. Гэхдээ л нэг тийм дүрд тоглоод үзчих юмсан гэсэн нууцхан хүсэл бий юу?
-Жүжигчин хүнд янз бүрийн дүрүүдэд тоглох мөрөөдөл байдаг. Миний хувьд Ромеогийн дүр, Толстойн дүр, Стива Влонский зэрэг нэлээд том дүрүүдэд тоглож үзсэн. Гэсэн ч надад тоглож үзэх юмсан гэж боддог сонгодог дүрүүд бий.
-Уран бүтээлээсээ хэсэг амсхийж, амрахдаа юу хийх дуртай вэ?
-Миний хувьд чөлөөт цагаараа хөдөө явах дуртай. Ер нь аялалд их дуртай. Хөдөө хөдөөдөө алс холын аялалд их дуртай. Монголынхоо 21 аймгаараа бараг л бүх сумдаар нь аялаад үзсэн дээ. Авто аялал, явган аялал, уулын аялалд ер нь дуртай шүү.
-Ирээдүйн жүжигчдэд хандаж юу зөвлөх бол?
-Жүжигчин мэргэжлээр сурч байгаа залуу үеийнхэндээ хандаж хэлэхэд мэдээж сургуульдаа жүжгийн урлагийн онолыг сурна. Дараа нь практикаа эзэмшинэ. Гэхдээ суралцаж байх явцдаа болон ажиллаж байх явцдаа хамгийн гол ойлгох юм нь залуучууд маань нэгдүгээрт өөрөө хүн байх явдал юм. Хүн халуун сэтгэлтэй, бүлээн зүрхтэй биш л бол аливаа дүрийг гаргах боломжгүй. Жүжигчин хүний ажил үргэлж хүний тухай, хүний төлөө байдаг. Ийм л ажил. Тийм болохоор энэ цаг хугацаандаа хүн гэдэг ямархуу байдлаар хүнлэг байх ёстой вэ гэдгийг бодож явах ёстой.
А.МӨНХНАРАН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14