Машин ачилтын компаниудын "угж"-ны мөнгө нэмэгдэж иргэд 100 мянган төгрөгөөр торгуулдаг болох нь

Admin | 2022-03-23


Машин ачилтын торгуулийн 60 мянган төгрөгийг 100 мянган төгрөг эсэхийг өнөөдөр НИТХ-аар шийднэ. Ингэснээр Улаанбаатарын түгжрэл буурна гэж үзжээ. Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал олон жил яригдаж байгаа хэзээ ч шийдэгддэггүй сэдэв.  Үе үеийн дарга нарын “толгойны өвчин” гэхээсэ “поп” ганц сэдэв нь болсоор ирсэн.

Анх 2012 оны наймдугаар сарын НИТХ-ын тогтоолд Улаанбаатар хот дахь замын хөдөлгөөний хэт ачаалал, бөглөрлөөс гарах арга зам нь түр зогсохыг хориглосон газар зогссон автомашинуудыг зөөвөрлөх гэж тусгаж өгсөн байдаг билээ. Ингээд нийслэлээс 2013 онд 12 тусгай зориулалтын машин худалдан авч энэ үйл ажиллагааг эхлүүлсэн байдаг. Улмаар тусгай зөвшөөрөл олгож ачилтын үйлчилгээ хувьд шилжиж одоогоор 14 компани дээрх үйл ажиллагааг явуулдаг. Түгжрэл бууруулахад тодорхой нөлөө үзүүлэх зорилготой машин ачилтын үйлчилгээг явуулдаг боловч Улаанбаатар хотын нийт замын 78 хувь нь өндөр ачаалалтай гэсэн судалгаа гарсан байна. Нийслэлээрээ зам дээр тэг зогсолт хийхэд бэлэн гэсэн үг. Харин тайлан мэдээллээс харахад машин ачилтын компаниуд 2020 онд 40774 тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэн 2 тэрбум 446 сая төгрөг, 2021 оны эхний хагас жилийн байдлаар 26787 тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэн 1 тэрбум 607 сая төгрөгийг төвлөрүүлсэн байна. Тэгэхээр түгжрэлийг бууруулахад дорвитой нөлөө үзүүлэхгүй эдгээр компаниудыг улс угжиж байгаагаас өөрцгүй. Үнэндээ энэ дунд иргэд л халаасаа сэгсэрч хохирч үлддэг. Мэдээж машин ачилтыг явуулах нь зөв. Гэхдээ энэ хэлбэрээр бус. Ядаж л торгуулийн мөнгөний тодорхой хувийг улс авдаг байх хэрэгтэй. Энэ хуримтлалаараа замын түгжрэлээ бууруулахад, зогсоол нэмж барихад зарцуулж болно шүү дээ.

Ачилтын компаниуд торгуулийн мөнгөнөөс 10 хувиа өгье гээд байхад өнөөг хүртэл төр шийдээгүй

Машин ачилттай холбоотой иргэдийн гомдол, санал тасардаггүй. Тэгвэл энэ хэл амнаас залхсан уу 2019 онд “Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо”-ноос  нийслэлд ачилтын “10 хувийг улсад төвлөрүүлэх” санал ирүүлсний дагуу ажлын хэсэг байгуулагдсан боловч тус асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй хэвээр байгаа юм. Угтаа бол ажлын хэсгийн шийдвэр гарсны дараа ХЗДХЯ-д саналаа хүргүүлнэ. Ингээд Хууль зүйн яамнаас санал ирсний дараагаар тухайн ААН-үүдээс 10 хувь авах эсэх нь тодорхой болох юм.

Ахлах мэргэжилтэн Ө.Төрбат: Машин ачилтын торгуулийн мөнгөний 30 хүртэлх хувийг улс авах санал хүргүүлсэн

АМНХ-ноос гаргасан санал буюу “10 хувийг НАЗХГ-аас бага байна гэсэн шийдвэр гаргаж 30 хүртэлх хувь болгоё” гэсэн саналыг ХЗДХЯ-нд өгчээ. Уг асуудлаар Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний менежмент хариуцсан ахлах мэргэжилтэн  Ө.Төрбатаас тодрууллаа.

