
УИХ-аас Хөгжлийн банктай холбоотойгоор Хянан шалгах Түр хороо байгуулахаар болсон. Тус бүрэлдэхүүнд ажиллах УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс тодруулга авлаа.
-УИХ-аас Хөгжлийг банкыг шалгах 11 гишүүний бүрэлдэхүүнтэй Хяналтын түр хороо байгуулахаар яригдлаа. Энэ бүрэлдэхүүн ямар үүрэгтэй ажиллах вэ?
-Хянан шалгах Түр хороо хараахан байгуулагдаагүй байна. Уг хороог байгуулъя гэсэн саналыг дэмжиж гишүүд гарын үсэг зурсан. Миний хувьд мөн дэмжиж гарын үсэг зураад байна. Түр хороо Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, судлаж тодорхой мэдээллийг цуглуулж боловсруулаад санал гаргаж байнгын хороо болон УИХ-д өргөн барьж хэлэлцүүлнэ. Хөгжлийн банктай холбоотой асуудлуудыг судалж, арай өргөн хүрээнд ажиллах юм. Дараагийн процесс хууль хяналтын байгууллагад шилжинэ гэсэн үг.
-Таны хувьд Түр хороо ажлаа хийгээд эхэлбэл Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой асуудалд юуг голчлон анхаарах вэ?
-Хөгжлийн банк Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх хүрээнд хөрөнгө оруулж чадахгүй байгаа, стратегийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа, импортыг орлох бүтээгдэхүүнийг нэмэх зорилготой. Гэтэл ямар нэг үйлдвэрлэл хөгжүүлнэ гэж зээл авчихаад зориулалтын бусаар ашиглачихсан. Өөр бизнест зээлийн мөнгийг оруулсан тохиолдол их бий. Тэр бол хуулийн дагуу тодорхой хариуцлагыг нь хүлээлгээд явах байх. Дээр нь барьцаа хөрөнгөгүй, банкны шалгуурыг давж чадахгүй байхад хүчээр давуулаад лоббидсон зээлүүд мөн хуулийн дагуу шалгагдаад явах байх. Харин ямар учраас яагаад зээлээ төлөх боломжгүй болов, үнэхээр зээлийн зориулалтын бусаар зарцуулсан уу гээд асуудал хаана байгааг тогтоох чухал.
Намайг тухайн үед Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед Хөгжлийн банк байгуулагдаж байсан. Зуун мянган айлын орон сууц зэрэг, автозамын сүлжээ бий болгох, нийслэлийг аймгуудтай холбох, хотын дахин төлөвлөлт зэрэг маш олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байсан. Тэр үед нийслэл бизнес эрхлэгчдээ Хөгжлийн банкны зээлд хамруулахаар дэмжиж байсан. Гэсэн хэдий ч тухайн үед Хөгжлийн банканд менежментийн баг ажиллаж, Солонгос захиралтай байсан. Уг Солонгос захирлыг давж чаддаггүй л байсан. Яагаад гэхээр энэ цэвэр бизнесийн чиглэлээр явах ёстой. Танайх бол төрөөс гаргаж ирж байгаа бодлого. Бид төрийн бодлого руу мөнгө оруулах гээд байна гэдэг. Тухайн үед ийм л зарчимтай байлаа.
Нөгөө талаар цемент, ясны үйлдвэрүүд гээд эзэд нь яриад байгаа харагдсан. Үнэхээр цар тахал, валютын ханш нөлөөлж хүндрэл үүссэн бол хэцүү. Ялгааг нь л олж харах хэрэгтэй байх л даа.
-Гэтэл Хөгжлийн банкны зээл хувийн хэвшлийнх, төрийн өмчийнх гээд хоёр хуваагдчихлаа. Төрийн өмчийн компаниудыг төр мэдэлдээ аваад эхэлчихлээ. Төр зээлийг нь төлөх гээд байна гэж ойлгогдох боллоо?
-Төрийн өмчийн компани авчихсан байгаа бол төр өөрөө л зээл авсан байна. Менежментийг нь буруу хийсэн, зээлээ үр дүнгүй зарцуулсан бол төр өөрийнхөө ар хөл болж байгаа үйлдвэрийн дарга, захиралтай зэрэг хүмүүстэйгээ зайлшгүй тооцоо хийх хэрэгтэй. Мэдээж төрийн өмчит компани зээл авсан бол төр л төлж таарна. Үүнд би өөр гарц олж харахгүй байна.
-Гэхдээ чанаргүй зээлийн 1.6 их наяд төгрөгийн гуравны нэг нь төрийн өмчит компанийн өр шүү дээ. Ард түмний татварын мөнгөөр хэн нэгний энэ их идэж, уусан мөнгийг төлөх нь зөв гэж үү?
-Үүний цаана хариуцлага л ярих ёстой. Тухайн үед хэн хувьчлал хийсэн, эсвэл компани авсан зээлээ өөр бизнест зарцуулсан байна уу гэдгийг л сайн шалгаж тогтоох хэрэгтэй.
-УИХ-ын гишүүд Хөгжлийн банкны зээлтэй холбогдсон. Эдгээр гишүүдийг түтгэлзүүлэх асуудал яригдаад эхэлсэн. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Эхнээсээ гишүүд түтгэлзүүлэх хүсэлтээ өгөөд явж байгаа. Энэ дагуу холбогдох мэдэгдэл, шийдвэр нь гараад явах байх. Мэдээж шалгуулах нь зөв. Хөгжлийн банкны асуудал олон нийтэд ил болчихсон учраас УИХ-ын гишүүд шалгуулахгүй гээд гүрийгээд байхгүй байлгүй. Цаг хугацааны л асуудал бий.
Д.ДАВААСҮРЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ХУУЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАЖ БАЙ...
tentsver.mn | 8 цагийн өмнө

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний ит...
tentsver.mn | 12 цагийн өмнө

Э.БАТШУГАР: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сай...
tentsver.mn | 12 цагийн өмнө



























