Өсвөр насныхан цахим гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэл авах нь эрс нэмэгджээ. Гэвч эцэг, эхчүүд хүүхдийнхээ энэхүү үйлдлийн талаар мэддэггүй бөгөөд хууль, шүүхийн байгууллагад л дуудагдахад нь сая мэддэг байна. Энэ талаар хуульч, өмгөөлөгч Т.Хонгортой ярилцлаа.
-Өсвөр үеийнхэн залилангийн гэмт хэрэгт холбогдох тохиолдол ихэссэн талаар та хэлж байсан. Хэрхэн нэмэгдэж байгааг тодруулахгүй юу?
-Өсвөр насны хүүхдүүд залилангийн гэмт хэрэг үйлдэх нь эрс нэмэгдсэн. Тэр дундаа цахимаар дамжуулж залилан хийж байна. 2017, 2018 онд өсвөр үеийн хүүхдүүд цахим залилан хийж нэлээд нийгэмд шуугиан үүсгэж байсан. Тухайн үед өсвөр насныхан бусдаас 80 орчим сая төгрөг залилж, хохирол учруулж байсан. Одоо энэ байдал улам л хүчээ авч байна. Энэ төрлийн гэмт хэргийн тохиолдол 2021 оны сүүлийн зургаан сарын байдлаар нэлээд хэд гарсан. Яг албан ёсны тоо эцэслэн гараагүй учраас шууд тэд гээд хэлж мэдэхгүй байна. Надаас энэ төрлийн өмгөөлөлийн туслалцаа хүсэх тохиолдол нэмэгдэж байна.
-Хэдээс хэдэн насны хүүхдүүд цахим залилан хийж байна вэ?
-Ялангуяа 16-18 настай хүүхдүүд цахим хэрэглээнд донтчихсон байна. Эдгээр хүүхдүүд хуурамч хаяг үүсгэж бусдыг залилан мэхлэх үйлдэл их гаргаж байна. Хамгийн гол нь үүнд итгээд мөнгөө өгч буй иргэдийн өөрсдийнх нь бас буруу.
17-18 насны хүүхэд бол тодорхой хэмжээнд аливаа юмны наад цаадахыг ойлгодог болчихсон үе. Тиймээс хуулийн хариуцлага хүлээх нас. 17-18 насны хүүхдүүд өөрийн хийж буй үйлдлийнхээ ирээдүйд гарч болох хор хохирлыг мэддэггүй.
Ямар нэг цагдаагийн байгууллагад шалгадана, баригдана гэж боддоггүй. Хүүхдийн сэтгэхүйгээр л ханддаг.
-Яагаад. Энэ насны хүүхдүүд тодорхой хэмжээнд аливааг үнэлж, дүгнэх үе гэж та хэлсэн шүү дээ?
-Тийм. Гэхдээ ихэнх нь ирээдүйд гарах хор, хохирлыг тооцоогүй байдаг. Энэ нь юугаар илэрдэг гэхээр тухайн залилан хийж олсон мөнгөө ямар ч үр дүнгүй байдлаар зарцуулсан байдаг. Баар, ресторан хэссэн, зочид буудалд байрлаж тоглосон гэх зэргээр ихэнхдээ залилж олсон мөнгөө үрсэн байдаг. Эргээд хэрэг нь ил болоод эрүүгийн хариуцлага хүлээгээд цаашлаад ял эдлээд явахдаа л “би буруу юм хийжээ” гэдгээ ойлгодог.
-Цахим орчинд хөзрийн покер их тоглуулдаг. Мөнгө хураагаад шууд лайв явуулаад. Энэ гэмт хэрэг үү?
-Гэмт хэрэг. Саяхан гэхэд л онлайнаар мөрийтэй тоглоом тоглодог, тоглуулдаг хүүхдүүд баригдсан. Бусдаас мөнгө татаад л покер тоглуулсан байна. Үүнийгээ тухайн үед хүүхдүүд тоогоогүй. Гэтэл цагдаа, шүүх болоод аав, ээж нь мэдэж, өмгөөлөгч болоод ирэнгүүт айж ичээд сонин болж байна. Гэмт хэрэг хийснийхээ дараа л ойлгож байна.
