Эрүүгийн хуульд оруулахаар болсон нэмэлт өөрчлөлтийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Х.Нямбаатар "Өнөөдөр сонин"-д дараах тодруулгыг өгчээ.
-Эрүүгийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд авилга, албан тушаалын гэмт хэргийн ял шийтгэлийн бодлогыг хэрхэн тусгав. Өнгөрсөн долоо хоногт залуус жагсахдаа авилга, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийддэг байдлыг өөрчлөхийг шаардсан шүү дээ?
-Хууль зүй, дотоод хэргийн яам аливаа хуулийн төслийн боловсруулалтын шатанд иргэд, судлаач, мэргэжлийн холбоодоор хэлэлцүүлж байгаа. Арав гаруй хоногийн өмнө Эрүүгийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлсэн. Авилга, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулан журмаар шийдэхгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан. Үүнээс гадна үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг шинээр томьёолон, тусгаж байна.
-Нийтийн албан тушаалтны өмчид бүртгэлгүй, далд байдаг хөрөнгийг шалгана гэж ойлгож болох уу?
-Өдгөө хүчин төгөлдөр мөрдөж байгаа Эрүүгийн тухай хуулийн хоёрдугаар бүлэгт үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн субъект нь зөвхөн нийтийн албан тушаалтан байдаг. Тэгвэл нийтийн албан тушаалтан үндэслэлгүйгээр олж авсан хөрөнгөө өөрийнхөө нэр дээр бус, бусад этгээдийн нэр дээр байлгавал түүнийг татаж шалгахад төвөгтэй нөхцөл байдал үүсдэг. Тиймээс үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг гэмт хэргийг тусад нь зүйлчлэн тусгасан.
Хүн өөрийн өмч хөрөнгөө шударгаар олж авах эрхийг нь Үндсэн хуульд зааж өгсөн. Гол нь тухайн өмч хөрөнгөө шударгаар олж авсан байх ёстой, мөн татвар төлсөн байх ёстой гэдгийг л Эрүүгийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тодотгож, өргөжүүлж оруулж байгаа юм. Тэгэхгүй бол нийтийн албан тушаалтан үнэтэй машин унасан, үнэтэй амины орон сууцанд амьдардаг асуудал олон байна. Энэ асуудалд Эрүүгийн цагдаагийн албанаас судалгаа хийж байгаа.
-Өөр ямар нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа вэ?
-Сүүлийн жилүүдэд цахим төрлийн залилангийн гэмт хэрэг олон үйлдэгдэх болсон. Энэ төрлийн гэмт хэргийг залилангийн ердийн хэлбэрээр зүйлчлэн шалгаж, ял ногдуулахад Эрүүгийн тухай хуулийн зарим агуулга заримтай зөрчилдөх болсон. Мэдээллийн эх сурвалжийг ашиглан зах зээлд зориудаар үнийн хөөрөгдөл үүсгэх, үгсэн хуйвалдах зэрэг асуудалд шинэ зохицуулалт мөн оруулж байгаа.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13