Г.БАТЗОРИГ: Газруудыг зөвхөн чөлөөлөх бус, тохижилт, ногоон байгууламж хийнэ

Admin | 2022-03-13


2021 онд Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн зам талбайд стандартын бус, зохих зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчил бүхий гарааш, зөөврийн байгууламж, өргөтгөл, хашаа, хаалт, хайс, шон зэргийн 1556 объектыг чөлөөлж, 43 байршилд тохижилтын ажил хийх боломжийг бүрдүүлсэн бөгөөд дөрвөн байршилд тохижилтын ажлыг хийж дуусгажээ. Энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзоригтой ярилцлаа.

-Өнгөрсөн жил Хотын дарга хоёр захирамж гаргаж, нийтийн эдэлбэр газрыг нийтэд нь үлдээх шийдвэрийн дагуу хэд хэдэн байршилд зөвшөөрөлгүй барьсан байгууламжууд буюу гараашийг чөлөөлсөн. Энэ жилийн хувьд ажил ямар шатандаа явж байна вэ?

-Энэ жил нийт зөвшөөрөлгүй 4860 гарааш буулгаж, зөрчил арилгахаар ажиллаж байна. Газар чөлөөлөх ажлыг 2022 оны гуравдугаар сарын 15-наас хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эхлээд цэцэрлэг, сургууль орчмын гараашнуудыг буулгаж эхэлнэ.

-Гарааш буулгах явцад олон нийтийн хандлага ямар байна вэ?

-Өнгөрсөн жил 1000 орчим гарааш чөлөөлсөн. Иргэд маш идэвхтэй дэмжсэн. Энэ жил мөн дэмжиж байна. Эдгээр газруудыг зөвхөн чөлөөлөх бус, тохижилт хийх, ногоон байгууламж барих, зам талбай гаргах ажлууд хийнэ. Чөлөөлсөн талбайд ямар нэг барилга барихгүй. Тодорхой байршлуудад иргэдтэй зөвшилцөж байгаа. Нэг жишээ татахад I хорооллын ард 1900 орчим гарааш бий. Үүнд тохижилт хийх, ногоон байгууламж барих ерөнхий төлөвлөгөөг батлуулна.

-Нийтийн  эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг буулгаж, бүтээн байгуулалт хийхэд иргэд голчлон ямар саналтай байна вэ?

-Тухайн оршин суугчдаас санал авахын тулд нэлээн ажиллагаа хэрэгтэй байгаа. Доороо зогсоолтой байрнууд тусдаа, зогсоолгүй байрнууд бол давхар гарааштай, тоглоомын талбайтай гэх мэт олон янзаар яригдана. Бид газрыг буулгаж чөлөөлөөд, иргэдээс санал авч  байгаа. Энэ бол үе шаттай, тодорхой хугацаанд хийх ажил. Ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай нийслэлийн хэмжээнд их дутагдалтай байна.

-Өнгөрсөн жил чөлөөлсөн газруудад ямар бүтээн байгуулалтууд бий болсон бэ?

-Өнгөрсөн жил 1500 орчим объект, зөрчлийг арилгасан. Нийт 37 мянган мкв газрыг чөлөөлж, дөрвөн байршилд ногоон байгууламж, тоглоомын талбай хийсэн. Мөн 43 байршилд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай бий болох нөхцөлийг бүрдүүллээ.

НИТХ-ын 2019 оны тогтоолоор нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөх, хашаа хайсны журам гэж гарсан. Бид уг журмыг энэ жил дахин хэрэгжүүлнэ. Өнгөрсөн жилийн хувьд 1500 орчим байршилд газар чөлөөлөлт хийсэн. Гэсэн ч газар чөлөөлөлт хийсэн байршилд дахин хашаа, хайс татсан асуудал гарсан. Тиймээс энэ жил 57 байршилд 400 орчим газрыг дахин чөлөөлнө. Хашаа, хайстай холбогдох журмыг мөрдүүлж, шон татаж, гинжилдэг байдалд арга хэмжээ авна.

-Өнгөрсөн жилүүдэд чөлөөлсөн газар дээр дахин хашаа, хайс барьсан асуудал гарсан гэж байна шүү дээ. Магадгүй энэ цаашид давтагдахыг үгүйсгэхгүй. Хэрэв нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлсний дараа дахин хашаа баривал ямар хариуцлага тооцох вэ?

-Өнгөрсөн жилийн тухайд уг ажлыг дан ганц Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба л хэрэгжүүлээд явдаг байсан. Энэ жил арай өргөжиж байгаа. Өөрөөр хэлбэл, Хотын стандарт, хяналтын газар, НМХГ, НОБГ зэрэг боломжит бүхий л харьяа байгууллагууд хамтран хэрэгжүүлж, хяналт тавихаар төлөвлөсөн. Шон, хайсыг буцааж бариулахгүй байх тал дээр нь анхаарах гэхчлэн бүх арга хэмжээг цогцоор нь авна.

ИРГЭД: Зөвшөөрөлгүй, ашигладаггүй гараашнуудын оронд ногоон байгууламжийг нэмэгдүүлээсэй

Иргэд нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөхөд дараах байр суурийг илэрхийлж байна.

-Улаанбаатар хотод цэцэрлэгт хүрээлэн, хүүхэд залуучуудад зориулсан газар цөөхөн болохоор тиймэрхүү чиглэлийн бүтээн байгуулалт хийгээсэй гэж бодож байна.

-Гол нь буулгаж байгаа гараашнууд нь зөвшөөрөлгүй байгаа тохиолдолд ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалт хийвэл зүгээр байх.

-Энд тэндгүй ашигладаггүй хуучин гараашнуудтай. Хажуугаар нь зөрж өнгөрөхөд хүртэл хэцүү, хог шороо ихтэй, хүмүүс шээж, баагаад бас л хэцүүхэн л харагддаг шүү дээ.  Ялангуяа хүүхдийн цэцэрлэгийн урд ийм гарааш олон байдаг болохоор хурдан буулгаасай л гэж бодож байна.

-Тоосгон гараашнууд  хотын өнгө үзэмжид муугаар нөлөөлөхүйц л харагддаг. Мэдээж хувь хүний өмч хөрөнгө байгаа л байх. Гэхдээ зөвшөөрөлгүй гарааштай бол нийтийн эрх ашгаа бодож нураах л хэрэгтэй болов уу.

-Ногоон байгууламжуудыг нэмэгдүүлбэл агаарын бохирдлыг ч бууруулахад дэмтэй. Тэгэхээр зөвшөөрөлгүй, ашигладаггүй гараашнуудын оронд ногоон байгууламжийг нэмэгдүүлээсэй.

-Иргэдийнхээ эрүүл мэндийг бодоод ногоон байгууламжаа нэмж барихад түлхүү анхаарах хэрэгтэй байх.

-Тоосгон гараашнууд чинь харагдах байдлаасаа ч муухай харагддаг. Тэгэхээр тэдгээрийг буулгаж, газар чөлөөлж байгаа ажил бол маш зөв гэж харж байгаа. Зөвшөөрөлгүй бол буулгасан нь л дээр.

 НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)