М.ЦЭЛМЭГ: Зээлийн төлөх хугацаа хэтэрсэн нь үнэн ч бид залилан хийж оргон зугтаагүй

Admin | 2022-04-03


Бэрэн групп-ийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхтөрийн охин Цэлмэг Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ.

Тэрбээр “Аав маань оюутан байхаасаа ах нарынхаа хамт тарваганы арьсан малгай хийж борлуулан анхны хуримтлалаа үүсгэж байсан гэдэг. Сургуулиа төгсөж ирээд ШУА-ийн Физик, техникийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан. 1992 оноос ах нарынхаа хамт “Бэрэн групп” ХХК-ийг байгуулан, Программ хангамж, үйлдвэрлэлийн автоматжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Бэрэн групп”-ийн Хөгжлийн банкан дээр үүссэн асуудал юу вэ гэхээр зээлээ зориулалтын бусаар зарцуулсан уу, зээл авахдаа авилга хээл хахууль өгч, хууль бусаар авсан уу гэж шалгаж байгаа. Бидний буруу болоод байгаа зүйл гэвэл барилга дээр авсан зээлийнхээ тодорхой хувийг гангийн үйлдвэртээ оруулсантай холбоотой. Уг нь энэ асуудлыг Эрүүгийн хуулиар биш, Иргэний хуулиар маргаан өрнүүлж шийдэх ёстой юм. Учир нь зээл авах, зээлээ зориулалтын бусаар ашиглана гэдэг эрүүгийн гэмт хэрэг биш, Иргэний хуулиар шийдвэрлэгдэх харилцаа. Иргэний хуулиар бол гэрээний эрх зүйн асуудал юм. Яагаад гэвэл манайх зээлийн хөрөнгөөр Хангай хотхоны Ё блокийн зургаан барилгын гурав нь баригдаж дуусаад улсын комисст хүлээлгэж өгөх гээд явж байна. Гурав нь баригдаж, үйл ажиллагаа маань үргэлжлээд явж байна шүү дээ. Зээлээ дотооддоо бус хаа хамаагүй өөр компани, хувь хүнд өгчихсөн бол өөр хэрэг. Миний аав арматураа яаралтай гаргахын тулд амь биеэ үл хайрлан Эрдэнэт хотод очиж байрлан үйлдвэрээ асаагаад гар бие оролцон ажилладаг болсон. Нэг өглөө би сайтаас Бэрэнгийн Мөнхтөрийг цагдан хорих боллоо гэдэг мэдээг уншсан. Яг тэр өдөр нь аав Эрдэнэтээс хот руу ирж таарсан юм. Замд явахад нь утасдаж сайтаас уншсан мэдээллээ хэлсэн. Уг нь бол хүнийг цагдан хорих шийдвэрийг зөвхөн шүүх л гаргадаг, тэгтэл цахим сайт дээр шүүхийн шийдвэр гарахаас нь өмнө мэдээлэл оруулчихсан байсан. Тухайн хүнд өөрт нь мэдэгдсэн байх ёстой байтал аав огт мэдээгүй байсан. Тэр орой нь аав анх удаа АТГ-т мэдүүлэг өгсөн. Маргаашнаас нь сайтуудаар “Бэрэн группийн Мөнхтөр сугараад үлдчихлээ”,“Шүүгч нар авилга аваад цагдан хорихгүй байна”,“Мөнхтөрийг Эрэн сурвалжилж байна” гэх мэт хачирхалтай мэдээллүүд гараад эхэлсэн. Ийм л зохион байгуулалттай, нийтэд буруу ойлголт төрүүлэхүйц худлаа мэдээлэл санаатайгаар нийгэмд цацаж, үйл явдлууд өрнөсөөр байгаад дараа долоо хоногт нь аавыг хорьсон. Мөрдөн шалгах ажиллагаа гэдэг нэрийн дор хүний эрхийг хөсөр хаяж, нэг компани, нэг гэр бүлийг тэр чигт харлуулах, айлгах ажиллагааг давхар хийгээд байна уу даа гэж харж байна. Манай компани зээл авсан нь үнэн, зээлийн төлөх хугацаа хэтэрсэн нь үнэн. Гэхдээ энэ зээлээ бүрэн төлж барагдуулах нь ч үнэн. Бид залилан хийгээд оргон зугтаагүй, гэмт хэрэг хийгээгүй”  гэжээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)