С.ОДОНТУЯА: Ковидын хууль нэрээр бүх эрх мэдлийг Засгийн газарт шилжүүлсэн

Admin | 2022-03-20


УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Манай бүлэг хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээр, Хяналт шалгалтын тухай хуулийн талаар нэмэлт мэдээлэл авч, Хөгжлийн банкны түр хороо байгуулах асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын хяналт шалгалтын хуулиар ард түмэн парламентаар дамжуулж, хяналт тавих боломж бүрдсэн. Миний бие энэ хаврын чуулганаар анхны хяналтын түр хороог байгуулах саналыг гаргасан. Өнөөдрийн байдлаар таван гишүүн гарын үсгээ зурсан байна. Хяналт шалгалтын хуулиар 19 гишүүн дэмжиж, гарын үсгээ зурвал хяналт шалгалтын түр хороог байгуулж болно. Түр хороо 5, 7, 19 хүний бүрэлдэхүүнтэй байж болно. Хяналт шалгалтын түр хороонд цөөнхийн төлөөлөл заавал багтах ёстой.

Хөгжлийн банк байгуулагдсан цагаасаа эхлээд хуулийн дагуу ажиллаж чадаагүй. Хөгжлийн банкны дөрвөн удаагийн шалгалт бүгд нууцын зэрэглэлд орсон байна. Засгийн газар, хууль хяналтын байгууллага хангалттай сайн ажиллаж чадахгүй байна. Хяналт шалгалтын түр хороо байгуулагдвал нөхцөл байдал өөрчлөгдөнө” гэсэн мэдээллийг өглөө.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжлийн яам зайлшгүй шаардлагатай гэж шинээр байгуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл сайдыг нь томилоогүй байна. Тиймээс бид шинэ яамдын сайдыг хурдан томилооч гэсэн шаардлагыг тавьж байна. Энэ яамд хурдан ажилдаа орохгүй бол улсын хөгжилд хүнд бэрхшээлүүд тулгарч байна. Яамдын сайд нарт УИХ-ын хоёр гишүүнийг тавих гээд зориудаар томилохгүй байх шиг байна. УИХ-ын гишүүдийг сайд болгох ямар ч шаардлагагүй. МАН хоёр сайдын асуудлыг нэн яаралтай шийдэх ёстой.

Цар тахлын хорио цээрийг цуцалж, бүх үйл ажиллагаа хэвийн горимд шилжсэн. Бүх зүйл хэвийн байхад яагаад Ковидын хууль үргэлжилж байгаа юм бэ. Энэ хуулийг яаралтай цуцлах шаардлагатай. Гамшгийн хуулиар явахгүй бол энэ улсын төсөв хөрөнгө ямар ч хяналтгүй урсаж байна. УИХ ажлаа хийхгүй байна. Ковидын хууль нэрээр бүх эрх мэдлийг Засгийн газарт шилжүүлсэн. Үүний ард хяналтгүй байдал, авлига, төсвийн үрэлгэн зарцуулалт байна. Тиймээс Ерөнхий сайдад Ковидын хуулийг цуцлах шаардлагыг хүргүүлнэ” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)