Эдийн засагч Г.БАТЗОРИГ: Монголд гурван хүн тутмын нэг нь ядуу байсал бол одоо хоёр хүн тутмын нэг нь ядуу болох ойрхон байна

Admin | 2022-04-17


Манай улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, инфляцын талаар эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.

-Ам.долларын үнэ өссөнтэй холбоотойгоор эдийн засаг хүндэрч буй энэ үед Засгийн газраас ямар арга хэмжээ авах нь хамгийн оновчтой вэ?

-Засгийн газрын түвшинд ам.доллар олж ирэх л хамгийн эхний хийх ажил болоод байна. Ам.доллар оруулж ирснээр валютынхаа ханшийг тогтворжуулна. Мөн нийлүүлэлтээс бий болсон үнийн өсөлтийг саармагжуулах юм. Хоёрдугаарт, хил гаалийн асуудлаа шуурхайлах хэрэгтэй. ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар “Боомтуудын нөхөн сэргээлт болон гарцыг нэмэгдүүлье” гээд хил дээр ажилласан. Энэ ажлаа хүндрэхээс нь өмнө буюу 2020, 2021 онуудад л хийх ёстой байсан юм. Засгийн газрын хувьд хийх ёстой ажлуудаа одоо л хийж эхлэх гэж байна.

-Тэгвэл аж ахуй нэгж, айл өрхүүд яаж энэ хүнд үеийг хүндрэл багатай туулах вэ?

-Засгийн газар бодлогоо тодорхой гаргасны дараа үүнтэй уялдуулж ААН-үүд  шийдвэр гаргадаг. Иймд Засгийн газар бодлогоо л шуурхай тодорхойлох хэрэгтэй. Эдийн засгийн хямралтай үед ААН-үүдэд санхүүжилтийн зардлууд хамгийн эхэнд тулгарна. Сая бодлогын хүү өссөн. Тэгэхээр санхүүжилтийн зардал 20-30 хувь нэмэгдэх байх. Санхүүжилтийн зардал нэмэгдэхээс нь өмнө буюу хүү бага байгаа дээр нь нэг жилийн хугацаатай зээл авах арга байна. Тэгж байж санхүүжилтийн ачааллаа бууруулах нь байна шүү дээ. Хоёрдугаарт, ложистик буюу тээврийн асуудал. Уг асуудлыг бид шийдэх боломжгүй учир ААН-үүд хүлээж авахаас өөр аргагүй. Үндэсний үйлдвэрлэгчид, худалдааны компаниуд түүхий эдээ гаднаас татдаг. Гэтэл тээвэр ложистик удаашралтай байгаа нь үнийн өсөлтийн нэг шалтгаан болоод байна. Тиймээс хүү багатай байгаа дээр нь эртхэн зээл авах, тээврийн асуудал дээр эрсдэлээ тооцоод бага татан авалт хийх хэрэгтэй. Гэхдээ энэ бүхэн компани болгонд харилцан адилгүй.

-ААН-үүд борлуулалтын орлогоо хэрхэн тогтвортой байлгах вэ. Энэ цаг үед хөрөнгө оруулалт хийх нь зохимжтой юу?

-Хөрөнгө оруулалтын бодлого тэр дундаа барилгын салбарт хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол түр азнах хэрэгтэй гэж зөвлөе. Борлуулалтын орлогын тухайд худалдан авах чадвартай масс нэлээн буурсан учир зорилтот зах зээлээ тодорхойлоод тогтсон харилцагчдаа /care/ хийх буюу халамжлах нь чухал. Тэгж байж борлуулалтын үндсэн орлогоо тогтвортой байлгаж хадгалж үлдэнэ. Дүгнээд хэлэхэд ААН-үүд эрсдэлд суурилсан, хэмнэсэн төлөвтэй л бай гэсэн үг.

-Айл өрхүүдийн хувьд?

