А.ТҮВШИНТӨГС: Сэтгэл санааны хохирлыг үнэлэх зохицуулалт Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан

Admin | 2022-03-14


  “Өмгөөллийн Номун түншлэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч,  хуульч, өмгөөлөгч А.Түвшинтөгстэй ярилцлаа. Тус хууль зүйн фирмээс “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх” стратегийн өмгөөллийг Нээлттэй нийгэм форум ТББ, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран хэрэгжүүлж байна. Бид олон нийтийн тулгамдсан асуудалд хариулт өгөх үүднээс дээрх сэдвээр цуврал ярилцлагыг хүргэж байгаа билээ. Энэ удаа УИХ-д өргөн бариад буй Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд сэтгэл санааны хохирлыг хэрхэн оруулсан талаар ээлжит ярилцлагаа бэлтгэлээ.

-Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-д өргөн баригдлаа. Энэ хуулийн төсөлд сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлж, үнэлэх талаарх зохицуулалтыг шинээр оруулж өгсөн. Бусад хуулиудад энэ талаарх зохицуулалт байхгүй байсан уу, ямар зорилтоор энэ асуудлыг хөндөж, дэвшүүлсэн юм бэ?

-Тиймээ. Гуравдугаар сарын 11-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд УИХ-д Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Энэхүү хуулийн төслийн танилцуулгад зургаан зорилтыг дэвшүүлсэн. Зургаа дахь зорилт нь сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх, үнэлгээг хийх эрх зүйн орчныг шинээр тодорхойлох гэж тусгагдсан. Сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх, үнэлэх зохицуулалтыг шинээр нэмж тусгах хэрэгцээ шаардлага нь хүчин төгөлдөр хуулиудад гэмт хэргийн улмаас хүний бие, эд хөрөнгөд учирсан бодит хохирол, гэм хорыг арилгах талаар зохицуулалтыг боловсронгуй болгосон боловч эдийн бус гэм хор тэр дундаа сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоох, шүүхээр шийдвэрлүүлэх эрх зүйн орчин тодорхойгүй хэвээр байна гэж үзсэн. Мөн Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад сэтгэл санааны хохирлыг ямар шаардлагыг үндэслэн тооцох, ямар шалгуур үзүүлэлттэй байх, яаж үнэлэх нь тодорхой тусгагдаагүй юм. Иймээс сэтгэл санааны хохирол буюу сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх, хохирлыг үнэлэх зохицуулалтыг Шүүх шинжилгээний тухай хуульд шинээр оруулж өгсөн.

-Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэхэд ямар нөхцөлийг харгалзах вэ?

-Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгад дурдсанаар Эрүүгийн хуулийн нийт 14 бүлгийн 86 гэмт хэрэгт сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулахаар зааж өгсөн. Дэлхий нийтэд сэтгэл санааны хохирлыг хуулиар тогтоон заахдаа тусгайлан заах зарчмыг баримталдаг. Учир нь бүх гэмт хэрэгт сэтгэл санааны хохирлыг гаргуулах боломжгүй юм. Иймээс шүүх шинжилгээний тухай хуульд ямар гэмт хэрэгт сэтгэл санааны хохирлыг гаргуулах талаар зааж өгсөн нь ач холбогдол өндөртэй гэж харж байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “сэтгэцэд учирсан хор уршгийг тооцох үнэлгээ” гэсэн зүйл тусгагдсан. Энэхүү зүйлд шинжилгээний байгууллага сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргахдаа гэмт хэргийн хохирогч эсэх, эсхүл эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх; гэмт хэргийн улмаас сэтгэцийн өөрчлөлтөд орсон байх; хохирогчийн сэтгэцийн шинжилгээг хийж, сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг тогтоосон байх; сэтгэцэд учирсан хор уршиг нь шууд хохирогчид эсхүл шууд бус хохирогчид учирсан байх; түр зуурын эсхүл байнгын шинж чанартай хор уршиг сэтгэцэд учирсан байх, сэтгэцэд учирсан хор уршгийг тодорхойлохдоо тухайн нөхцөлд учирсан хор уршгийг тогтоосон байх нөхцөлүүдийг харгалзахаар тусгагдсан. Энэхүү харгалзах нөхцөл нь сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, шүүх хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэр гаргах урьдчилсан нөхцөл болдог.

-Сэтгэцэд учирсан хор уршгийн жишиг үнэлгээг шүүх шинжилгээний хуульд тусгахаар боловсруулсан уу?

-Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн “Хуулийн үйлчлэх хүрээ” хэсэгт сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ тооцоход энэ хууль үйлчилнэ гэж заасан боловч төсөлд жишиг үнэлгээг тогтоосон тариф бүхий заалт тусгагдаагүй байна. Харин энэхүү хууль батлагдсантай холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт орох юм. Энэхүү дагалдах хуулиуд болох Иргэний хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад сэтгэцэд учирсан хор уршгийг хэрхэн үнэлэх вэ гэдэг зохицуулалтыг тодорхой тусгахаар төсөлд орсон.

-Тухайлбал...?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлд “шүүхээс сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг хэмжээг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Улсын Дээд шүүх батална” гэж тусгасан. Сэтгэл санааны хохирлыг гаргуулж байгаа практикаас харахад зарим улс орнуудад шүүх хэргийн нөхцөл байдал, шалтгаант холбоо зэргийг харгалзан жишиг үнэлгээг тогтоох эсхүл хуульд тусгайлан үнэлгээг тариф хэлбэрээр тогтоож, шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзаж ялгамжтай оногдуулах байдлаар явж байна. Манай улс өмнө нь шүүхээр жишиг тогтоох гэж оролдож байсан боловч өнөөдрийг хүртэл жишиг болохуйц практик тогтоогүй. Харин хуулийн төсөлд сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жижиг хэмжээг Улсын Дээд шүүх баталж, тогтоохоор заажээ. Иймд Дээд шүүхээс тарифыг тогтоох жишгийг баримталсан харагдаж байна.

-Тэгвэл Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд хэрхэн тусгагдсан бэ?

-Харин Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд “гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно” гэж заасан.

Мөн “гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлттэй харьцуулахад иргэний хуульд шууд үнийг заах замаар сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлгээний хэмжээг тогтоож өгчээ. Гэхдээ иргэний шүүх нь бусад шүүхтэй харьцуулахад талууд нотлох баримтаа гаргах, бүрдүүлэх үүргийг хүлээх тул сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх бол нотлох баримтаа өөрсдөө бүрдүүлж шүүхэд гаргаж өгөх шаардлага үүснэ. Иймээс эрүүгийн хэрэгтэй нь хамт сэтгэцэд учирсан хор уршгийг шийдвэрлэж байх нь хохирогчид болон үнэлгээг тооцох шүүгчид дөхөм байх болов уу.

                                                                                             Д.СҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)