Бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх нэр яригдаж УИХ-ын гишүүд гэлбэлзээд эхэлжээ

Admin | 2022-04-11


  Авлигын хэрэгт холбогдсон гишүүдээ шууд түлхчихэж чадахгүй түлэгнэж суусан МАН-ын удирдлагуудад өнгөрсөн долоо хоногт болсон залуусын жагсаал түлхэц өгсөн бололтой. Учир нь улстөрийн хүрээнд нэлээд олон гишүүнийг бүрэн эрхээс нь түтгэлзүүлэхээр яригдаад эхэлж. Гишүүд ч гэлбэлзээд эхэлж. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залууст Хөгжлийн банкны авлигачдаас эхэлнэ гэж зүгээр ч нэг хэлээгүй байх. Аргалж чадахгүй байсан асуудалтай гишүүдээсээ салах нэг боломж ч гэж харсан нь мэдээж.

Гэхдээ Улсын Ерөнхий прокуророос хүсэлт ирсэн тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлж холбогдох хэрэгт шалгах замыг засах ёстой. Одоогоор Г.Амартүвшин гишүүн өөрийн хүсэлтээр түтгэлзэх хүсэлт өгч шалгуулахаа мэдэгдсэн. Хэрэв Улсын Ерөнхий прокуророос түүнийг түтгэлзүүлэх хүсэлт гаргавал Г.Амартүвшин АТГ-аас шалгаж хэргийг эцэслэнэ. Үнэхээр байдал ингэж эргэвэл түүний найз гэгдэх УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нар ч мөнгө чирэгдэнэ. Чирэгдэнэ ч гэж нуугдаад байх газаргүй болно. Тэд Хөгжлийн банкны чанаргүй 33 тэрбум төгрөгийн зээлд холбогдсон гишүүд гэдгийг олон нийт өнөөдөр сануулалтгүй хангалттай мэддэг болсон. Тэгвэл эдгээр гишүүдийн араас Хөгжлийн банкны хэрэгт холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Бямбацогт, Ж.Эрдэнэбат, Л.Энх-Амгалан нарын нэр яригдаад эхэлжээ. Үүнд нэмээд МАН-ын гишүүдийн нэр орж ирэхээр яригдаад эхэлж. Авлигын асуудал яригдахаар хамгийн түрүүнд нэр нь дурдагддаг А.Адъяасүрэн байгаа аж. Түүнийг намын дарга нь саяхан төмөр замтай холбоотой авлигын хэрэгт “А.Адъяасүрэн гишүүнээс эхлээд олон хүн холбоотой” гэж бүр нэр цохож хэлсэн. Түүний хувьд компанидаа зөвшөөрөл авахын тулд АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн даргад 100 мянган ам.долларын авлига өгсөн хэрэгт холбогддог. Хэрэгт шалгах гэхээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээр хамгаалагдчихдаг. Мөн УИХ-ын гишүүн Б.Бейсен байгаа сурагтай. Тэрбээр Баян-Өлгий аймагт иргэдийг группт оруулах нэрээр бусдаас их хэмжээний авлига авсан хэрэгт холбогдоод байгаа.

Ямартаа ч эхний ээлжинд дээрх гишүүдийн эрхийг түтгэлзүүлж магадгүй байна. Ялангуяа МАН-ын удирдлагууд Улсын Ерөнхий прокуророос хэзээ, хэний нэрийг оруулж ирэх бол гэж хүлээж байгаа бололтой. Үүний илрэл бол Ерөнхий сайд залууст амлахдаа “Улсын Ерөнхий прокуророос түтгэлзүүлэх гишүүдийн нэрсийг оруулж ирэх байх” гэж хэлснээс харж болно.

                                                                                                                                   Д.СҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)