-Нийт ажилчдын 70 гаруй хувь нь 800 мянга хүртэлх цалин авдаг гэсэн судалгаа бий. Тиймээс айл өрхийг тэг, ингэ гээд байх нь асар хэцүү. Монголчуудын дийлэнх хувь нь цалингийнхаа талыг банкны зээлд өгдөг. Үлдсэн хэдэн төгрөгөөрөө хоол унд, хэрэглээгээ арай ядан хүргэдэг. Олж байгаа орлого нь тогтвортой хэдий ч инфляц, валютын ханшийн өсөлттэй байгаа учир худалдан авах чадвар асар муудсан. Иргэд цөөн хэдэн нэр төрлийн бараа хэрэглэдэг болсон. “Хэмнэ” гэж хэлсэн хэлээгүй хэмнэлтийнхээ горимд аль хэдийнээ шилжчихсэн байгаа. Мөн хямралын энэ үед өрхийн орлого олж буй гишүүд боловсролдоо анхаарч хөрөнгө оруулах нь чухал байна. Тэгж байж дараагийн эдийн засгийн өсөлттэй үед илүү сайн ажил хийж цалин өндөр авч санхүүгийн асуудлаа шийдэх боломж бүрдэнэ.

-Төр хэмнэлтийг том жийп машинуудаас эхэлнэ гэлээ. Энэ үнэхээр хэмнэлт байж чадах уу?

-Жийп машин унахаа больсноор 11 тэрбум төгрөгийг л хэмнэнэ гэсэн байсан. Гэтэл улсын төсөв 15-18 их наяд төгрөг. 11 тэрбум бол нэг томоохон байгууллагын зээлийн л дүн. Тэгэхээр өндөр дүн бол биш. Гэхдээ тэр том жийпийг унахаа больсноор яг юу бодитой өөрчлөгдөх талаар ойлгохгүй л байна. Хэрэглэхгүй байлаа гээд тэр машинууд хэвтэх үү, эсвэл дотоодын зах зээлд зарах гээд байгаа юм уу, зараад приус авах гээд байгаа юм уу гэдэг шугам нь ойлгомжгүй байна.

-Тэгвэл хэмнэх хамгийн үр дүнтэй аргыг юу гэж харж байна вэ?

-“Хэмнэе” гэдэг хамгийн том үр дүнтэй арга бол төсвийн тодотгол. Төсвийн тодотголд шахааны, буруу замын янз бүрийн төслүүд орчихсон байдаг. Тэдгээрийг сайн нягтлаад Хөгжлийн банкны асуудал шиг анхнаасаа чанаргүйтэх нь тодорхой төслүүд байна уу, үгүй юу гэдгийг сайн шалгах хэрэгтэй. Хэдэн их наядаар яригдаж буй төсөлд хэмнэлт яриагүй байж тэрбум дээр хэмнэнэ гэдэг үр дүн багатай л байгаа юм.

-Жагсаалын үеэр Ерөнхий сайд эдийн засгийг тогтворжуулна гээд амлачихсан. Гэтэл уг асуудал төрийн олон жилийн шийдэж чадаагүй асуудал шүү дээ?

-Үнийн өсөлтийн асуудал бол богино хугацаанд шийдэгдчих асуудал биш. Энэ бүх үр дагаврууд бидний бодлого буруу байсны үр дүн. Хилээ хаачихвал коронавирус орж ирэхгүй, коронавирусыг вакцинаар дарчихвал эдийн засаг хэвийн болчихно гэх мэт гал унтраах зорилготой богино хугацааны үр дүнгүй шийдвэрүүдийн л тусгал. Дэлхийн улс орнуудын репортууд дээр ковидын дараах нөхцөл байдал бүр илүү хүнд шүү гэж зарласан. Нэн ялангуяа хөгжиж буй орнуудад хүндээр тусна гэж анхааруулсаар байтал манай улс ковидын дараах урт хугацааны ямар ч бодлого авч хэрэгжүүлээгүй. Үнийн өсөлтийг бууруулах нь хил гаалийн асуудлаа шийдвэрлэхээс л эхэлнэ. Бид яах гэж Засгийн газар байгуулж байгаа билээ. Эдгээр асуудлыг шийдвэрлүүлэх гэж л байгуулж байгаа шүү дээ.

-Хэрэв бид ийм байдалтай удаан үргэлжилбэл өөр ямар цохилтод орох эрсдэлтэй вэ?

