Б.ЛХАГВАСҮРЭН: Гуравдугаар сарын байдлаар манай улс төлбөрийн тэнцэл 500 сая долларын алдагдалтай явж байна

Admin | 2022-03-21


Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ам.долларын ханшийн өсөлт, гадаад валютын нөөцийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрээр “Манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Зэс 10 мянга, нүүрс 100 ам.доллар давсан байна. Харамсалтай нь, манай гол худалдан авагч Хятад улс ковидын маш хатуу арга хэмжээ авч, хилийн чанга бодлого барьж байна. Нүүрс нь байгаа ч зах зээлд гаргаж чадахгүй байдалд байна. Үүнээс болж экспортын орлого хаагдаж байна. Гуравдугаар сарын байдлаар манай улс төлбөрийн тэнцэл 500 сая долларын алдагдалтай явж байна. Энэ валютын нөөц багасах, ханш өсөхөд нөлөөлж байна. Ойрын хугацаанд орох урсгал сайжирч нөөц нэмэгдэж, зах зээл тогтворжино гэж Монголбанк харж байна.

Монгол Улс 2021 онд экспортоос 8.5 тэрбум ам.долларын орлого олсон. Үүний 92 хувь нь зэс нүүрс, төмрийн хүдэр зэрэг уул уурхайн түүхий эдээс хамаардаг. Экспорт он гарсаар буюу нэг, хоёрдугаар сарыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23 хувийн бууралттай байна. Гэтэл импорт 20-30 хувиар өссөн байна. Импортын 30 хувийг хүнс, хувцас хунар, суудлын автомашины импорт эзэлсэн.

2021 онд 7.9 тэрбум ам.долларын импорт хийсэн. Үүний 30 хувь хэрэглээ эзэлж байна. Ялангуяа автомашины импорт буюу Ланд-300, Лексус-600 зэрэг тансаг зэрэглэлийн автомашины худалдаа эзэлж байна. Ойролцоогоор 500-600 сая ам.долларыг тансаг зэрэглэлийн автомашин худалдан авахад зарцуулж байна. Энэ нь 2022 онд өсөх хандлагатай болж, ханшид дарамт үүсгэх магадлалтай байна. Тиймээс шийдвэр гаргах түвшин буюу УИХ-д тодорхой санал тавина. Тодруулбал, хэмнэж болох, ялангуяа тансаг хэрэглээний импортоо танах саналыг УИХ-д тавина. Гаалийн татварыг нэмэх, эсвэл түр хугацаанд оруулахгүй байх санал гаргана. Нөгөө талд экспортын орлогоо нэмэх чиглэлд арга хэмжээ авах саналаа өгнө.

Монголбанк долоо хоногийн мягмар, пүрэв гаригт дуудлага худалдаа хийж байна. Цаашдаа арилжааны банкуудад нийлүүлж буй валютад тодорхой хязгаарлалт тавихаар болж байна. Нөгөө талд валютын зориулалтыг эрэмбэлэх шаардлага үүсч байгаа. Стратегийн бараа бүтээгдэхүүний импортод зориулсан төлбөр тооцоо хэвийн явах шаардлагатай. Тиймээс стратегийн бүтээгдэхүүнд тавих эрэмбэ дарааллыг гаргаж өгөхийг Засгийн газраас хүссэн” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)