Нийслэлчүүд бидний араншин юм аа. Өдөр бүр хог шороо, өтгөн шингэнээрээ бузарласаар Богд хан уулынхаа ариун дагшин байдал, зэрлэг онгон байгалийн тусыг мартаж орхижээ. Байгалийн зэрлэг онгон төрх, цэвэр агаар нь бетонон ширэнгэ гэгдэх болсон нийслэлийн ард түмэнд нэн хэрэгцээтэй болоод байгаа. Тэгвэл Богд хан уул маань хот доторх байгаль бөгөөд Улаанбаатар хотын хүн амьдрахад хамгийн таатай хамгийн сүүлийн цэг болон үлдсэнийг та бид харж байна. Тиймдээ ч хөрөнгөтнүүд, эрх мэдэлтнүүд Богд ууланд алга дарам газартай болохын төлөө амь улайран уралдаж байгаа. Өвлийн тэсгим хүйтэн өдрүүдийн битүү хар утаа уугисан Улаанбаатарын орчимд зөвхөн Богд ууланд тэнгэр цэлмэг, агаар цэнгэг байдаг нь эрх мэдэлтнүүдийн шуналын галыг ноцоох болжээ. Жаргалант, Арцат, Их, Бага тэнгэр, Зайсан, Нүхт, Төр хурх, Шажин хурхын ам руу хөрөнгөтнүүд шунан дайрч, шавж буй нь өвлийн их утаа, агаар, хөрс, дуу чимээний бохирдолд доройтсон нийслэлээс ангид, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, үр хүүхдээ өсгөн бойжуулах гэсэн хүн төрөлхтөний их совингоо дагасных буй за.
Хүүхдийн төлөө за гэж дуугарсаар даруй 30 оныг элээсэн ч Улаанбаатар өнөөдөр нялхаст хамгийн харгис хот хэвээрээ. Явган хүний замгүй нийслэлийн хүүхдүүд хичээлдээ явахаар гараад зам дээр нялга дайруулахаас Улаанбаатарын харгислал эхэлнэ. Зөвхөн томуугийн дэгдэлтийн улиралд агаарын бохирдлоос улбаалан мянга, мянган хүүхэд “зүүний үзүүр дээр будаа тогтох” төдий тийм ховор, нандин, юугаар ч орлуулшгүй хувь тохиолоосоо хагацаж байна. Хүн төрлийг олно гэдэг хамгийн дээд ерөөл юм бол Улаанбаатар хот хагацлын их сав газар юм биз ээ.
Хариуцлага, хямрал, хэмнэлтийн тухай ярьж, шаардаж буй энэ гэгээн өдрүүдэд хүүхдүүдэд, нийслэлийн 1.5 сая хүнд нэн тустай нэг саналыг дэвшүүлье. Их тэнгэрийн амыг гуравхан гэр бүлд бус гурван зуун мянган хүүхдийн хэрэгцээнд авъя.
Их тэнгэрийн аманд лав хоёр сая хүн босоогоороо багтана. Гэтэл төрийн тусгай хэрэгцээ гэх халхавчаар гуравхан гэр бүлийн ганцхан хүн амьдарч байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ам бүл дөрөв, УИХ-ын дарга Г.Занданшатарын ам бүл зургаа, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ам бүл тав гэхээр нийт 15 хүнд Их тэнгэрийн ам хэмээх эрүүл, аюулгүй 120 га газар оногдож байгаа нь энэ. Энэ 15 хүн Их тэнгэрийн аманд аялахгүй, үйлдвэрлэл үйлчилгээ явуулахгүй, өөр юу ч хийхгүй зөвхөн хоног төөрүүлэх хотелийн зарчимаар ашиглаж байдаг. Энэ 15 хүнийг тэр 120 га газарт амьдруулахын төлөө төсвийн ямар хэмжээний хөрөнгө хэрхэн урсаж байдгийг тааварлашгүй. Үнэн хэрэгтээ У.Хүрэлсүх, Занданшатар, Оюун-Эрдэнийн гэр бүлийн 15 хүнийг төрийн өндөр дээд гэж тодотгоод тансаг амьдруулахад гурван айлын газар дээр хоёр давхар хаус тус бүр нэгийг бариад оруулчихад ёстой хүрээд илүү гарна байх. Гэтэл Улаанбаатар хотын 700 мянган эмэгтэйд ердөө 5-хан төрөх эмнэлэг үйлчилдэг бол дүүргийн Эрүүл мэндийн төвүүдтэйгээ нийлээд наймхан эмнэлэг 300 мянган хүүхдэд эмнэлгийн тусламж хүртээж байгаа. Ёстой харьцангуй ойлголт, хол тасарсан амьдрал гэдэг энэ байх.
Төрийн өндөрлөгүүд үнэхээр улс эх орныхоо төлөө хэмнэх тухай ярьж байгаа бол, хэмнэхийг хичээж байгаа юм бол өөрсдөөсөө эхэл, үлгэрлэ. Миний мэдэхээр Ерөнхийлөгчийн амьдарч буй ордонд лав 150 хүүхдийн ор тулах хангалттай зай бий. Нэмээд Ерөнхий сайд, УИХ-ын даргын харш, Нарантуул бусад обьектийг оруулаад тооцвол хоёр мянган хүүхдийг нэг дор хүлээн авах хүчин чадалтай эмнэлгийн орчин бий болох боломж бий. Дээрээс нь тэр уулын ам хамгийн эрүүл, хамгийн аюулгүй, хамгийн цэнгэг, хүүхдэд хамгийн ээлтэй орчин болно гээд бод. Төрийн гурван өндөрлөгийг эрхлүүлдэг урсгал зардлаар эмнэлгийн эмч ажилтнуудыг цалинжуулахад дүндээ дүн болох болов уу. Энэ тухай, Их тэнгэрийн амны тухай тун удахгүй цуврал сурвалжлага бэлтгэн хүргэх болно. Яг хэдэн төгрөг үрж байдаг, төрийн гурван өндөрлөг түүний гэр бүлийн 15 хүнд нийт хэдэн хүн үйлчилж байдаг, 15 хүнд хэдэн метр квадрат харш оногдож байгаа гэх мэтээр сонирхол татсан, үнэнийг хайсан сурвалжлага байх болно. Төрийн өндөрлөгүүдээ ад үзсэн юм биш түмний үрсийн эрүүл мэнд, амь нас маш чухал байх тул эрхэм түшээдэд энэ санаачилгыг хүргүүлье.
Их тэнгэрийн ам бол иргэдээсээ нуугддаг нүх биш, хуучин нийгмийн 1951 онд тогтоосон эрх, ямбатны жишиг юм билээ шүү.
Үргэлжлэл бий...
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13