-Үнийн өсөлт замбараагүй болсон энэ үед нийгэм дэх хамгийн чухал байр суурийг эзлэгч буюу татварыг бүрдүүлдэг, ажлын байрыг бий болгодог, нийгмийн үзэл санааг тодорхойлогч дунд давхарга цөөрөх эрсдэлтэй. Одоо Монголын гурван хүн тутмын нэг нь ядуу байна. Цаашдаа хоёр хүний нэг нь ядуу болох эрсдэл нүүрлэнэ л гэсэн үг. Дундаж давхарга байхгүй болбол татвар байхгүй болно, ажиллах хүч байхгүй болно, популист амлалт дээр суурилсан, халамж хүссэн дүр зурагтай нийгэм бий болно. Венесуэл улсын жишээгээс харахад нийгмийн хоёр давхаргатай буюу хэт баян, хэт ядуу гэсэн давхаргад шилжвэл ямар үр дагавартайг бид бүгд мэдэж байгаа. Тийм учраас үр дүнтэй арга хэмжээг авах шаардлага үүсэж байна. Засгийн газрын зүгээс тодорхой байдлыг бий болгосны дүнд иргэд , ААН бодлогын дагуу удирдагдаж явна. Тэгэхгүй асуудал үүссэний дараа асуудлын араас хөөцөлдөх нь бүр дорой болох нөхцөлийг бүрдүүлээд байна.

-Бидэнд  үйлдвэрлэгч орон болох боломж бий юу?

-Үйлдвэрлэгч орон гэх ойлголт аж үйлдвэржилтийн хувьсгалын дараа гарч ирсэн ойлголт юм л даа. Чили улс манай улсаас 60 гаруй жилийн урд явж байгаа. Гэвч ийм улс уул уурхайн салбараас гарч чадаагүй байгаа юм чинь бид үйлдвэрлэгч орон болох мөрөөдлөөсөө түр салах хэрэгтэй. Түүний оронд хүний нөөцийн боломжоо ашиглаж IT-гийн үйлчилгээг гадагш гаргах хэрэгтэй. Тэгснээр орон зай, цаг хугацааны хамааралгүй гаднаас ам.доллар орж ирнэ. Оюуны салбараа экспортлох нь бидний хамгийн том боломж. Хоёрдугаарт хөдөө аж ахуйн нөөцөө эцсийн бүтээгдэхүүн болгож экспортод гаргах. Үйлдвэрлэл гэдэг зүйл нөөцөд тулгуурлана. Нөөц хаана байна вэ гэхээр хөдөө аж ахуйд л байна.

-Саяхан “Эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлого” чуулган болсон. Тус чуулганаас үр дүн харагдав уу?

-Урт хугацааны бодлого буюу “Алсын хараа-2050”-ын хүрээнд шинэ сэргэлтийн бодлого гээд хөтөлбөр гарч ирж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд Монголын эдийн засгийн байдлыг 3-4 дахин нэмэгдүүлэх зорилттой, том том төслүүд хэрэгжүүлэх талаар ярьсан байсан. Гэтэл энэ бүхний эх үүсвэр, санхүүжилт нь хаана байна. Эх үүсвэр нь гэхэд л манай улсын ДНБ-тэй тэнцэх хэмжээний эх үүсвэртэй байх жишээтэй. Дотоодоос мөнгө босгох гэхээр алга байна. Гаднаас мөнгө гуйя гэхээр өр ихэдсэн байна. Хэчнээн гоё юм яриад санхүүжилтээ шийдэж чадахгүй бол тэр хий хоосон мөрөөдөл болно. Харин дэвшилттэй зүйл нь байгаа нөхцөл байдлаа маш сайн үнэлсэн байсан. Хот бол дэд бүтцийн хямралд орсон, түгжрэл ихэдсэн, том усан цахилгаан станцууд явах ёстой гэх мэт асуудлуудаа маш сайн харсан байсан. Алсаа харж ярих нь зөв. Гэхдээ түүнийгээ урт, дунд, богино хугацааны бодлогууддаа оруулж уялдуулж өгөх хэрэгтэй юм болов уу л гэж бодож байна. Эдийн засаг байшингаар бодоход шатаад дуусаж байна. Нэгэнт шатаад дуусаж байгаа зүйл дээр шинэ сэргэлт яриад нэмэргүй.                                                  

                                                                                                                                                                                           А.МӨНХНАРАН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)