“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих санд банкууд жил бүр 2-3 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

Admin | 2022-03-29


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-ы өнөөдрийн хурлын үеэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан хэлэлцүүлэг боллоо.

Уг сан нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, буцалтгүй тусламж олгох зэргээр санхүүжилт хийх аж. Түүнчлэн мод тарих хүний нөөц, багш бэлтгэхэд онцгой анхаарахаас гадна ТЭЗҮ, тооцоо судалгааг хөгжүүлэх зорилготой юм. Хэлэлцүүлэгт БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баярсайхан, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн шинжээч Э.Эрдэнэбат, “Де Нэйче Консерванси” байгууллагын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын захирал Д.Галбадрах нар оролцлоо.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхийн тулд нэн тэргүүнд Ойн стратеги батлахаар Ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран ажиллаж байгааг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэлцүүлгийн эхэнд онцоллоо. Ингэхдээ мод үржүүлгийн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч, иргэдийн саналыг сонсож, судалгаа хийж байгаа аж. Энэ хүрээнд 17 аймагт Ойн зөвлөгөөн зохион байгуулжээ. Стратегийн баримт бичигт хаана, ямар мод тарих, аж ахуйн нэгжүүдийн механикжуулах систем, технологи, инновацыг хэрхэн нэвтрүүлэх, мод тарьснаар Монгол Улсын эдийн засагт тэрбумаар тогтохгүй ам.долларын нөлөөллийг эдийн засагт бий болгох ёстой гэж үзэж буйг салбарын сайд дурдлаа.

Тэрбээр, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан төрийн зохицуулалтаар бус мод үржүүлгийн аж ахуйн нэгжүүдийн өөрсдийн санхүүжилтээр явах ёстой. Гэхдээ тодорхой хяналт зайлшгүй байх ёстой” гэв.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд гадаадаас их хэмжээний үрсэлгээ импортолж, түүнийгээ арчлахгүй үхүүлэх вий гэсэн болгоомжлол нийтийн дунд бий. Тиймээс Монголын банкны холбооны гишүүн байгууллагууд уг хөдөлгөөнийг дэмжих сан байгуулж, жилд 2-3 тэрбум төгрөгийн санхүүжилт тогтмол хийж байх санаачилга гаргажээ. Энэ хүрээнд сангийн гэрчилгээ, тамгыг энэ сарын 29-нд авсан гэдгийг Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар танилцууллаа. Сангийн удирдах зөвлөлд НҮБ-ын төлөөлөгч, TNC олон улсын байгууллагын төлөөлөгч орсон байна. Цаашид сангийн санхүүжилт, үйл ажиллагаа ил тод байх бөгөөд зөв газарт, зөв модыг тарихгүй бол байгаль орчинд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Зарим газарт тооцоололгүй мод тарьснаар гүний усгүй болж, цөлжилт нэмэгдсэн гэсэн олон улсын туршлага байдаг. Тиймээс хаана, ямар мод тарих судалгааг хийж, олон нийтэд түгээх боломжтой. Монголын банкны холбооны дэргэдэх Банк, санхүүгийн академид энэ талын сургалтыг цахимаар зохион байгуулах боломж байгаа аж. Мөн банкууд зээл олгохдоо мод тарих ажлыг дэмжих боломжтойг мөн хэллээ. Тухайлбал, ХААН банк БОАЖЯ-ны хамтарсан хөнгөлөлттэй зээлийг олгохдоо зээл авсан хувь хүн 5, байгууллага 50 мод заавал тарина гэсэн шалгуур тавьж байгааг онцоллоо.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, “Уур амьсгалын өөрчлөлт бол дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал. Уур амсгалын өөрчлөлтийн улмаас газар хөдлөлт, цөлжилт, шар шороон шуурга дэгдэж байна. Тиймээс санхүүгийн салбар дээрх нөхцөл байдалтай тэмцэхэд оролцох ёстой. Гэхдээ Төвбанкнаас энэ ажилд мөнгө гаргах, санхүүжилт хийлээ гэх эрх байхгүй. Тиймээс санхүүгийн зохицуулагч байгууллагын хувьд төрөөс хэрэгжүүлж буй бодлогыг ногоон хөгжилд чиглүүлэх ёстой гэж үзэж байгаа. Энэ оны төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд ч багагүй хэсгийг ногоон санхүүжилт, ногоон эдийн засагт чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ гэсэн үүрэг авсан” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)