Сүрьеэгээр өвдсөн хүн 15-20 хүнд халдвар тараах эрсдэлтэй

Admin | 2022-03-20


Манай улс сүрьеэгийн тархалт өндөртэй орны нэг бөгөөд жилд шинээр 4000 орчим хүн сүрьеэгээр өвчилдөг. Үүний 10 хувь нь хүүхдүүд байна. Хүүхэд залуучуудын дунд сүрьеэгийн өвчлөл өндөр байгаа нь нийгэмд сүрьеэгийн халдварлалт идэвхтэй явагдаж байгааг харуулж байгаа юм. Манай улсад жил бүр бүртгэгдэж буй сүрьеэгийн өвчлөлийн 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод гарч, өвчлөлийн 70 орчим хувь 15-44 насны өсвөр үеийн болон ид ажил хөдөлмөрлөх насны залуучууд эзэлж байна.  Манай улсад жил бүр 200 гаруй хүн сүрьеэ өвчний улмаас амь насаа алддаг гэсэн судалгаа бий.

Сүрьеэгээр өвдсөн хүн 15-20 хүнд халдвар тараах эрсдэлтэй. Тухайлбал, ярих, амаа дарахгүй ханиах, найтаах, нус цэр шүлсээ ил задгай хаяхад уг өвчний нян агаарт цацагдаж түүний ойр орчимд байсан хүмүүс энэхүү агаараар амьсгалснаар халдвар авдаг байна.

Сүрьеэ өвчин юунаас үүсдэг вэ?

Сүрьеэ нь сүрьеэгийн савханцар хэмээх нянгаар үүсгэгддэг, хүнээс хүнд амьсгалын замаар тархдаг халдварт өвчин юм. Гэхдээ бүрэн эдгэрдэг өвчин гэдгийг эмч нар хэлдэг. Уг өвчнийг үүсгэдэг савханцар нян нь гадна орчинд маш тэсвэртэй хасах 1-40 хэмд 50 жилээс ч дээш амьдрах тэсвэртэй, бохир ус, хөрс, харанхуй чийглэг орчин, ил хаясан нус цэрэнд удаан хугацаагаар амьдрах чадвартай аж. Харин нарны шууд тусгалд нэг цаг, ариутгалын уусмалд таван цагийн дотор устдаг байна.

Сүрьеэгийн далд халдвартай хүнд:

  • Ямар нэг шинж тэмдэг илрэхгүй,
  • Ямар нэг зовуур шаналгаа байхгүй,
  • Сүрьеэгийн нянг бусдад тараахгүй,
  • Ихэвчлэн туберкулины арьсны сорил эерэг байдаг аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)