Н.АЛТАНХУЯГ: Улаанбаатар хотын орон сууцны хорооллуудын гадна талын хашааг нураах арга хэмжээ авах хэрэгтэй

Admin | 2022-03-18


УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.03.18/ нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын Газрын шинэтгэлийн бодлого, газрын харилцааны цахим системийн талаар мэдээллийг сонслоо.  

Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн Т.Аубакир энэ сарын 22-нд болох Наурызын баяртай холбогдуулан нийт казах түмэнд баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр "Дэлхийн нүүдэлчдийн өв уламжлалыг шингээн түүчээлж ирсэн Монгол эх орныхоо өнцөг булан бүрт суугаа казах зон олондоо айлчлан ирж буй нарны баяр Наурызын баярын халуун мэндийг айлтган мэндчилье. Өдөр, шөнө тэнцэж урин дулаан цаг наашилж орчлонгийн нэгэн сайхан улиралтай золгож буй энэ мөчид та бүхэнтэйгээ УИХ-ын хүндэт индэр дээрээс мэндчилж байгаадаа баяртай байна. Энэ жил бид анхны ардчилсан Үндсэн хуулиа баталсны 30 жилийн ойгоо тэмдэглэж байгаа билээ. Эдүгээ казах түмэн бид уламжлал, соёлоо тээн авч үлдэж эрх тэгш боломжоор хангагдан улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулан улс орныхоо эд эс нь болсон бахархалт түүх бүтээлцэж яваа түмэн билээ" хэмээлээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Бас тавдугаар сарын 1-нээс өмнө газраа цахим системд бүртгүүлэхгүй бол газар эзэмших эрх нь хүчингүй болно гэжээ. Нийтийн мэдээллийн тухай хуулиар заавал иргэн өөрийн биеэр бүртгүүлэх шаардлага байгаа юу. Улаанбаатар хотын орон сууцны хорооллуудын гадна талын хашааг нураах арга хэмжээ авах хэрэгтэй. Бүгдийг нь биш юмаа гэхэд хэсэгчлэн гарц гаргамаар байна. Улаанбаатар хотод гишгэх газаргүй боллоо” гэв.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Бид газрын багц хуулиараа шинэтгэлийг оруулж ирж байгаа. Тусгай хамгаалалттай газар маань хаана байдаг нь тодорхойгүй байсан бол нэгдсэн олголтоороо шийдэгддэг болсон. Өмнө Сэлэнгэ аймгийн Ерөө суманд олгогдсон газрыг ч мэддэггүй байсан. Одоо бол нэгдсэн системтэй болсон" гэх тайлбарыг өглөө.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Газар олголт явагдаж байгаа. Гэхдээ эдийн засгийн ямар ч үр ашиггүй газрыг олгож байгаа. Бүх ашигтай газрыг эрх мэдэлтнүүд хуваагаад авчихсан. Өнөөдрийн мэдээллээс харахад Барилгын яам бэлчээрийн газар ашиглах, бэлчээрийн газрын маргаантай холбоотой ямарваа нэгэн асуудлыг шийдвэрлэх талаар ямар ч ажил хийхгүй байна. Нэг талд ядарсан малчид бий. Нөгөө талд бизнес эрхлэгчид болон гадаадын компани бий. Тийм учраас бэлчээрийн газрын маргааны асуудалд анхааралтай ажилласай гэж хүсэж байна” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)