Жил бүрийн гуравдугаар сарын 8-ныг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг. Монголчуудын хувьд бүтэн өдөр амарч, эмэгтэйчүүдийг гэрийн ажлаас чөлөөлж, ээж, эхнэр, эмээдээ бэлэг сэлт өгч тэмдэглэдэг. Төрөөс хүртэл баахан одон, медаль гардуулж орон даяар бараг найрын байдалтай өнгөрүүлдэг. Тэгж гэмээнэ эмэгтэйчүүдийн эрх нэг юм хангагддаг бололтой дог. Гэвч гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүд, хүчиндүүлж хүсээгүй жирэмслэх охидын тоо өссөөр л байгаа нь харуусмаар.
Нэг өдөр цэцэг, шоклад авлаа гээд маргаашийн нөхрийн зодуураас мянга мянган эмэгтэй мултрах билүү. Магадгүй дарга нь ажлынхаа бүсгүйчүүдэд цэцэг өгч, хоолонд оруулчихаад маргаашийн ажлын байрны бэлгийн дарамтаа зогсоох уу. Төр засгаас одон, медалийнхаа хамт нийтээр нь цалин хөлсийг нь нэмээд, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжээд өөд татдаг билүү. Угтаа энэ л өдөр эмэгтэйчүүд хаана ямар асуудал байна, юу болохгүй байна түүнийгээ нэгдэн илэрхийлж төр засгийн хэмжээнд дуу хоолойгоо хүргэх ёстой юм. Үр дүн маруухан хэдэн хурал, сименар зохион байгуулах нь хангалтгүй.
Тэгээд ч энэ өдрийг дэлхий нийт онцгойлон эмэгтэйчүүдэд өгч тэмдэглэх болсон шалтгаан нь 1857 оноос эхлэлтэй. Нью-Йорк хотын нэхмэлийн үйлдвэрийн эмэгтэйчүүд бага цалин, таагүй ажлын орчноо шүүмжилж анх удаа жагсаал зохион байгуулсан гэдэг. Энэ бол эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө нэгдэж дуугарсан анхны зоригтой үйл явдал хэмээн түүхэнд тэмдэглэгджээ. Үүний дараа 1908 онд эмэгтэйчүүд дахин ажиллах нөхцөл орчинг сайжруулах, хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгийг зогсоох, цаашлаад улстөрийн сонгуульд эмэгтэйчүүдийг оролцуулахыг шаардаж жагссан байна. Яг жилийн дараа уг өдрийг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хэмээн дэлхий нийтэд зарлажээ. Улс орон бүр хэрхэн тэмдэглэх нь өөр өөр ч нэг л үзэл санааны төлөө нэгддэг. Энэ бол эмэгтэйчүүдийн эрх. Тухайлбал, 2018 онд Испани улсад 5 сая гаруй эмэгтэй ажилчид 24 цагийн турш ажил хаяж цалингийн тэгш бус байдал, ажлын байран дээрх хүчирхийлэл болон хүйсээр ялгаварлах байдлыг зогсоохыг шаардсан байна. Иймэрхүү жагсаал улс орнуудад өрнөх нь түгээмэл.
Харин манайд жил ирэх тусам бид хэтэрхий нялцгар болж байна. Бэлгэнд авсан хэдэн цэцэг, хувцас, гуталны зураг цахим хуудсандаа тавихаас хэтрэхгүй хэмжээнд хүрч. Хэдэн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд мөрөндөө нэг залууг суулгаж талбай дээр хэсэг гүйснээс өөр эмэгтэйчүүдийн эрхээ нэхэх дуу хоолойг сонссонгүй.
Алив нөгөө ажлын байрны дарамт, агсам нөхрийн зодуур, аравдугаар ангиа ч төгсөөгүй охиноо хүчирхийлэгчдийг эсрэг тэмцэгчид хаана байна..!?Охид, эмэгтэйчүүдийн төлөө дуугарах ёстой төрийн болон төрийн бус байгууллага, холбоод нь юу хийв...!?
Монголын эмэгтэйчүүдийн нийгмийн асуудал улам л дордож байна уу гэхээс дээрдсэн зүйлгүй байлтай. Тиймээс дараа дараагийн жилдээ үүнд илүү анхаармаар байна. Хатаад унадаг цэцэгт биш хуулиар олгогдсон эрхээ бүрэн эдлэхэд дуу хоолойгоо чиглүүлмээр байна. Заавал март ч гэлтгүй өдөр бүр бидэнд ийм боломж бий.
Д.Даваасүрэн
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14