Санхүүгийн зохицуулах хорооны ХЭЗХ-ийн ахлах референт Ж.Мөнх-Оргилтой ярилцлаа.
-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэрэгжээд эхэллээ. Энэ бол энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгчдийг зохицуулах хууль. Гэхдээ олон нийтийн хувьд шинэ зах зээлийн орчныг зохицуулсан шинэ хууль учир нэмэлт тайлбар өгөх нь зүйтэй болов уу?
- Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг УИХ-аас 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр баталж, өнгөрсөн хоёрдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байна. Тус хууль нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх компанид тавигдах шаардлага, үүргийг тодорхойлох, тэдгээрийг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавихтай холбогдох харилцааг зохицуулахаар байгаа. Хуульд ямар төрлийн үйл ажиллагааг виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамааруулах тухай болон виртуал хөрөнгө гэх тодорхойлолтыг тусгасан бөгөөд тухайн үйлчилгээг эрхлэхээр бүртгүүлээгүй этгээд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэхийг хориглосон.
Мөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь харилцагчтай шударга, ойлгомжтой, төөрөгдөлд оруулахгүйгээр харилцах, виртуал хөрөнгийн талаарх эрсдлийн мэдээллийг харилцагчид гэрээ байгуулахаас өмнө мэдэгдэж, зөвшөөрлийг авсан байх, харилцагчийн гүйлгээ хийх, шилжүүлэх, арилжих, хадгалах, удирдах нөхцөл, боломжийг тасралтгүй хангаж ажиллах зэрэг тодорхой үүргийг хуулиар хүлээж байгаа.
Харин энэ хууль нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч болон харилцагчийн хооронд бий болсон гэрээ, хэлцлээс үүсэх маргаан, түүнчлэн виртуал хөрөнгийн салбар, зах зээлтэй холбоотой харилцаанд хамаарахгүй.
Үүнээс гадна тус хуулийг дагаж 13 хуульд нэмэлт, өөрчлөлт орсон. Тухайлбал, Виртуал хөрөнгийн үйлчилгээтэй холбоотойгоор Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Зар сурталчилгааны тухай хуульд заасан хориглосон үйлдлийг үйлдсэн, зөрчсөн тохиолдолд гэмт хэрэг, зөрчилд холбогдохоор байгааг иргэн, хуулийн этгээдүүд анхаарах шаардлагатай.
-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг хэзээ бүртгэж эхлэх вэ?
- Хуульд шилжилтийн үеийн зохицуулалтуудыг тусгасан. Хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш дөрвөн сарын дараа буюу энэ оны зургадугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Санхүүгийн зохицуулах хороо хууль болон журмын шаардлага хангасан компанийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэх боломжтой болно. Мөн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байсан компаниуд бүртгэлийн ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш гурван сарын дотор тус Хороонд бүртгүүлэх үүргийг хуулиар хүлээж байгаа. Харин энэ хугацаанд бүртгүүлээгүй тохиолдолд үйл ажиллагаагаа цаашид явуулах боломжгүй болно.
-Тэгээд энэ дөрвөн сарын хугацаанд ямар ажил хийгдэх вэ?
-Хуулиар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэл, засаглал, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, мөн тохиромжтой этгээдийг тодорхойлох, хяналт шалгалт хийх зэрэг найман журмыг батлах эрхийг олгосон. Санхүүгийн зохицуулах хороо нь энэ хугацаанд эдгээр журмуудыг боловсруулах, олон нийтийн дунд хэлэлцүүлэх, санал авах, батлах ажлыг гүйцэтгэнэ. Манай байгууллага журмын төслүүдийг боловсруулсан бөгөөд бүртгэл, үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тодорхойлохтой холбоотой эхний дөрвөн журмын төслийг хууль хүчин төгөлдөр болсон өдөр цахим хуудаст байршуулан санал авах ажиллагааг эхлүүлсэн. Зарим төрийн байгууллага болон “Монголын биржүүдийн нэгдсэн холбоо”, хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үйл ажиллагаа явуулж байсан виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид хуулийг дагаж гарах журмын төсөлд саналаа өгч, дөрвөн удаа зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцоод явж байна.