 

-Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд хэчнээн автомашин ачилтын компани байна вэ?

-Анх намайг уг ажлыг 2016 онд авахад 21 ачилтын компани бүртгэлтэй байсан. Түүнээс хойш гэрээний зөрчил болон бусад дүрэм журмаа зөрчсөн асуудлаар зарим ачилтын компанийн үйл ажиллагааг нь зогсоосон. Одоо хувийн 14 ААН үйл ажиллагаагаа явуулж байна.

-Гэрээг нь хаанаас цуцалдаг вэ?

-Компанийн үйл ажиллагаанд зөрчил гарсан болон гэрээний журмуудаа зөрчсөн тохиолдолд манайхаас үйл ажиллагааг нь зогсоох шийдвэрийг гаргадаг. Ерөнхийдөө гэрээ байгуулаад гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг гэсэн үг.

-Машин ачилтын компаниуд иргэдээс авч буй торгуулийн 60 мянган төгрөгийн 10 хувийг НАЗХГ-т өгөх санал хүргүүлсэн шүү дээ. Уг асуудал юу болов?

-Энэ ажилд НИХТ Т.Батцогт ажлын хэсэг байгуулаад ахалж ажлаад явж байгаа. Ажлынхаа хэсгээр хоёр удаа цахимаар хуралдаад, дөрвөн удаа биечлэн уулзсан байгаа. Уг ажлын хэсэгт замын хөдөлгөөний инженерчлэлийн газар,  замын цагдаагийн газар, НАЗХГ, тээврийн цагдаагийн алба эдгээр байгууллагуудын төлөөлөл ажилласан. Ажлын хэсэг хуралдаж ачилтын компанийн хувь өгөх саналын тухай цаашид ямар арга хэмжээ авч, яаж зохицуулах уу гэдэг тал дээр зөвшилцөөд ажлын хэсгээрээ гарсан дүгнэлтээ ХЗДЯ-руу явуулсан.

-Дээрх ажлын хэсгээрээ яг ямар дүгнэлтэд хүрч, ХЗДХЯ-руу ямар санал хүргүүлсэн бэ?

-Бид ажлын хэсгийн хуралдаанаар 10 хувийг нь авахгүй ээ, бид нар тодорхой хэмжээний их хувийг авмаар байна. Ингэхдээ 30 хүртэлх хувь гэж санал хүргүүлсэн. Ойрын зайд тээврийн хэрэгслийг зөөвөрлөн шилжүүлж байгаад нь 30 хувь байя, түүнээс бага километрт бол 10 хувь байя гэсэн саналыг хүргүүлсэн. Ер нь тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлж байгаа зам талбайн километрээс хамаарч авах хувь нь харилцан өөр өөр байя гэдэг саналыг л гаргасан. ХЗДХЯ-наас НАЗХГ-аас өгсөн саналыг буюу 10 хувиас илүү авах нь боломжтой юу хэр үнэн бодитой гэдгийг судалж үзээд үндэслэлтэй байвал батална шүү дээ.

-Ачилтын компани өдөрт хэчнээн машин ачдаг вэ?

-Ачилтын компаниудын хувьд өдөрт дунджаар 150 машин тогтмол ачдаг гэсэн тооцоо судалгаа бий. Гэхдээ өдөр бүр харилцан адилгүй шүү дээ.

-Ачилтын компаниуд төрд ямар ямар татваруудыг төлдөг юм бэ?

- НӨАТ, хүн амын болон орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл гэх мэт татваруудыг төлдөг. 2020 оны судалгаанаас харахад машин ачилтын компаниуд нь жилд 250 сая гаруй төгрөгийг улсад өгдөг гэсэн судалгаа байсан .

                                                                                                          А.МӨНХНАРАН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)