Шийдэлгүй ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, шийдвэргүй ТӨР

Admin | 2022-03-21


Шинэ он дөнгөж гаргаад л Засгийн газраас цар тахлын дэглэмийг цуцалж “Эдийн засгийн сэргэлтийн бодлого” хэмээн их сүржин нэртэй төлөвлөгөө танилцуулсан. Ингэхдээ боомт, эрчим хүч, аж үйлдвэр, хот хөдөө, ногоон хөгжил, төрийн бүтээмж гэсэн зургаан чиглэлээр сэргэлт хийх аж. Үүнийг дагасан яам, төрийн байгууллагууд, салбар газруудын хурал зөвлөгөөн, чуулга уулзалт, хэлэлцүүлэг тасрахгүй үргэлжилсээр. За зарим нь дээрх сэргэлтээс хамааралгүй салбарын асуудлаа ярьж байгаа уулзалт, хэлэлцүүлэг ч байна.

Хэд хэдэн хэлэлцүүлэг, чуулга, зөвлөгөөнд ч очлоо. Үүнээс нэг л юм дутуу санагдлаа. Ямар асуудал байна. Асуудлаа бол тал талаас нь яриад, хэлээд байна. Яг асуудлаа шийдэх гарц, гаргалгаа юу байна гэдгээ нэг л ярьж өгөхгүй юм. Угтаа хэлэлцүүлэгийн гол утга учир нь гарц гаргалгаагаа ярилцах, түүнээс шийдлээ олох. Гэвч манайд зохион байгуулагдаж буй хэлэлцүүлэг, чуулганы нийтлэг төрх нь салбарынхан мэдээж чуулна, асуудлаа хөндөнө. Харин сайд, дарга нар нь салбараа төлөөлж сүрхий үг хэлнэ. Хийсэн ажлаа, хийхээр зэхэж буй ажлаа тайлагнана. Хэдэн санал, шүүмж сонссон болоод дуусна. Хаана, хэзээ дараагийн шатны уулзалт ч юм уу өрнөх нь тодорхойгүй.

Товчхондоо байгууллагын танилцуулга төдий л зохион байгуулагдаж байгаа нь харамсалтай. Нэг хэлэлцүүлэг зохион байгуулахын тулд зочид буудлын томоохон танхимыг хэдэн саяар нь түрээслэнэ.

Жишээлбэл, Төрийн ордонд нэг чуулган бүтэн өдөр зохион байгуулахад 100 орчим сая төгрөг гэж дуулсан. Тэгэхээр нэг дундаж зочид буудлын заалны түрээс бас хэдэн саяар яригдах нь ойлгомжтой. Гоё ганган хурал, цуглааны дараа шийдэлд хүрдэг бол яахав гэхсэн. Хэдэн хөтөлбөрийн дараалал бичсэн цааснаас өөр шийдэлгүй хурал, зөвлөгөөнүүд, хөөрцөглөж ярихаас өөр шийдвэргүй төр засгийн удирдагууд улс оронд үнэндээ хэрэггүй.  Үүний оронд мэргэжлийн, мэдлэгтэй хүмүүсээ нээлттэй хүлээж аваад үгийг нь сонсдог болоосой. Дорвитой шийдвэр гаргадаг төр засагтай ч болоосой.

Хил нь хаалттай, ханш нь савалгаатай, хүнс бараа нь тэнгэрт хадсан үнэтэй, үр хүүхэд нь өвчинд нэрвэгдээстэй эх оронд минь байгууллагын танилцуулга биш бодит ажил, шийдвэр хэрэгтэй байна.

                                                                                                                      Д.СҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)