-Одоо шинээр койн гаргах боломжтой юу?
- Нэгт, хуулиар 5 үйл ажиллагааны төрлийг виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах талаар зохицуулсан, түүний нэг үйл ажиллагаа нь виртуал хөрөнгийг нийтэд санал болгох, худалдахтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах буюу хүмүүсийн мэддэгээр олон улсын нэршил нь initial exchange offering (IEO) юм. Энэ үйлчилгээг эрхлэхээр бүртгүүлсэн компани виртуал хөрөнгийг нийтэд санал болгон, худалдах ажиллагааг зохион байгуулж болно. Гэхдээ бүртгэлийн ажиллагаа эхлээгүй учир нэг ч бүртгэлтэй компани одоогоор байхгүй, тиймээс шинээр койн токен гаргах боломжгүй байна.
Хоёрт, хуулиар виртуал хөрөнгийг нийтэд санал болгон, худалдах ажиллагааг зохион байгуулах үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлсэн компаниар дамжуулахгүйгээр буюу аливаа этгээд бие дааж, шууд виртуал хөрөнгийг нийтэд санал болгох, худалдахыг хориглосон. Зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар нэлээд өндөр дүнтэй торгуулийн хариуцлага хүлээлгэхээр байгаа.
-Хуулиас өмнө үйл ажиллагаа явуулж байсан Complex.mn, Trade.mn, зэрэг олны мэдэх томоохон биржүүдээр арилжаа хэвийн явагдах уу?
- Хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байсан компаниуд бүртгэлийн ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш гурван сарын дотор тус Хороонд бүртгүүлэх үүргийг хуулиар хүлээж байгаа. Харин энэ хугацаанд бүртгүүлээгүй тохиолдолд үйл ажиллагаагаа цаашид явуулах боломжгүй болно.
Бүртгүүлэх хүртэл хугацаанд одоогийн Complex.mn, Trade.mn, Dax.mn, Koinhub.mn зэрэг биржүүдэд арилжаанууд хэвийн явагдана. Гэхдээ эдгээр байгууллагууд бүртгүүлэх хүртэл шинээр виртуал хөрөнгийг арилжаанд оруулах, нийтэд санал, болгон худалдаж болохгүй, тодорхой хэмжээнд үйл ажиллагаа нь хязгаарлагдмал байх юм.
-Биржээр дамжаагүй 21 койныг хориглосон гээд байгаа. Иргэд үүнийг бас яг ямар газрууд хориглов гэдгийг мэдэх нь зүйтэй байх?
-Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс тодорхой зөвлөмжүүдийг хууль батлагдах хүртэл олон нийтэд хүргэж ирсэн. Тодорхой хэмжээнд ямар виртуал хөрөнгийг нийтэд худалдсан, ямар үнийн дүнтэй, хаана арилжаалагдаж байгаа гэх мэт судалгааг ч хийсэн. Хууль хүчин төгөлдөр болохоос өмнө “ICO” буюу хувиараа виртуал хөрөнгө гаргаад хүмүүст санал болгож, худалдсан хүн, хуулийн этгээдүүд нэлээд байна. Тэдгээр виртуал хөрөнгө нь хууль хүчин төгөлдөр болох хүртэл аль ч платформ дээр арилжаа нь явагдаагүй байсан. Энэ төрлийн виртуал хөрөнгийг худалдаж авсан хүмүүс өөрсдөө арилжаа нь явагддаггүй болохыг ч мэдэж байгаа. Санхүүгийн зохицуулах хорооноос хуульд заасны дагуу бүртгэлтэй компани л арилжааг зохион байгуулах боломжтой, одоогоор бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид байхгүй учир таны виртуал хөрөнгийн арилжааг зохион байгуулах газар байхгүй шүү гэдгийг иргэдэд сануулсан юм. Мэдээж компаниуд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлсний дараа тухайн арилжаалагддаггүй буюу ICO хийсэн виртуал хөрөнгийг шаардлага хангаж байна гэж үзвэл арилжааны бүртгэлдээ оруулж, арилжааг зохион байгуулах боломжтой. Д.ДАВААСҮРЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13