-Тэгэхээр ийм тохиолдолд ямар хариуцлага хүлээдэг вэ. Хичнээн жилийн ял шийтгэл сонсдог вэ?
-Энэ чинь цахим хэрэгсэл ашиглан бусдыг залилан мэхлэсэн гэмт хэрэг. Энэ төрлийн гэмт хэргийн санкц дээд тал нь 12 жилийн оноодог. Тухайн гэмт хэргийн учруулсан хор хохиролоос хамаараад зүйл анги нь янз бүр. Үүнийг л эцэг, эхчүүд хүүхдүүддээ урьдчилан сэргийлэх байдлаар тайлбарлаж, анхааруулж, ойлгуулах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хууль, шүүхийн өмнө очоод “Манай хүүхэд буруугүй” гээд янз янзын байдал гаргадаг. Гэтэл хуулинд цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдал бий болгож бусдын эд зүйлсийг хууран мэхэлж авах зэргээр тодорхой заачихсан байгаа. Бүр хүндрээд явах юм бол 5-12 жил хорих санкцтай. Тухайлбал, тухайн залилж олсон орлогоо амьдралын эх үүсвэр болгосон буюу идэж уух, өмсөж зүүх байдлаар хэрэглэх зэргээр хүндэрвэл хорих ял дээшээ нэмэгдээд 12 хүртэл жил хорих ялаар шийтгэхдэх эрсдэлтэй.
-Эцэг эхчүүд ихэвчлэн хүүхдийнхээ талаар мэдээгүй байдаг гэсэн үү?
-Эцэг эхчүүд хараа хяналтгүй байна. Хүүхдээ хаана юу хийж явааг мэдэхгүй байна. Хэнтэй уулзаж байгааг мэдэхгүй байна. Үүний цаана хүүхэд найз нөхдөөрөө дамжуулж уруу татагдах, гэмт хэрэгт холбогдох орчин нөхцөл бүрдэж байна. Нэг өдөр цагдаагийн байгууллагаас утасдахад л аав, ээж нь мэдэж байх жишээтэй.
-Таны өмгөөлж байсан хүүхдүүдээс яг энэ төрлийн гэмт хэргээр ял сонсож байсан удаа бий юу?
-Хэд хэдэн тохиолдол бий. Доод тал нь 5 жилийн ял сонсож байсан.
-Өсвөр үеийнхэн маань амьдралд хөл тавьж орохдоо энэ мэт хазгай гишгэх нь насан туршийн хар мөр үлдээх нь байна шү дээ...?
-Тэгэлгүй яахав. Хатуухан хэлэхэд арван жилээ төгсөөд ирээдүйд хөл тавих, оюутан болж бусадтайгаа хөл нийлүүлж мэргэжил эзэмших гээд хамаг л сайн сайхан цаг хугацаагаа төмөр тороор сольж байна гэсэн үг. Тэгээд энэ залилангийн гэмт хэрэгт ганцаараа холбогддоггүй. Дандаа 2 болон түүнээс дээш бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн байдаг. Жишээлбэл, нэг нь лайв хийж байхад нэг нь хөзөр тарааж байна, нөгөө нь дансаа шалгадаг гээд бүлэг гэмт хэрэг болно. Энэ тохиолдолд хуулийн хэллэг хүртэл өөр өөр ашиглагдаад явна. Хорих ялын хэмжээ 2 болон түүнээс дээш болоод ирэхээр хүнд гэмт хэрэгт ордог. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарал хандуулж, хяналт тавьж байхгүй бол монголын ирээдүй болсон өсвөр үеийнхэн чинь цахимд донтож байна, түүгээр дамжуулж гэмт хэрэгтэн болж байна шүү дээ.
Д.ДАВААСҮРЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13