“Монгол КОВИДГҮЙ, ковидтой гэвэл тэр нь УЛСТӨРЖИЛТ”

Admin | 2022-03-15


  Манай улсын ковидын тархалт үндсэндээ омикрон хувилбараар дууссан. Хэрэв ковид байна гэж ярьвал улстөржилт, өөр юу ч биш гэдгийг эрүүл мэндийн салбарынхан өөр хоорондоо ярьж байгаа аж.

Гэтэл өчигдөрхөн “КОВИД-19” халдварын тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих үүрэг бүхий Түр хороо хуралдаж. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Шинэ мутацлагдсан хувилбар орж ирэхгүй л бол халдварын тохиолдол хяналтад байгаа. Шаардлагатай бол дараагийн тунг хийх эсэхийг зарлана" гэж хэллээ.

Үнэхээр бэлэн байдлаа хангаж хэлсэн үү, эсвэл халдвараар далимдуулсан улс төрийн шоугаа үргэлжлүүлсээр байх уу. МАН ковидыг далимдуулж улс төрийн тоглолт хангалттай хийсэн. Үүнийг шат шатны байгууллагууд одоог хүртэл ковидын үеийн хандив, буцалтгүй тусламж зэргийг хэрхэн зарцуулсан байдлаа тайлагнаагүй байгаагаас харж болно. Мөн ковидын нэрээр түр хууль баталж, түүнийгээ өөрсдийн эрх ашигт нийцүүлэн сунгасаар яваа. Хууль нэрийн дор албан тушаалын халаа сэлгээг шууд хийж, тендер зарлахгүйгээр томоохон гэрээ хэлцлүүд ч явж байгаа. Өөр ямар “но” олны нүднээс далд болж буйг мэдэхгүй. Гэтэл монгол ковидгүй болчихоод байхад хуулийн дуусгавар болох хугацаа хаа ч байсан юм.

Харин Монгол ковидгүй болсон гэдгийг эрдэмтэд, эмч нар нь хэлж байна. Учир нь омикрон оны сүүлээр нэлээд эрчимтэй тархсан ч хүндрэл, нас баралт багатай байсан. Улмаар он гарсаар энгийн ханиадны хэлбэрт шилжсэн тул эрдэмтэд ковидгүй боллоо гэж үзэж болсон. Үүний тод жишээ бол оны эхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүхий л хязгаарлалтыг цуцалж энгийн амьдралд шилжиж байгааг зарласан явдал. Гэхдээ өнөөдрийг хүртэл ковидоор тэдэн хүн өвчилж, тэдэн хүн нас барлаа гэж зарлаж байгаа нь өрөөсгөл ойлголт гэнэ.

Эмч нарын ярьж буйгаар “Ковид энгийн ханиадны хэлбэрт шилжсэн. Монголд ковид байхгүй. Одоогийн зарлаад байгаа өдөрт хоёр хүн нас барлаа, нас баралтын түвшин 0.02 хувь байна гэдэг тоо бол томуугийн үеийн хэвийн үзэгдэл. Манай улсад томуугийн дэгдэлтийн үеэр хатгаагаар нас барах тохиолдол 0.02 хувьтай байдаг. Хүмүүс л анзаардаггүй болохоос өмнө нь ийм хэмжээний хүн хатгаагаар нас бардаг байсан” гэв.

Тэгэхээр ковидгүй үед ковидтой тэмцэх “ажиллагаа” явагдаж байгаа бололтой.

                                                                                                                              Д.СҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)