УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Хөгжлийн банкны зээлтэй хэрхэн холбогдож байна вэ?

Admin | 2022-03-30


Хөгжлийн банкны асуудлаар Төрийн ордонд нээлттэй хэлэлцүүлэг болж өнгөрөв. Тус хэлэлцүүлгээс хоёр гол мэдээлэл чих дэлссэн нь 20 улстөрч Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудтай холбогдож байна гэсэн жагсаалтыг танилцуулав. Нөгөө нь Хөгжлийн банкнаас олгогдсон 30 зээлийн ард улс төрийн нэр бүхий хүмүүс нөлөөлсөн гэдгийг хэлэв. Одоогоор Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа гэдгийг мэдэгсэн юм. Тэгвэл зээл авсан банктай холбогдож буй 20 улстөрчийн дунд өнөөдрийн УИХ-д сууж буй 5 гишүүний нэр байна. Хөгжлийн банкнаас зээл авсан ямар компанитай хэн холбогдож буйг цувралаар танилцуулж байна.

Хөгжлийн банкны зээлтэй нэр холбогдож буй одоогийн УИХ-ын гишүүд:

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Кью Эс Си” ХХК

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Вестерн холд” ХХК

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Вертекс майнинг” ХХК

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Вертекс майнинг” ХХК

УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Вертекс майнинг” ХХК

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Монгема” ХХК

Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Кью Эс Си” ХХК-ийн зээлтэй хэрхэн холбогдож байна вэ. “Кью Эс Си” ХХК  Хөгжлийн банкинд авсан 192 тэрбум 572 сая төгрөгийн зээлийн өртэй.  Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үед Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдаж Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессийн гэрээгээр "Кью Эс Си" ХХК-д шилжүүлсэн байдаг. Улмаар тус компани “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км төмөр зам болон ачиж, буулгах терминал барихаар зээл авсан. Гэвч өнөөдрийг хүртэл гэрээний дагуу зээлээ төлөөгүй учир Хөгжлийн банк шүүхэд хандаж шүүхээс дээрх өрийг барагдуулах шийдвэр гарсан байгаа.

Төмөрлөгийн үйлдвэрийг сайжруулах, өргөжүүлэх нэрээр зээл авсан тус компанийн захирал нь Э.Шижир гэж хүн бий. Түүнийг “сахал” Д.Эрдэнэбилэгийн хүн гэдэг. Д.Эрдэнэбилэгтэй холбоотой “Хөтөл”-ийн цемент шохой үйлдвэр Хөгжлийн банкинд мөн л 294 тэрбум төгрөгийн зээлийн өртэй байгаа юм.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нээлттэй сонсголын үеэр нэлээд ширүүн төрх гаргаж хүмүүсийг загнаж харагдсан. Энэ нь өөрийн эрх ашгийг урьдчилан хамгаалах үүднээс олны анхаарлыг өөрт чиглүүлэх заль нь ч байж мэдэх юм. Ямартай ч түүнийг сайд байх үедээ “Кью Эс Си” ХХК-ийн зээл авахад нөлөөлсөн эсэхийг хууль хяналтын байгууллага тогтоох биз ээ.

Д.СҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)